О.Магнай: Нөгөөдөр болох шүүх хуралд шүүгчдийг ёс зүйтэй ажиллах шаардлага тавьж байна
“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын дарга О.Магнай цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд дараах мэдээллийг хийлээ.
ЭНЭ САРЫН 15-НД ШӨХТГ БОЛОН АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО
Арилжааны банкууд хэрэглэгчдээс их хэмжээний шимтгэл авч байна гэсэн гомдлын дагуу өнгөрсөн хавар ШӨХТГ-аас нэр бүхий 13 арилжааны банкинд шалгалт хийсэн билээ. Уг шалгалтаар Кредит банкнаас бусад 12 арилжааны банк зээлдэгчээс нийт үнийн дүнгийн 0.25-1 хувийн шимтгэл авч байгаа бөгөөд үүн дээр нэмээд нэгээс 40 мянган төгрөгийн хураамж авч байгаа зөрчил илэрсэн.
Зөрчлийг арилгуулахаар тус банкуудад албан шаардлага хүргүүлсэн боловч арилжааны банкууд үүний эсрэг нэгдэж шүүхэд ханджээ.
Шүүх хурал энэ сарын 15-ны өдөр болох юм.
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Хэрэглэгчдээс авч буй энэ хууль бус шимтгэл, хураамжаа банкууд үйл ажиллагааны зардал гэж тайлбарлаад байгаа. Гэвч нэг тэрбум болон хоёр тэрбум төгрөгийн зээл хооронд үйл ажиллагааны зардлын зөрөө нэг их үүсэхгүй байхад шимтгэл, хураамжийн хэмжээ хоёр дахин өсөж байдаг.
Мөн энэ асуудалд шүүх шударга бус хандаж байгаад сэтгэл хангалуун бус байгаа учир нөгөөдөр болох шүүх хуралд шүүгчдийг ёс зүйтэй ажиллах шаардлага тавьж байна” гэв.
ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ 5 ТӨГРӨГӨӨР НЭМЭХ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ
Эрчим хүчний зохицуулах хороо өнгөрсөн долоодугаар сарын 21-ний өдөр айл өрх, албан байгууллагын 1кв.ц-ийн цахилгааны үнийг таван төгрөгөөр нэмэгдүүлэх тогтоол гаргасан.
Эрчим хүчний үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зургаан монополь аж ахуй нэгж ШӨХТГ-аас зөвшөөрөл авалгүй эрчим хүчний үнийг нэмэгдүүлж эхэлсэн нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн үйл явдал болжээ. Тиймээс наймдугаар сарын 10-ны өдөр ШӨХТГ-аас уг тогтоолыг хүчингүй болгох албан бичиг хүргүүлсний дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос дээрх тогтоолыг хүчингүй болгосон байна. Ингэснээр айл өрх, аж ахуй нэгжийн цахилгааны үнэ хуучин хэвэндээ орж байгаа юм. Үүнтэй холбоотой өнгөрсөн нэг сарын нэмэгдэл үнийн зөрүүг нөхөн олгох талаар судалж байгаа бөгөөд мөнгөн хэлбэрээр олгох боломжгүй тул дараа сарын төлбөрөөс хасаж тооцох асуудал яригдаж буй аж.
“АНХ ХОРТОЙ ГЭЖ ЗАРЛАЧИХААД ОДОО ХОРГҮЙ ГЭЖ БАЙГАА НМХГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ”
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас манай улсад хэрэглэж буй хүнсний нэмэлт бодисын тандалт судалгаа хийсний дагуу элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөг, багтраа өвчин үүсгэдэг, бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг Е123, 127 хүнсний нэмэлтүүдийг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүд хэрэглэж байсан нь тогтоогдсон.
"Анх хортой гэж зарлачихаад одоо хоргүй гэж байгаа НМХГ хариуцлага хүлээх ёстой"
Гэсэн хэдий ч НМХГ-аас үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний нэрсийг хүндэтгэх үүднээс нууцалж, хэрэглэгчдэд мэдэгдэх боломжгүй гэж мэдэгдэж байсан билээ. Энэ асуудлаар удахгүй нарийвчилсан шалгалт хийгээд шалгалтаар дахин хэрэглэж байгаа нь илэрвэл зарлана гэсэн боловч саяхан энэ мэдэгдлээ няцаажээ.
Үүнтэй холбоотой ШӨХТГ-ын дарга О.Магнай “Энэ бол хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа асуудал. Анх хортой гэж зарлачихаад одоо хоргүй гэж байгаа НМХГ хариуцлага хүлээх ёстой” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
