Иргэдэд 66 хувийн хөнгөлөлттэй үнээр зуух олгох бүртгэлийн ажил эхэлсэн байна. Энэ талаар Улаанбаатар цэвэр агаар төслийн зохицуулагч С.Должингоос тодрууллаа.
-Энэ жил хэчнээн зуухыг хөнгөлөлттэй үнээр өгөх вэ. Ямар шаардлага хангасан иргэд бүртгүүлж болох бол?
-Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төсөл, Цэвэр агаар сангаас бүрэн шаталттай сайжруулсан 15273 зуухыг 2014-2015 оны өвлийн улиралд хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөөд байна. Зургаан дүүрэгт гэр хороололд бүртгэлтэй иргэд төсөлд хамрагдаж болно. Гэхдээ тухайн иргэн өмнө нь төслийн зуух аваагүй байх ёстой.
-Хөнгөлөлттэй зуухыг борлуулах хэчнээн цэг байх вэ. Байршлууд нь тодорхой гарсан болов уу?
-Өнгөрсөн жил 29707 зуух түгээсэн. Энэ жилийн түгээлтийг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 25-35 хороонд байршуулах юм. Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй хороодын байр болон иргэний танхимыг борлуулалтын төв болгон ажиллуулахаар төлөвлөж байгаа.
Өөрөөр хэлбэл, борлуулалтын цэгүүдийн байршил нь өмнөх жилтэй адил байна гэсэн үг. Одоохондоо нарийн байршил нь гараагүй байгаа. Байршлуудын байрлал яг батлагдчихвал иргэдэд мэдээлэх болно.
-Зуухны үнэ өмнөх жилийнхээс өөрчлөгдсөн үү. Эсвэл хэвээрээ байгаа юу?
-Өмнөх жилээс нэг онцлог зүйл нь иргэдийн төлөх үнийн асуудал байна. Тодруулбал, иргэдийн сонгох зуухнаас хамаараад 16 мянгаас 228 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлөх татаас харьцангуй багассан. Өмнө нь 29-32 мянган төгрөгийн хооронд байсан шүү дээ.
-Бүртгэл хэзээ эхэлсэн бэ. Бүртгэлээ онлайнаар хийлгэх ёстой гэсэн үү?
-Бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр авах хүсэлтэй иргэдийн бүртгэл энэ сарын 22-26-ны хооронд үргэлжилж байна. Бүртгэлийг энэ жил цахим хэлбэрээр хийж байгаа. Тодруулбал, иргэд харьяа хороондоо очоод зохион байгуулагчиддаа нэрээ өгөөд бүртгүүлнэ. Тухайн зохион байгуулагч нэрийг нь бүртгэж аваад, хорооны Засаг даргаар баталгаажуулаад, Улаанбаатар цэвэр агаар төсөл дээр ирдэг.
“Зуухны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхээ шалгана уу” гэсэн хэсэгт регистрийн дугаараа оруулж шалгах юм. Мөн 1199, 1200 дугаарын утсаар холбогдож шалгуулах боломжтой.
Харин бид тухайн хүнийг төслийн зуухны хөнгөлөлтөд хамрагдаж байсан эсэхийг шалгаад, хамрагдаагүй бол нэрийг нь Хас банкны системд өгсөнөөр тухайн хүний зуух авах эрх үүсдэг. Энэхүү ажлын хүрээнд бид иргэдийн бүртгэлийг онлайнаар хийх аргыг танилцуулах зорилгоор Нийслэлийн иргэний танхимд 92 хорооны Засаг дарга, зохион байгуулагчдын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, хэрхэн бүртгэл хийх талаар сургалт зохион байгуулсан.
-Иргэд өөрийгөө хөнгөлөлттэй үнээр зуух авах эрхтэй эсэхээ шалгах арга байгаа юу?
-Хэрэв тухайн иргэн ямар нэгэн байдлаар хөнгөлөлттэй үнээр зуух авах эсэхээ мэдэхгүй байгаа бол www.usip.mn гэсэн цахим хаягаар ороод эрхтэй эсэхээ шалгах бүрэн боломжтой. Тодруулбал, “Зуухны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхээ шалгана уу” гэсэн хэсэгт регистрийн дугаараа оруулж шалгах юм. Мөн 1199, 1200 дугаарын утсаар холбогдож шалгуулах боломжтой.
-Иргэд ямар нэгэн байдлаар хөнгөлөлттэй үнээр олгох зуухны бүртгэлээс хоцорсон тохиолдолд нөхөж бүртгэлд хамрагдах боломж байгаа юу?
-Өнгөрсөн жил зуух авах иргэдийн нэрсийг дөрвөн удаагийн давтамжтайгаар авч байсан. Харин энэ жил нэг л удаа бүртгэл явуулна. Тэгээд ч бидэнд энэ жил 15 мянган зуух байгаа. Гэтэл одоогийн байдлаар 52 орчим мянган иргэн бүртгэгдсэн байна. Гэхдээ эдгээр иргэд түрүү жил бүртгүүлсэн иргэд юм.
-Тэгвэл систем бүртгэгдчихсэн байгаа эдгээр иргэдээс ямар сонголтоор зуухыг өгөх юм?
-Өнгөрсөн жил ч ялгаагүй бидэнд хангалттай олон хүн бүртгүүлчихсэн байхад 45 мянган зуух борлуулахаар төлөвлөөд 29 мянган зуухыг борлуулсан. Тиймээс зуух авах сонирхолтой иргэд аль болох хурдан ирээд л зуухаа авах хэрэгтэй.
-Хэрэв хөнгөлөлттэй үнээр олгох зуух дуусчихвал тухайн иргэн хэдэн төгрөгөөр зуух худалдан авах боломжтой вэ?
-Хямдралтай үнээр борлуулах зуух дууссан тохиолдолд зах зээлийн үнээр зуух авч болно. Үнийн хувьд 272-455 мянган төгрөгийн үнэтэй найман төрлийн зуухаас сонголтоо хийх боломж байгаа.
-Гэр хорооллын айлууд өмнө нь хэрэглэж байсан зуухаа тушаадаг тогтолцоо хэвээрээ үйлчлэх үү?
-Шинэ зуухаа хүлээн авахдаа тухайн иргэн хуучин хэрэглэж байсан зуухаа тушаадаг тогтолцоо хэвээрээ байгаа. Учир нь хорт утаа ялгаруулаад байгаа зуухыг утааг нь шүүдэг шинэ зуухаар солиод өгч байгаа учир хуучин зуухаа өгнө гэсэн үг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!