Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Гэтэл зарим сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил эхлээгүй байгаа тухай гомдол НМХГ-т иргэдээс иржээ.
Тиймээс иргэдийн гомдлын дагуу сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг шалгасан байна. Энэ талаар НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Г.Батмөнхөөс тодрууллаа.
-Сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг шалгасан гэсэн. Шалгалтад хэчнээн сургууль, цэцэрлэг хамрагдсан бэ?
-Газрын даргын тушаалын дагуу сургууль, цэцэрлэгүүдэд шалгалтыг явуулж байгаа. Одоогийн байдлаар ерөнхий боловсролын 36 сургууль, 43 цэцэрлэг, зургаан оюутны байр хамрагдсан. Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн энэ үед засварын ажлаа хийж дуусаагүй, тэр ч бүү хэл эхлээгүй сургууль, цэцэрлэгүүд олон байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 20, 40 дүгээр сургуулийн дээврийн засвар, Сүхбаатар дүүргийн 31, 25 дугаар сургууль, 29,159 дүгээр цэцэрлэгийн засварын ажил эхлээгүй байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 103, 74, 173 дугаар цэцэрлэгийн бохирын шугамын засвар, гадна талбайн тохижилтыг ажил эхлээгүй байгаа бол 39 дүгээр сургуулийн тендер зарлагдаагүй байх жишээтэй. Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийг акталсан
Мөн Хан-Уул дүүргийн 34, 75 дугаар сургууль, 12, 27, 46, 53, 72 дугаар цэцэрлэгийн цахилгаан сантехникийн засвар эхлээгүй байсан.
Сонгинохайрхан дүүргийн 81 дүгээр цэцэрлэг төсөв байхгүй учир засвар хийгээгүй бол 62 дугаар сургуулийн дээврийн засвар эхлээгүй байна. Иймээс есдүгээр сарын 1-нд амжих эсэх нь эргэлзээтэй байна.
-Тендер нь зарлагдсан хэчнээн сургууль байна вэ?
-Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор, “Баянзүрх” цогцолбор сургуулийн биеийн тамирын заалны засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийг дөнгөж зарлаад байна. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын тендер зарлагдаагүй, дөнгөж зарлагдаж байгаа зэрэг нь өмнө авсан тендерүүд буцсан, тендерийн маргаан гарсан гэх зэрэг асуудал үүссэнээс болсон.
Манай зүгээс төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хуулийнхаа дагуу хичээлийн шинэ жил эхлэхэд засварын ажлаа бүрэн дуусгасан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Хэрэв засвар үйлчилгээ удаашрах шалтгаан нөхцөл байгаа бол түүнийгээ тодорхой гаргаж өгөх тухай албан шаардлага өгсөн.
-Заасан хугацаанд засвараа дуусгаагүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох хууль, журмынхаа дагуу албан шаардлагыг өгч ажиллана. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн 70 орчим хувь нь засвар үйлчилгээ нь бүрэн хийгдсэн.
-Ашиглаж болохгүй гэж акталсан цэцэрлэгүүд бүртгэлийг явуулж байна гэсэн. Үүнд хяналт тавьж байгаа юу?
-Энэ удаад бид үйл ажиллагаа явуулах болон хөрөнгө оруулалт хийгдсэн газруудад шалгалт явуулсан. Одоогийн байдлаар ашиглах боломжгүй гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийг акталсан байгаа. Тус цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, шинээр барих ажил энэ онд хийгдэнэ.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэгийг акталсан байгаа. Тус цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, шинээр барих ажил энэ онд хийгдэнэ.
-Засвар үйлчилгээ нь дууссан хэчнээн сургууль цэцэрлэг байна вэ?
-Дээр нэр дурьдсан газруудаас бусад сургууль, цэцэрлэгийн засвар дууссан. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн засвар 90 хувьтай явагдаж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн 70 орчим хувь нь засвар үйлчилгээ нь бүрэн хийгдсэн.
-Шалгалтад хамрагдсан 80 орчим сургууль, цэцэрлэгийн гадна талбайд барилга байгууламж баригдсан тохиолдол хэр байна вэ?
-Шалгалт хийсэн газруудын гадна талбай дээр барилга байгууламж баригдсан тохиолдол илрээгүй.
-Ер нь сургуулийн цэцэрлэгийн талбай дээр барилга байгууламж баригдсан тохиолдол нийслэлийн хэмжээнд хэд байна вэ?
-Сургууль, цэцэрлэгийн талбай дээр барилга байгууламж барихгүй байх гэсэн захирамжийг нийслэлээс гаргасан. Өнгөрсөн онд 10 гаруй сургуулийн цэцэрлэгийн хашаанд барилга тулгаж барьсан асуудал гарсан. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлэсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!