Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Битүү морь” тодорсон утга зохиолын салбар дахь Нобелийн шагналын дуулиан

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 10 сарын 13
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналын эргэн тойронд

2014 оны 10 сарын 9-ны Пүрэв гаригт Монголын цагаар 19:00 цагт утга зохиолын салбарын Нобелийн шагналтан тодорсон билээ.

Нобелийн энх тайвны шагналыг эс тооцвол шинжлэх ухааны бусад салбартай харьцуулахад утга зохиолын “нобельтон” тодрох мөч олны анхааралд хамгийн их өртдөг, дэлхийн өнцөг булан бүрийн утга зохиолын хорхойтнууд, уншигчдын хувьд хайртай зохиолчоо хөгжөөн дэмжих, утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналын эзэн болохыг гэрчлэх түүхэн мөч байдаг юм.

Швед дэх Нобелийн хорооны зүгээс эцсийн мөч хүртэл шагналын эзний нэрийг чандлан нууцладаг тул утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг хэн авах бол гэсэн таамгийг шүүмж судлаач, утга зохиолын хорхойтнууд дор бүрнээ гаргаж, санал өгч, тэрхүү таамаглалын магадлалыг аль нэг байгууллага тооцож гаргах зэргээр чамгүй дуулиан, шуугиан болдог.

Энэ жилийн хувьд Японы зохиолч Харуки Мураками, Кенийн зохиолч Нгуги Ва Тионг’о, Беларусийн зохиолч, эрэн сурвалжлах сэтгүүлч Светлана Алексиевич, Сирийн яруу найрагч, зохиолч Адонис дөрөв Нобелийн шагнал гардаж авах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр тодроод байв.

Түүнчлэн нэр дэвшигчдийн жагсаалтад өдгөө 81 насыг зооглоод буй Америкийн романч Филип Рот, орчин цагийн хамгийн жигтэй зохиолчдын нэг гэгддэг Америкийн зохиолч Томас Пинчон, Канадын зохиолч Маргарет Атвүүт, алдарт романч Салман Рушди, Чехийн утга зохиолын тод од Милан Кундера, Солонгосын яруу найрагч, хүүрнэл зохиолч Ко Ун зэрэг үгийн урлагийн мастерууд чуулж байв.

Японы зохиолч Харуки Мураками

Муракамичуудын гонсойлт

Энэ жилийн хувьд Японы зохиолч Харуки Мураками гурав дахь жилдээ Нобелийн шагнал авах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчээр тодроод байлаа. Түүний дэлхий дахинаар тархсан хэдэн сая шүтэн бишрэгчид нь шинэхэн нобельтон төрөх мөчийг тэсэн ядан хүлээж байв.

Японд бол Рокужиген гэх жазз кафед түүний шүтэн бишрэгчид цугларч, хайртай зохиолчоо хөгжөөн дэмждэг уламжлал тогтоод даруй зургаан жилийн нүүр үзжээ. “Энэ жил гарцаагүй Мураками Нобель авна” гэж хүлээж байсан Муракамичууд дахиад л гонсгор хоцров.

Нобелийн утга зохиолын шагнал нүдээ олдог уу?

Нобель утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал мөн үү гэвэл, гарцаагүй тийм. Харин хамгийн нүдээ олсон шагнал мөн үү гэвэл, бас эргэлзээтэй.

Нобелийн шагналыг Европын зохиолчид авах магадлал өндөртэй байдаг, тухайн зохиолч алдартай, олон уншигчтай байх тусам Нобель авах магадал буурдаг, Америк зэрэг өөрсдөө шагналын өндөр тогтолцоотой орноос нобельтон төрүүлэхдээ тун дурамжхан байдаг гэхчилэн үгийн урлагийн мөн чанарт төдийлөн хамаагүй “шинж”-үүд энэ шагналаас үе үе цухалздаг нь нууц биш.

Харуки Мураками, Филип Рот, Милан Кундера, Салман Рушди зэрэг үгийн урлагт хэдийн нэр мандсан зохиолчид хоосон хоцорч байгаа нь эд шагнал авах хэмжээний зохиолчид биш гэсэн үг хараахан биш, ердөө шагнал болгонд байдаг аз, эз, тухайн жилийн нөхцөл байдал, шүүгчдийн бүрэлдэхүүн зэрэг “хөдлөнгийн” шалтгаанууд ч утга зохиолын нобельтон тодроход нөлөөтэйг л гэрчлэх юм.

Францын зохиолч Патрик Модиано

2014 оны утга зохиолын салбарын нобельтон Патрик Модиано гэж хэн бэ?

Энэ жилийн хувьд утга зохиолын шүүмж судлаач, уншигч, хорхойтнуудын таамагт төдийлөн байгаагүй, англи хэлт утга зохиолын ертөнцөд төдийлөн танигдаагүй “битүү морь”, Францын зохиолч Патрик Модиано “Хүний хувь тавилангийн үл тайлагдах, болзоогүй чанарыг дурсамжаар хөвөрдөн гарамгай туурвиж, эзэрхийлэл доорх хүн төрөлхтний амьдралыг нээн илрүүлсний төлөө” Нобелийн утга зохиолын шагналыг гардан авлаа.

Утга зохиолын салбарын нобельтон тодрох торгон агшинд зохиолч Модиано эхнэртэйгээ зоогийн газар хооллож суусан бөгөөд охин нь түүнд утсаар “баярт” мэдээг дуулгаж, эхнэр нь баярын нулимс унагаж, зохиогч өөрөө ихээхэн сэтгэл хөдөлснөө сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Зохиолч Модиано хүүрнэл зохиолчоос гадна хүүхдийн болоод кино зохиол туурвидаг. Тэрээр хүүрнэл зохиолын бүтээлдээ заримдаа сонингийн нийтлэл, ярилцлага, өөрийн тэмдэглэлээс шууд авч ашигладаг, төрөл зүйлийн хувьд тагнуул туршуултай роман, детектив бүтээл, нуар төрлийн киноноос ч сэдэвлэн хольж бичих нь бий. Түүний зохиол бүтээлд дурсамж, мартахуй, хүний төрөлх чанар, гэм буруу, ялгаатай оршихуйн тухай хүүрнэл чухал байр суурь эзэлдэг.

Тэрээр 1968 онд буюу 23 насандаа анхны хүүрнэл зохиолын бүтээлээ гаргаснаас хойш өдгөө хүртэл 30 орчим томоохон хэмжээний хүүрнэл зохиолын бүтээл туурвисан бөгөөд бүтээлүүд нь 30 гаруй хэлээр орчуулагдан гарчээ.

Түүнийг Guardian зэрэг нэр хүндтэй сэтгүүлд “Орчин цагийн Прүст” хэмээн онцолсон бол, “Патрик Модианогийн ихэнх бүтээл хүүрнэл, тайлалын баялаг чанартай хэдий ч бичлэгийн хэв маяг нь энгийн, хураангуй, номын хуудаснаа зөвхөн шаардлагатай үгсийг л маш урнаар шигтгэн өрдгөөрөө онцгой” гэж шүүмж судлаачид бахдан үнэлжээ.

Ж.ТЭГШЗАЯА

Зураг