Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Валерия Лукьянова: 800 мянган доллараар хагалгаа хийлгэсэн гэдэг худлаа

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

"Одессийн Барби" гэгддэг Валерия Лукьянова энгийн нэгэн биш, түүнийг шүтэн биширдэг мянга мянган хүн байхад шүүмжилж, доромжилдог хүмүүс ч мундахгүй.

Үй олон хагалгааны тусламжтайгаар одооны төрхөө олж авсан ч гэх. “Комсомольская правда” сонин түүнтэй уулзан өөрөөс нь бүгдийг тодруулахаар шийджээ. 

-Та өөрийнхөө өмнө Барбитай адилхан болох зорилт тавьсан уу? 

-Ийм зорилго хэзээ ч тавьж байгаагүй, шар хэвлэлийнхний л зохиосон хэрэг. Зүгээр л би үргэлж эмэгтэйлэг зүйлст дуртай байсан. Ээж намайг бага байхад их гоёж, бэлхүүс барьсан дэрэвгэр даашинз өмсгөж, тууз зүүж өгдөг байсан. Би бас урт үстэй байлаа, хажуугаар өнгөрсөн хүмүүс “хараач, ямар хөөрхөн охин бэ, хүүхэлдэйтэй адилхан юм” гэж их хэлдэг байсан. Тиймээс л би багаасаа л үүнд дасчихсан. 

-Одоо хүүхэлдэйтэй харьцуулахад таагүй санагддаг уу? 

-Одоо ингэж харьцуулж байгаа нь ихэнхдээ сөрөг талаасаа байдаг. Хүмүүс намайг ингэж харьцуулснаараа доромжилохыг хичээдэг, мэдээж энэ нь надад таалагддаггүй. 

- Та Барби хүүхэлдэйний цуглуулгатай, энэ талаараа тодорхой яриач? 

- Би бусад охидын адил багаасаа л хүүхэлдэйнд дуртай байсан. Том болсон хойноо Америкт очиход анх хүүхэлдэй бэлэглэж байсан, дараа нь Японд, Хятадад гээд л. Зураг авалт, семинарт оролцох үеэр л хүмүүс хүүхэлдэй бэлэглэдэг болчихсон. Одоо миний цуглуулганд үндэсний хувцастай 10 хүүхэлдэй байгаа. 

-Таны шүтэн бишрэгчид маш их, үүнд нөхөр тань хэрхэн ханддаг вэ? 

-Тэр үүнийг зүгээр л хүлээж авдаг, сайхан бүсгүй бүрт шүтэн бишрэгч байдаг гэдгийг ойлгодог учраас тэр. Амьдрал дээр бол би нөхрөөсөө өөр хүнтэй уулзаж учирч яваагүй. 

-Олон нийтийн сүлжээгээр эрчүүд таньд хайраа илчлэх нь их байдаг? 

-Энэ бүхэн үнэн сэтгэлээсээ биш зүгээр л наргиан гэж боддог. Хүнд хайртай болохын тулд бодит амьдрал дээр харилцаж, биечлэн мэддэг байх ёстой шүү дээ.

-Таныг маш олон гоо сайхны хагалгаанд орсон, бас хэдэн ч билээ хавиргаа авахуулсан гээд олон л цуу яриа явдаг. Аль нь үнэн юм бэ? 

-Хөхнөөс бусад бүх зүйл маань байгалиас заяасан. Би туранхай байх дуртай, 47 кг хүрэнгүүт л миний бие надад таалагддаггүй, тэгээд л нэмж турдаг. Гэвч хөх дагаад багасчихдаг юм. Тийм учраас өөртөө сэтгэл хангалуун байхын тулд хөхөө томсгосон. Өөр ямар ч хагалгаанд ороогүй. 

-Одоо таны жин хэд байгаа юм бэ?

-Одоо би спортоор хичээллэснээс болоод их жин нэмсэн. Тийм болохоор жингээ хэлэхээс ч аймшигтай санагдаж байна. Тураад, өөртөө сэтгэл хангалуун болохоороо хэлье \инээв\ 

-Хүлээгээрэй, та 46-47 килограммтай байхыгаа их гэж боддог гэсэн үү?

-Миний хувьд бол тийм ээ. Жаахан л жин нэмчихвэл давхар эрүүтэй болчихдог гээд бод доо. Миний өндөр 172см ч гэлээ биеийн жин 42-44 килограммын хооронд хэлбэлздэг. Спортоор хичээллэхээс өмнө 40 килограммтай байсан. Харин одоо таргалчихаад байгаа. 

-Биеийн харьцаа хэд вэ? 

-Хамгийн сүүлд хэмжихэд 86-47-83 байсан. Гэхдээ сүүлийн үед дасгал их хийж байгаа учраас өгзөгний тойрог 86 см болсон. 

-Таны өдөр тутмын амьдрал хэрхэн өнгөрдөг вэ? 

-Өглөө бясалгал хийж эхлэнэ. Зүүд, астраль аяллаа эргэн санаж, тэднийгээ бичиж тэмдэглэдэг. Ингэж тэмдэглэхгүй бол дорхноо мартчихдаг юм. Дараа нь гүйж, спортоор хичээллэнэ. Үүний дараа ном уншиж, бясалгал хийж, төрөл төрөгсөдтэйгээ интернэтээр харилцаж, зугаалж, бэлтгэлийн заал руу явдаг. Түүний зэрэгцээ “Өнгөрсний цуурай” нэртэй шинэ номынхоо хоёр дахь хэсгийг хийж байгаа. Би астраль аяллын тухай өмнө нь нэг ном бичиж байсан юм. Бас хөгжим сонирхдог. Саяхан дарк электро стилээр шинэ дуу бичүүлсэн. Уран бүтээлээ хийж, семинарынхаа хөтөлбөрүүдийг бэлддэг. 

-Ийм байдлаар ажиллаж амьдраад ямар мөнгөөр болгодог юм бэ? 

-Нөхөр бид хоёр түүний олсон мөнгөөр л амьдардаг. Намайг зураг авалтанд уривал мэдээж мөнгө төлнө л дөө, ямар ч хөдөлмөрийг үнэлэх ёстой шүү дээ. Би өөр орнууд руу аялж, шоунд оролцон, ярилцлага өгөх дуртай. Харин тун удахгүй Хятад явж, тэндээ ажиллаж амьдрахаар шийдсэн. 

-Хятадад ажлын санал авсан юм уу? 

-Зүгээр ч нэг санал биш, би хэдийнэ гэрээ байгуулчихсан. Тун удахгүй явах байх. 

-Таны яриад байсан семинарууд ямар учиртай юм бэ? 

-Оюун санааны аяллын тухай семинарууд. Михаил Радугагийн оюун санааны аяллын дэлхийн сургуулийн багш хийдэг. Би хүмүүсийг биеэсээ салж, сүнсээрээ янз бүрийн гаригуудаар аялж сургадаг. Ийм аяллын тусламжтайгаар эдгэрч, янз бүрийн хүмүүстэй уулзан, Бурхан байдаг эсэхийг шалгах боломжтой. 

-Өөрийнхөө астраль аяллынхаа тухай яриач? 

-Би аяллаа дэлхийн өнцөг булан бүрээс эхлэсэн. Жишээлэхэд Мексик рүү аялж байлаа. Харин дараа нь бодит амьдрал дээрээ Мексикт очоод бүх зүйл яг таарч байгаад ихэд гайхаж байлаа.

Би харийн оюун ухаантай харилцаж, харийн хүмүүстэй уулзаж байсан. Огторгуйд өөр амьд биетүүд бий, тэд нэгдмэл нэг оюун санаатай байдаг. 

Дараа нь маш алслагдмал гаригууд руу аялж эхлэсэн. Заримдаа эрдэмтдийн тайлж мэдээгүй газрууд руу аялж эхлэсэн. Ийм газрууд үнэхээр байдаг юм шүү. Би харийн оюун ухаантай харилцаж, харийн хүмүүстэй уулзаж байсан. Огторгуйд өөр амьд биетүүд бий, тэд нэгдмэл нэг оюун санаатай байдаг. 

-Ийм аялал хийснээр цэцэн ухаантай болдог гэсэн үг үү? 

-Энэ нь миний хувьд маш чухал, би хэн бэ, яагаад энд байгаа юм бэ, амьдралын утга учир юу юм гээд олон асуултанд хариулт олж чадсан. Энэ асуулт намайг бага байхаас эхлээд л зовоож эхлэсэн. Би бусдын адил амьдрахыг хүсээгүй, сургуульд сурж, их сургуульд орон, хүүхэд гаргаж, ач зээ нараа өсгөөд дараа нь үхэх гээд бусдын л хийдэг бүхнийг хийхийг хүсээгүй.

Би ингэж амьдрахыг хэзээ ч хүсч байсангүй, харин үнэн хэрэгтээ юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхийг их хүсч байлаа. Би хариултаа олсон, тиймээс л энэ аялал надад амин чухал. Одоо би бүрэн дүүрэн, аз жаргалтай амьдарч байна. 

-Тэр олсон хариулт нь юу байсан юм бол? Эсвэл хэтэрхий хувийн хэрэг үү?

– Үгүй яах вэ дээ, хувийн чанартай, ярьж болохгүй зүйлс байна. Гэхдээ би хүмүүст мэдлэг өгөх ёстой. Хүмүүс ходоодоо дүүргэхийн тулд ан амьтан алж болохгүй. Сэтгэл санаагаа зөв залах хэрэгтэй. Учир нь бид бодол оюунаараа ирээдүйгээ бий болгож байдаг. Миний явуулдаг семинар, хөгжим, ном гээд бүгд л хүмүүстэй туршлагаа хуваалцах зорилготой юм. Яг л над шиг өөртөө асуулт тавьдаг хүмүүс маш олон гэдгийг мэднэ. Тэд асуултынхаа хариултыг хайж байгаа, би тэдэнд үүнд нь туслахыг хичээж байна. Энэ бол  амьдралын минь гол хэсгүүдийн нэг. 

-Маш их алдар нэртэй болсноо хэрхэн тайлбарлах вэ?

-Би үргэлж үнэнийг хэлдэг, хэн нэгэнд сайхан харагдахын тулд худал зусарддаггүй. Байгаагаараа л байдаг. Хэрэв хэн нэгэнд бүдүүлэг хандах ёстой бол би бүдүүлэг үгс хэлчихнэ. Намайг эзотерикээр хичээллэдэг учраас хүмүүс намайг нэг навсгар байх ёстой мэтээр төсөөлдөг. Муухай хувцас өмсч, нүүр амаа будалгүй, хайш яйш байх мэтээр л төсөөлж хүлээж авах нь бий.

Зөвхөн гоо үзэсгэлэнгээр бүгдийг шийднэ гэж байхгүй. Хамгийн гол нь хүний дотор мөн чанар чухал. 

Гэхдээ тийм биш, хүн дотроосоо ч тэр гаднаасаа ч тэр сайхан харагдах ёстой. Бүх зүйл нийцтэй, уялдаа холбоотой байх ёстой. Би зүгээр ч нэг үзэсгэлэнтэй эмэгтэй биш харин оюун санааны асар их хүчтэй учраас алдартай байдаг гэж боддог. Хөөрхөн сайхан охид зөндөө л байдаг, гэхдээ тэднээс алдаршсан нь хэд билээ дээ. Зөвхөн гоо үзэсгэлэнгээр бүгдийг шийднэ гэж байхгүй. Хамгийн гол нь хүний дотор мөн чанар чухал. 

-Таныг шүүмжилж байгаад хэрхэн ханддаг вэ? 

-Би юу ч гэж боддоггүй. Ойр дотны хүмүүсээсээ, би өөрсдийнх нь хувьд чухал хүмүүсээс шүүмлжлэл хүлээж авах ёстой. Харин зүгээр л нэг гудамжинд тааралдсан хүмүүс  шүүмжлээд байна гэдэг утгагүй хэрэг.  Би ийм хүмүүст хариу өгөхгүй байхыг хичээдэг. Тэднээс гарч буй сөрөг зүйлд хариу өгөхгүй байхаар тэр сөрөг зүйл нь тэдэнд өөрсдөд нь үлддэг. 

-Өөрийнхөө тухай сонсож байсан хамгийн утгагүй цуу яриа юу байв? 

-Худал яриа зөндөө л гардаг. Тэдгээрийн дундаас хамгийн утгагүй нь намайг янз бүрийн хагалгаанд 800 мянган ам.доллар зарцуулсан гэсэн яриа байсан. Бас өөр нэг цахим хуудас байна, дандаа намайг муучилдаг хүмүүс цугларчихсан. Тэгээд л санаанаасаа юм зохиож өгнө. Аавыг маань биеэ үнэлэгчдийг наймаалдаг, манай нөхрийг надаас 30 насаар ах гээд л. Википедиа дээр анх үнэн зөв мэдээлэл тавигдмагц намайг муучлах гэсэн хүмүүс худал хуурмаг мэдээлэл нэмээд л байдаг.