Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Урьдчилгаа төлбөр бага, гэр хорооллынхныг орон сууцаар хангах цогц хөтөлбөр зарлагдана

Монголын мэдээ
2014 оны 9 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Construction Mongolia-2014" барилгын салбарын олон улсын үзэсгэлэн яармагийн талаар хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд боллоо. 

Үзэсгэлэн яармаг энэ сарын 5-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдах гэнэ.

Барилга хот байгуулалтын салбар хөгжлийн бодлогоо төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах, цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх үүднээс энэхүү үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.

Энэ жилийн үзэсгэлэнд гадаад, дотоодын 60 гаруй компани оролцоно хэмээн бүртгүүлээд байгаа аж.

Хэвлэлийн хурлын үеэр Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Б.Отгончулуун “"Construction Mongolia-2014" барилгын салбарын олон улсын үзэсгэлэн яармагт Монголын барилгын салбарт бүтээн байгуулалт хийж байгаа үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд, инженерийн байгууламжууд, барилгын материал үйлдвэрлэл, барилга угсралт, зураг төслийн гээд олон чиглэлийн компаниуд оролцохоор болсон” гэсэн юм.

Мөн Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбоо хамтран АНУ-ын төлбөрийн чадварт нийцсэн хүрээлэн, НЗДТГ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран баримт бичгийн төслийг боловсруулсан байна.

Тодруулбал, орон сууцны урьдчилгаа болох 30 хувийн төлбөрийг шууд төлөх боломжгүй бага, дунд орлоготой иргэдэд илүү боломж олгох төслийг боловсруулж, ирэх арванхоёрдугаар сар гэхэд Засгийн  газар, УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.

Энэ талаар Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаяр хэлэхдээ “Энэ жилийн Барилгачдын баярыг Монголын барилгачид нэлээд өндөр бүтээн байгуулалттайгаар угтаж байна.

Барилгачдын баярыг угтаж, найман хувийн хүүтэй зээлийн хүрээнд бага дунд орлоготой иргэд буюу төлбөрийн чадварт тэнцсэн иргэдийг орон сууцаар хангах стратегийн баримт бичгийг боловсруулаад арванхоёрдугаар сард Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-аар батлуулж чадвал зөвхөн нийслэлийн гэр хорооллын 280 гаруй мянган өрхийг орон сууцаар хангах томоохон хөтөлбөр төсөл энэ онд зарлагдах гэж байна. Ерөнхийдөө урьдчилгаа төлбөр бага, гэр хорооллын оршин суугчдыг орон сууцаар хангах цогцолбор хөтөлбөр юм” хэмээлээ.

Зураг