Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барьсан.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцийг өөрчилж, 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар тусгасан билээ.
Харин Ерөнхий сайдын хийсэн бүтцийн өөрчлөлтийг МАН-ынхан хэлэлцүүлгийн шатанд авч хэлэлцэн бүтцийг илүү сайжруулах, засч залруулах, чамбайруулах ёстой гэж үзэж байгаагаа өнөөдөр илэрхийллээ.
Тэгвэл бие даагч гишүүдийн төлөөлөл болох С.Ганбаатар гишүүн Засгийн газрын шинэ бүтцэд Газар, байгаль орчны яам гэсэн статус байх ёстой гэж үзэж байна.
Тэрбээр хэлэхдээ “Засгийн газрын бүтэц дээр нэг зүйл хэлье. Би өнгөрсөн жил газрын хуулийг эсэргүүцэж, маш их ярьсан. Удахгүй арваннэгдүгээр сард газрын хуулийг шинээр оруулна. Газар бол Монгол Улсын үндэс. Гэтэл газар ханаа, аль яаманд харьяалагдах вэ гэдэг өнөөдөр оньсого хэвээр.
Монгол Улсын Засгийн газар ирж байгаа хоёр жил юу хийвэл ард түмнийхээ эрх ашгийг гүйцэлдүүлж чадах вэ гэдгээ бодох ёстой.
Ний нуугүй хэлэхэд, Барилгын яамны нэг хэлтсийн хаяанд газрын асуудал байгаа.
Гэтэл ОХУ, Казакстан, БНХАУ-д газрын тухай бүхэл бүтэн яам байдаг. Манайд алга. Би шинээр яам бий болго гэж байгаа юм биш. Ядаж Газар, байгаль орчны яам гэж Засгийн газрын бүтцэд оруулаачээ гэж хэлмээр байна.
Юу хийх вэ гэдгээ ерөөсөө ярихгүй юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар ирж байгаа хоёр жил юу хийвэл ард түмнийхээ эрх ашгийг гүйцэлдүүлж чадах вэ гэдгээ бодох ёстой. Юун дээр хүчээ төвлөрүүлэх үү. Ингэж юу хийх нь тодорхой болохын бол ямар бүтэцтэй байж үр дүнд хүрэх үү гэдэг нь тодорхой болно.
Ямар бүтэцтэй болох нь тодорхой болох юм бол энэ бүтцэд шаардлагатай ямар ямар хүмүүс байж болох вэ гэдэг шалгуур нь гарч ирнэ. Үүний дараа энэ хүн Засагт байж болох юм байна, болохгүй юм байна гэж хүнийхээ тухай ярих хэрэгтэй.
Гэтэл өнөөдөр Засгийн газар дээр тэрнийг авч хаяая, энэнийг суулгая, эдний фракцыг оруулъя, гаргая гэж нэн түрүүнд хүнээ ярьж, дараа нь бүтцээ, тэгээд юу хийхээ ярьж байна. Ийм байж болохгүй” гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!