
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон зах, худалдааны төвүүдийн чингэлгэн худалдааг өнгөрөгч даваа гарагаас эхлэн хаасан. Тэгвэл тэднийг шийдвэрээ эргэн харж, журмын дагуу ажиллах боломж олгохыг хүссэн хүмүүс жагсаал хийгээд амжсан.
Үүний дүнд мэргэжлийн хяналтын байгууллагынхан жагсагчдын төлөөлөл болон тус захын удирдлагуудыг оролцуулан гурван талт хэлэлцээр хийж, ирэх долоо хоногийн даваа гараг буюу аравдугаар сарын 13-ны өдөр Нарантуулын өргөтгөлийг нээх шийдвэр гаргажээ.
Ингэхдээ зургаан шаардлагыг биелүүлэхийг худалдаа наймаа эрхлэгчид болон захын удирдлагуудад даалгалаа.
Тухайлбал өргөтгөлд худалдаа эрхэлж буй бүх павилоныг вакум хаалгатай болгох, худалдаа үйлчилгээгээ павилоныхоо гадна талд бус дотор талд нь явуулах зэрэг зургаан шаардлагыг тавиад байгаа аж.
Харин худалдаачдын зүгээс павилон, чингэлгийг дулаан, цахилгаанд холбох шаардлага нь биелэх боломжгүй гэдгийг хэлж байлаа.
Ялангуяа цахилгаанаас болж үе үе гардаг галын аюулаас сэрэмжлэх үүднээс павилоноо гэрэл, цахилгаанд холбодоггүй гэдгээ тэд хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!