“Архигүй Монголын төлөө хамтдаа” төрийн бус сүлжээний соён гэгээрүүлэх албаны лектор, ахмад хилчин, дэд хурандаа А.Батсайхантай ярилцлаа.
-Хилчдийн өдрийг (баяр ч гэдэг тал бий) хэдийнээс тэмдэглэдэг болсон юм бэ?
-Энэ тухай хүмүүс нэлээд сонирхдог юм билээ. Монгол Улсад хилийн алба 1933 онд байгуулагдсан түүхтэй юм. 1945 онд Улсын Бага хурлын тогтоол гарч залуучуудын байгууллага хил хамгаалж буй цэргүүдээ шефлэн авч ажиллах шийдвэр гаргасан байдаг. Тэр үед хилчдийн баярыг есдүгээр сарын 17-нд тэмдэглэхээр тогтсон гэдэг.
Энэ өдрийг сонгож авсан нь Монголын ард түмэн эх орныхоо дархан хилийг хамгаалж байгаа хилчдээ хайрлан хүндэтгэж байдгийн илрэл юм л даа. Нэг сонин гэмээр зүйлийг хэлэхэд Ю.Цэдэнбал дарга есдүгээр сарын 16-нд төрсөн байдаг. Маргааш нь хилчдийн баяр болдог цаг хугацааны давхцал бий.
-Хилчин А.Батсайханы цэрэг эрийн замналыг сонирхмоор байна?
-Би 1975 онд Дундговь аймгийн арван жилийн дунд сургуулийг төгсөөд Оросын нийслэл Москва хотын ЗХУ-ын баатар, маршал Воршиловын нэрэмжит хилийн цэргийн улс төрийн дээд сургуульд явсан.
Онц дүнтэй төгсч ирлээ. Тэгээд маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, эгнээнээсээ таван баатар төрүүлсэн Халхын голын хилийн отрядад ухуулах ажлын зааварлагчаар очиж байлаа.
Тэндээ 1989 он хүртэл ажиллаад Намын дээд сургуульд орж “улс төр судлаач” мэргэжил эзэмшсэн. Тэгээд Улаан-Уулын отрядад залуучуудын байгууллагын дарга, Эрдэнэцагааны отрядад улс төрийн хэлтсийн дарга гээд цэргийн замнал үргэлжилсэн дээ. Намайг анх 1985 онд сургууль төгсөөд ирж байх үед улс орны цаг төрийн байдал их хүнд байлаа шүү дээ.
-Тэр тухайгаа жаахан тодруулна уу?
-Юм ер нь амархан түүх болох юм даа. Тухайн үед хөрш Хятадтай харилцаа сүрхий муудчихсан. Хил дээр бол байлдааны цагийн байдалтай байдаг байв. “Манай номер нэг дайсан Хятад” гэсэн ойлголтыг хилчдэд гүн гүнзгий мэдүүлсэн байж билээ. Хятадын цэрэг Вьетнам руу дайрлаа гэх. Сонор сэрэмж дээд цэгтээ хүрсэн үе тэр дээ. Монголын хилчид бид үүргээ сайн биелүүлсэн.
Хил дээр буун дуу гаргаагүй, будлиан дэгдээгээгүй байдал намжсан. Ийм үед цэргийн нам улс төрийн ажил маш хүчтэй байх учиртай байлаа шүү дээ. Улс төрийн ажилтны гол зорилго бол бие бүрэлдэхүүнийхээ санаа сэтгэлийг бат тогтвортой, цаг үеэ сайн мэдэрдэг байлгахад чиглэж байлаа.
-Тун чухал үед хилчин байжээ дээ?
-Тийм ээ. Хилчиддээ ухуулга сурталчилгаа сайн хийхийн зэрэгцээ залуу насны омгоор байлдчих л юм бодож явсан. Залуу нас минь торгон хил дээр өнгөрсөн. Сүүлд Хилийн цэргийн удирдах газарт соёл сурталчилгааны хэлтсийн дарга гэдэг алба хашиж байгаад 45-хан насандаа, дэд хурандаа цолтой тэтгэвэрт гарсан. Одоо цаг төр өөрчлөгдөж хилийн байдал амгалан тайван цаг ирж. Гэхдээ улсын хил тайван гэсэн ойлголт хилчин хүнд байх ёсгүй. Байнгын бэлэн байдал, өндөр сонор сэрэмжтэй байх нь хилчний эрхэм үүрэг.
-Хилчдийн өдөр-баярыг тэмдэглэхийн утга учир юу вэ?
-Хамгийн гол нь Монгол Улсын бүрэн эрхэт байдал, газар нутаг маань бүтэн байна гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Мөн эх орныхоо хил хамгаалах албанд амь бие, залуу насаа зориулсан тэр баатарлаг хилчдийнхээ алдар гавьяаг дурсч залуу үеийг тэдний эх оронч үлгэр дууриалаар хүмүүжүүлэхэд ач холбогдолтой гэж ойлгодог.
-Та одоо энгийн байгууллагад мөн л ухуулан сурталчлах ажлаа хийж байгаа юм аа даа?
-Миний хувьд нэгэнт Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амиа өгнө гэсэн цэргийн тангарагтай хүн. Одоо ч тэр тангарагтаа үнэнч явдаг. Иймээс “Архигүй Монголын төлөө хамтдаа” гэдэг төрийн бус байгууллагад ажиллаж байгаа ч зүрх сэтгэл маань хилийн цэрэгтээ байгаа санагддаг. Тэгээд хилийн цэргийн командлалын газартай гэрээ байгуулж хамтран ажилласан.
Ноднин аравдугаар сарын 7-ноос Сүхбаатар аймгийн нутаг Шилийн богдын тэндэх Ламтын заставаас эхлээд Монгол Улсын хилийг тойрч 84 хоногт хилийн бүх отряд, заставуудаар явж архидалттай тэмцэх төрийн бодлогыг сурталчлан лекц уншлаа.
Манай хилчид маш сайн хүлээж авсан. Архидалт гэдэг Монголын ард түмний амьдралд нэн хортой, улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа зүйл юм. Энэ утгаар нь Хилийн цэргийн командлалаас энэ ажилд өндөр ач холбогдол өгсөн. Нөгөөтэйгүүр би хилчин хүний үүргээ биелүүлж явлаа. 14 мянган км замыг туулсан аялал хийсэн дээ.
-Хилээр явж байхдаа юу ажиглав?
-Хилчидтэй нүүр тулан уулзаж ажил амьдралтай нь танилцаж, хилээ харж явахад сэтгэлд маш хөөрөлтэй байлаа. Бидний алба хааж байсан үеийнхээс хилчдийн амьдрал шал өөр, сайхан ч болжээ. Хилчдийн нийгмийн асуудал дээшилж орон сууцтай, унаа машинтай, идэх уух нь жирийн иргэдийн адил албаа хааж амьдарч байна. Амьдралын баталгаатай болж гэсэн үг л дээ.
Хилийн цэргийн байгууллагаас ч их анхаарсан нь харагдлаа. Гэхдээ анхаарах юм бас байна. Нэгдүгээр асуудал юу вэ гэвэл торгон хил дээр инженерийн байгууламж муу байна. Дэд бүтэц, зам харгуйг сайжруулах ажил их орхигджээ. Тэгэхэд цаана нь Хятадын хил ямар байна гэвэл хилээ дагасан дэд бүтцийг цогцоор нь шийдчихсэн нь ажиглагдлаа. Зам нь сайхан, хилийн зурвас номоороо, орчин үеийн тор саадыг жимбийтэл нь татчихсан. Хилийн пост, цамхгуудыг шинэчлээд барьчихсан байна. Гэтэл манай хил орчим нэг л ундуй сундуйхан байх юм.
Хилийн зурвас дагуу байдаг тор нь тасарчихсан. Тэр ч байтугай хил хаагуур байгаа нь тодорхой биш юм шиг газар ч байна. Зам гэж муу даа. Яагаад үүнийг хэлээд байнав гэвэл улсын хилд дэд бүтцийг хөгжүүлэхэд төр, засгаас анхаармаар байна гэдгийг сануулах гэсэн юм.
Үе үеийн хилчдийг бэлтгэж байсан Хилийн цэргийн дээд сургуулийг Цагдаагийн сургуультай нэгтгэсэн явдлыг буруу гэж үздэг.
Монголчууд бид хөшөө их босгох юм. Нохойд зориулсан хөшөө хүртэл. Эвтэй дөрвөн амьтан гэсэн хөшөөг бараг тэрбум төгрөгөөр барилаа гэж сонссон. Бас хогны уут долоон тэрбумаар бүтээсэн гэх юм. Тэгвэл тэр их хөрөнгөөр 900 км газарт хилийн инженерийн тор татаж, зам барьж болмоор санагддаг. Үүнийг хилчидтэйгээ ярилцаж санаа сэдэж явлаа.
-Хилийн цэрэг боловсон хүчний хувьд хэр хангалттай байдаг юм бол?
-Нэг жилийн хугацаат албаны цэрэг дангаараа хил хамгаална гэдэг жаахан учир дутагдалтай шүү дээ. Харин хилд гэрээт цэргийн албан хаагчидтай болсон нь сайн. Алсдаа мэргэжлийн хилчидтэй болох эхлэл энэ юм. Би нэг зүйлд сэтгэл дундуур байдаг. Тэр юу вэ гэвэл үе үеийн хилчдийг бэлтгэж байсан Хилийн цэргийн дээд сургуулийг Цагдаагийн сургуультай нэгтгэсэн явдлыг буруу гэж үздэг.
Хууль сахиулах сургууль гэнэ үү. Ингэж завааруулах хэрэг байсан юм уу мэдэхгүй. Үг олдож байна уу даа. Эцэст нь хэлэхэд яагаад би танай сонинд хандав гэвэл хилийн отряд, застав бүрт л “Зууны мэдээ” сонин байж байх юм. Иймээс өргөн олон уншигчидтай, сайн тардаг сонин юм гэдэг үүднээс санаа бодлоо ярья гэж бодсон.
Энэ далимдаа хилчин хамт олондоо Монголын хилчдийн өдрийн халуун мэнд дэвшүүлье. Монгол Улсын төлөө зүтгэе. Би хилчин хүн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!