Худалдаа наймаа бол хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн явагдаж ирсэн харилцаа. Өнөөдөр энэ нь хөгжлийн шинэ түвшинд хүрч технологийн дэвшилтэй хослох болжээ. АНУ болон Барууны өндөр хөгжилтэй орнуудад Amazon, eBay, Rakuten зэрэг онлайн дэлгүүрүүд голлож байгаа бол БНХАУ-ын зах зээлд Алибаба хэрхэн томорч байгааг бид харж байна.
Харин Монголын зах зээлд e-commerce одоо болтол хөгжихгүй байгаа нь ямар учир шалтгаантайг ийнхүү дүгнэж байна.
- Хотжих явц дуусаагүй. Бид нүүдэлчин ард түмэн. Арай гэж цугларч суусан ганц хот маань Улаанбаатар. Тэр нь жижигхэнд тооцогдоно. Өөрөөр хэлбэл ирж очиход цаг, мөнгө их зарцуулагдах орон зайн саад бэрхшээлээс үүдэж хэрэгцээ бий болдог. Гэтэл гэрийнхээ хувцастай гүйж гараад авчих зүйлийг онлайнаар авах нь бөөн чирэгдэл. Тэгээд ч боломж нь байвал гартаа барьж үзээд худалдаж авах нь илүү таашаалтай. Хэрвээ Улаанбаатар шиг олон хотууд байвал зөвхөн нэг хотод байдаг барааг нөгөө хотоос худалдаж авах хэрэгцээ байж болох.
- Шуудан сул хөгжсөн. Хотжилтыг үл хайхран өргөн уудам Монгол орны нэг аймгаас бараа худалдаж авъя гэхэд хүргэлт, хаягжилтын асуудал гарна. Бас л хотжилт муу хөгжсөнтэй холбоотой бид бараг хаягжаагүй. Гудамжны нэрээ мэдэхгүй, нэг байран дээрээ тогтвортой оршин суудаггүй, илгээмж төөрөх будилах, алга болох боломж ихтэй. Үүний нэг нотолгоо нь “Улаанбаатарт байгаа миний аавд” кино. Мөн шуудангийн зардал нь өөрөө гүйгээд ирэхээс өндөр байгаа тохиолдолд яагаад ч нэмэргүй.
- Үйлдвэрлэгч орон биш. Тухайлбал Алибаба нь маш олон жижиг дунд үйлдвэрлэгчдийг бизнесүүдтэй холбож өгч, онлайн захиалга авдаг. Гэтэл бидэнд ингэх хэрэгцээ бараг алга. Ядаж л хот суурин болгон өөр хаана ч давтагддаггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байх хэрэгтэй.
- Төлбөр тооцоо бэрхшээлтэй. Цалингийн карттай болоод удаагүй байгаа Монголчууд одооноос дэлгүүрийн кассан дээр тооцоогоо картаар хийж сурч байна. Харин онлайн тооцоо хийхэд бас л хол байна. Ядаж л арилжааны банкнууд нь нэмэлт Пин код зэрэг шаардлага тавьснаар хүмүүсийг улам үргээж байна. Онлайн худалдаа эрхлэх гэсэн байгууллагуудад тавьдаг шалгуур нь ч өндөр, хүнд суртал ихтэй. Банк хооронд онлайн гүйлгээ явагддаггүй, шимтгэл нь харьцангуй өндөр. Заримдаа онлайн ертөнцийн элдэв эрсдлээс айгаад арилжааны банкууд нь онлайн үйлчилгээний эрх өгөхөөс аль болох зайлсхийгээд байгаа мэт сэтгэгдэл төрдөг.
- Дэмжих бодлого байхгүй. Онлайн худалдаа хөгжих нь тухайн улс орны эдийн засагт эерэг нөлөөтэй байдаг тул улс орнууд дэмжсэн бодлогоо зарласан байдаг. Харин манай эрх баригчид одоохондоо энэ тухай ярих завгүй байгаа бололтой. Өөр олон асуудал байгаа тохиолдолд яриад ч хэрэг байна уу гэж бодогдохоор.
- Итгэлцэл байхгүй. Дээрх бүх хүндрэлүүдийг яаж ийгээд даван тууллаа гэхэд нэг том асуудал нь барааны чанарт итгэх итгэл. Нүдээр үзэж, гараар барьж үзээгүй зүйлдээ мөнгө төлнө гэдэг том эрсдэл. Луйвардуулах, онлайн харагдаж байснаасаа өөр хийц, өнгөтэй, бүр гэмтэл согогтой бараа явуулчихаад “зарагдсан барааг буцаахгүй” гэж гүрийх магадлал тун өндөр.
Боломж бий юу?
Асуудал байгаа газар бизнесийн боломж заавал байдаг. Магадгүй сүүлийн 10-20 жил баруунд хөгжсөн "сонгодог e-commerce" нь манайд тохирохгүй ч өөр хэлбэр, бизнес загвараар Монголын зах зээлд нутагших боломж байгааг үгүйсгэхгүй. Ядаж л биет бус бараа, үйлчилгээний төлбөрийг онлайнаар хийдэг болоход эхлээд анхаарлаа хандуулмаар байна.
Тухайлбал
Ингэж чадвал Улаанбаатрын замын ачааллыг бууруулахад ч нэмэр болох билээ.
Товчхон дүгнэхэд заавал Amazon мэтийн сонгодог e-commerce загварыг шүтэж, сохроор дуурайхгүй, эргэн тойрондоо байгаа асуудлуудыг соргогоор олж хараад зөвхөн Монголд таарсан загварыг олж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!