ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гэрэлбат: “Зуслангийн найзууд” жил бүр уулздаг

Ч.Гантулга
2014 оны 9 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
“Зуслангийн найзууд” киноны Цэцэгээ буюу Т.Гэрэлбат

Хоёр салаа гэзгэндээ цэнхэр тууз цэцэглэж, дэрвэгэр даашинз, ганган шаахайгаар гоёсон 14 настай охин “Зуслангийн найзууд” киноны гол дүр. Тэр нэг ч үг хэлдэггүй. Харин нүдээрээ баярласан, хөөрсөн, гомдсон, туниснаа хэлдэг.

“Зуслангийн найзууд” киноны Цэцэгээ буюу Т.Гэрэлбатыг “Дэлгэцийн танил” буландаа урьчихаад, тэр л харцыг нь төсөөлөн бодож байлаа. Гэтэл яг хэвээрээ шүү.

Цэцэгээ даруухан инээмсэглэсээр манай редакцид зочилсон юм. Өөрийгөө ярихдаа маруухан гэж голж байсан ч киноны тухай, найзуудынхаа тухай ярихдаа нүдэнд нь оч гийж, дуу нь чангарч байсан. Бидний яриа түүний бага наснаас эхэллээ. Т.Гэрэлбат Төмөр замын 51 дүгээр дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч байжээ. Хичээлдээ сайн, нийгмийн идэвхитэй охин байсан гэнэ. Харин тухайн үед кинонд тоглоно гэдэг хүүхдүүдийн хувьд мөрөөдөл байсан гэв.

Урлаг дэндүү чанга, хатуу байсан учир хүссэн бүхэн дүр авдаггүй, кино хийсэн бол заавал яамны шалгалтаар хянуулж, дэлгэцэнд гаргах зөвшөөрөл авдаг байж.

“Зуслангийн найзууд” ч энэ замналаар бүтжээ. Тус киноны хоёрдугаар найруулагчаар Ардын жүжигчин Б.Дамчаа агсан ажилласан. Тэрээр кинонд тоглох хүүхдүүдийг сонгох үүрэгтэй ерөнхий боловсролын бүх сургуулиар явж байхдаа Т.Гэрэлбатыг олж харсан гэдэг. Ангид нь орж ирээд түүнийг хараад л байж.

Гэнэт самбарын урд гаргаж ирээд “Чи кинонд тоглож чадах уу, заасан юмыг сурч чадах уу” гэхээр нь “чадна” гэчихэж л дээ. Б.Дамчаа гуай түүнд “Монгол кино нэгтгэл дээр ирээрэй” гэхээс өөр юу ч хэлээгүй гэсэн. Заасан өдөр нь яваад очтол 300 гаруй хүүхэд цуглачихсан, хүлээлгийн танхимд дуу дуулж, шүлэг уншиж байхыг хараад бяцхан охин айж, гайхах зэрэгцсэн тухайгаа хуучилсан юм. Дарааллын дагуу Т.Гэрэлбатын нэрийг дуудахад танхимд найруулагч Х.Дамдин, хоёрдугаар найруулагч Б.Дамчаа, мөн бусад туслахууд байж. Гэтэл дуу дуулуулж, шүлэг уншуулалгүй түүнийг шууд “уйл ” гэжээ.

Харин Б.Дамчаа гуай энэ үед Х.Дамдин найруулагчид “Өнөөх охин чинь энэ шүү дээ” гэж хэлэхийг нь Т.Гэрэлбат сонсчээ. Ийнхүү тэрээр шалгалтад тэнцэж, сүүлийн пробонд нэг охины хамт үлджээ.

Зургаа авахуулж, киноны хэсгээс тоглосноор Цэцэгээгийн дүрд тоглох эрхтэй болсон түүхтэй. Кинонд 20 гаруй хүүхдийн дүр гардагаас ганц эмэгтэй нь Цэцэгээ. Анх хэлгүй хүүхдийн дүр бүтээнэ гэхэд хэцүү санагдсан ч бүхнийг чадна гээд хэлчихсэн учир “болих” сонголт байгаагүй гэнэ.

Киноны зохиолтой танилцах үеэс найруулагчид түүнийг төрөлхийн сонсголгүй хүүхдүүдийн 29 дүгээр сургууль дээр аваачиж, Өлзийдүүрэн гэх охинтой найзлуулжээ.

Тэр найзаасаа хэлгүй хүүхдийн дохио сурч, зуны турш үерхэж, дотноссон байна. Хөдөө зусланд хамтдаа гарч, чөлөөт цагийг найзтайгаа тоглож, өнгөрөөдөг байснаа ярьсан юм. Мөн “хэлгүй хүүхдүүд их бүрэг, даруухан байдаг юм билээ. Бусад хүүхдүүдтэй тоглохоос жийрхдэг, өөрийгөө тусгаарладаг гэдгийг ойлгосон. Түүнийг нь дүрдээ шингээхийг хичээсэн” хэмээн дүрээ хэрхэн судалснаа сонирхууллаа.

“БАЯРТАЙ” ГЭЖ ХЭЛЭЭД НАЙРУУЛАГЧДАА ЗАГНУУЛАВ

“Зуслангийн найзууд” киноны баг зуны гурван сарын турш Майхан толгойд байрлажээ. Түүнээс “Зурганд орж байхдаа гэрээ санасан уу” гэж асуухад “Бидний үеийн хүүхдүүд эрх танхил байсангүй. Томчуудын үгийг дагадаг, тэднийг хүндэлдэг, айдаг байсан юм.

Ялангуяа Б.Дамчаа найруулагчаас их айна. Түүнийг нэг үг хэлэхэд номондоо ордог байлаа” гээд инээмсэглэж байна. Анх кино натурт явлаа гэхэд ээж нь үүргэвчинд нь хувцсыг нь хийж өгөөд, үнсээд явуулж байж. Харин киноны нээлтэд нь очоод, өөрийн эрхгүй охиноо өрөвдөөд уйлсан гэдэг. Кино багийнхан зураг авалтаа зөвхөн Майхан толгойд аваагүй гэнэ.

Тухайлбал, хүүхдүүд ногоо хураалтад оролцдог хэсгийг Батсүмбэрийн сангийн аж ахуйд авчээ. Мөн Шарга морьт, Мөнгөн морьтод нэг хэсгийг нь авсан байна.  

Т.Гэрэлбат өөрийгөө “азтай” гэж тодотгосон юм. Учир нь “Тухайн үеийн сор болсон, алтан үеийн жүжигчидтэй нэг кинонд тоглож, хүүхэд насныхаа нандин дурсамжийг бичсэн.

“Тунгалаг тамир”-ын Гэлэг, “Дайсны цэргүүдээ сонсцгоо” киноны Б.Дамчаа, “Гарын таван хуруу”-ны Должин, Лха Долгор гуай гээд хуучны мундгуудаас үг сонсч, биширч явсандаа баярладаг” гэв. Киноны үйл явдал зөвхөн зусланд өрнөдөггүй. Цэцэгээг хэлд оруулахын тулд Өлзийгийн эмчтэй уулздаг хэсэг болон зуслангийн атаман Чинбатын эмнэлэгт хэвтдэг хэсгийн зургийг хотод авчээ.

Харин хамгийн сүүлийн зураг есдүгээр сарын эхээр зуслангаас бууж буй, Өлзийгийн бодлын хэсэг гэнэ. Т.Гэрэлбатад бусад хүүхдээс арай амархан санагдсан зүйл нь юу ч ярихгүй байх гэв. Учир нь хүүхдүүд үгээ цээжлэхгүй, загнуулж байсан бол түүнд тийм хүндрэл байсангүй. Харин анхны зураг авалтын үеэр “баяртай” гэж хэлээд найруулагчдаа сүрхий донгодуулжээ.

Бүгдийг чадна гэж байсан бяцхан охин худаг дээр уйлдаг хэсгийг авахуулах гэж нэлээд хөглөсөн гэнэ. Уйлж чадахгүй байсан учир найруулагч түүнийг загнажээ. Тэгэхээр нь гомдсондоо уйлчихаж. Зураг авалт дууссан ч больж чадахгүй уйлаад л байж. Зургийн багийнхан түүнийг аргадаж байсан хөгжилтэй түүхтэй ажээ. 

НАНДИН НӨХӨРЛӨЛ КИНОНООС ЭХТЭЙ

Т.Гэрэлбат “Зуслангийн найзууд” киноноос насан туршийн сайн найзуудаа олсон гэдэг. Атаман Чинбат буюу хурандаа Б.Мөнхдөлтэй тэр одоо хүртэл сайхан нөхөрлөдөг юм байна. Харин Өлзийд тоглосон Цогтдэлгэр оюутан байхдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Тэрээр найзынхаа тухай “Их дөлгөөхөн, яг орос шиг хүү байсан” гэж дурссан юм. Харин зуслангийн атаман даруухан ч гэлээ өнөөх бөөрөнхий малгайгаа өмсчихөөр “жинхэнэ атаман төрхөндөө ордог юм” гэж багынхаа нандин дурсамжийг ярив. Хоёр жилийн өмнө “Зуслангийн найзууд” кино 35 нас хүрч, кино багийнхан уулзжээ.

Киноныхоо түүхэн жил бүр тэд ингэж уулздаг уламжлалтай. Киноны хамгийн оргил хэсэг нь Цэцэгээгийн шатаж буй байшин руу орж, хүүхэд авардаг хэсэг. Тэр хэсгийн тухай тэрээр “Зуслан дээр гурван байшин барьсан юм. Хоёрт нь зураг авсан бол нэгийг нь зөвхөн шатаах гэж барьсан юм билээ. Зураг авалт эхлэхэд жаахан айдас байсан. Гэхдээ бүх аюулгүй байдлыг хангах гал командынхан ирчихсэн байлаа. Харин хамгийн сонин нь тэр зураг авалтад “Мартагдашгүй намар” киноны Сарнайгийн даашинзыг өмсөх болсон.

Гэтэл өнөөх нь шатдаг биш, наалддаг материалтай палатье байсан юм билээ. Тухайн үед өөрөө үнэхээр айсан болохоор дүрээ илүү мэдэрсэн байх” гэсэн юм. 1970-аад оны хөвгүүд хөл бөмбөг, дугуй гэдгийг төдийлөн мэддэггүй байсан учир циркээс мэргэжлийн багш авчирч заалгадаг байжээ. Харин зураг авалтгүй үед хүүхдүүд ой модоор аялж, хамтдаа цагийг зугаатай өнгөрөөдөг байсан гэнэ.

 

НАЙРУУЛАГЧ ӨӨРИЙН ХҮҮХЭД ШИГ ХАЙРЛАДАГ

Т.Гэрэлбатын санаанаас хэзээ ч гардаггүй хэсэг нь зуслангийн атаман түлэгдэхэд найзууд нь эргэж очоод, цонхных нь доор дуулдаг хэсэг гэнэ. Тэр зураг авалтад л тус кинонд тоглосон бүх хүүхэд нэг дор гардаг аж. Дугаарын зочин маань найруулагч Х.Дамдинд баярлаж явдагаа манай сониноор уламжлахыг хүссэн юм.

Учир нь тэрээр хэзээ ч киноны хүүхдүүдээ мартдаггүй. Хэдийгээр 37 жил өнгөрсөн ч өөрийн хүүхдүүд шигээ хайрлаж, холбоотой байхыг хүсдэг юм байна. Т.Гэрэлбат киногоо үзэх бүртээ өөрийгөө шүүж, тунгаахыг хүсдэггүй гэв.

Харин цаг хугацаа өнгөрөх тусам кино нь үнэ цэнэтэй, эрхэм болохыг мэдэрдэгээ ярилаа. Түүний хүүхэд насных нь гэгээн дурсамж “Зуслангийн найзууд”-д үлдсэн. Зураг авалт дууссаны дараа хүүхдүүд нэг хэсэг Кино нэгтгэл рүү очдог байжээ. Кинондоо дуу оруулахаар очиход нь Т.Гэрэлбат дагаад явдаг байж.

“Зуслангийн найзууд” кинонд 1970-аад оны хүүхдүүдийн үерхэл, нөхөрлөлийн тухай өгүүлдэг. Тухайн үеийн хүүхдүүд хэрхэн нөхөрлөж, бие биенээ хүндэлдэг байсныг тэдгээр жаахан хүүхдүүдээр илэрхийлдэг. Ялангуяа зуслангийн найзууд Цэцэгээг хэлд оруулах гэж эмчид үзүүлдэг хэсэг жинхэнэ монгол хүүхдийн тусч, сайхан сэтгэлийн илрэл ажээ.

Цэцэгээ бол найруулагчийн тэр хэлэх гэсэн санааны гол шугам нь. Тэрээр дүрийнхээ тухай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч ялгаагүй хүн шүү дээ. Түүнтэй ялгавартай хандаж болохгүй. Бусад багачуудын адил түүнд хүсэл мөрөөдөл гэж бий. Цэцэгээ үүний бодит жишээ” гэсэн юм.

“Зуслангийн найзууд” киног анх “Элдэв-Очир” кино театрт нээжээ. Сурагч Т.Гэрэлбат дэлгэцнээс өөрийгөө хараад ангийнхнаасаа ичсэн гэдэг. Харин сургуулийнх нь хаягаар түүнд олон захиа ирдэг байсныг тэрээр одоо ч нандигнан хадгалдаг юм байна. Захиандаа хүүхдүүд ихэвчлэн киног нь үзээд төрсөн сэтгэгдэл болон танилцах хүслээ илгээдэг байжээ.

Гурван жилийн дараа “Зуслангийн найзууд” кино 40 нас хүрнэ. Цэцэгээ “40 жилийн ойгоороо илүү олон дурсамжтай, зуслангийн атаманыхаа хамт дахин уулзъя” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. 

Зураг