Болгарын археологчид “цус сорогчийн булш” хэмээн нэрлэгдсэн нэгэн булшийг олжээ. Энэхүү булшнаас эрдэмтэд хавирга хооронд нь төмөр царил сүлбэсэн хүний араг яс олсон байна.
Профессор Николай Овчаров эртний соёл иргэншлийн нууцыг тайлахын тулд бүхий л амьдралаа зориулжээ. Тэрбээр Грекийн хилээс холгүй орших, Болгарын өмнөд зүгийн Перперикон хэмээх эртний хотын малталт дээр ажиллаж байсан гэнэ.
Хүмүүс энэ газар манай эринээс өмнө 5000 жилийн тэртээ амьдарч байсан ч энэ газрыг ердөө хорин жилийн өмнө л олжээ. Энэ хотоос эрдэмтэд Грекийн Дионис бурхны сүмийн үлдэгдэл, янз бүрийн бэхэлгээ, санваартны хэрэгсэл мөн хэд хэдэн “цус сорогчийн булш” олсон байна.
Цус сорогчоос хамгаалах зан үйлийн дагуу булшлагдсан олдворыг олсон гэдэгтээ бид эргэлзэхгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт профессор Овчаров маш сайн хадгалагдан үлдсэн дундад зууны үеийн булш олсон гэж мэдэгдээд “цус сорогчоос хамгаалах зан үйлийн дагуу булшлагдсан олдворыг олсон гэдэгтээ бид эргэлзэхгүй байна” хэмээжээ.
Эрдэмтдийн тайлбарласнаар цус сорогч гэж тооцогдсон хүнийг нас барсных нь дараа цээжинд нь төмөр царил зоосон байна. Ингэснээр үхдэл амилж, булшнаасаа гаран хор хөнөөл учруулахгүй гэж эртний хүмүүс итгэдэг байжээ.
Мөн зарим тохиолдолд амиа хорлох зэргээр ер бусын нөхцөл байдлаар нас барсан хүмүүсийг цус сорогч гэж үздэг байсан хэмээн профессор өгүүлжээ.
Энэхүү булшин дахь араг яс нь 40-50 орчим насны эрэгтэй хүнийх байсан бөгөөд түүний цээжинд төмөр царил сүлбэснээс гадна зүүн хөлийг нь тасдан тусад нь оршуулсан байсан гэнэ. Ингэснээр 13-р зууны эхэн хагаст амьдарч байсан хүмүүс өөрсдийг нь айлгагч хүнийг нэг мөр аюулгүй болгохоор шийдсэн бололтой.
Дашрамд дуулгахад энэхүү олдвор нь профессор Овчаров болон түүний багийнхны олсон цорын ганц сонирхолтой олдвор биш гэнэ. Цус сорогчийн булшнаас холгүйхэн тэд эмэгтэй, бяцхан хүүхдийн булш олжээ. Араг ясны үлдэгдлийн аялал нь Да Винчийн хүүхэд тэвэрсэн Гэгээн Мариягийн зургийг санагдуулахуйц байсан гэнэ.
Нутгийн оршин суугчид тухайн үед хотыг бүхэлд нь бүрхээд байсан тахлаас өөрсдийгөө хамгаалахын тулд эх, хүүхэд хоёрыг золиослон, ийнхүү оршуулсан гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!