Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Меган Фокс: Хүчтэй, эрхэмсэг бай тэр цагт эрчүүд хөлний чинь өмнө хөглөрөх болно

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Меган Фоксыг Анжелина Жолитой гадаад төрх, олон нийтийн өмнө нээлттэй байдаг эсэхээр нь байнга харьцуулдаг.

Гэхдээ ихэвчлэн түүнийг секс бөмбөг гэж нэрлэх нь бий. Гэлээ ч секс бөмбөг гэж нэрлэгддэг бүсгүй хоёр хүүхдийн ээж, хүний хань болоод арван жилийг үнэнчээр туулаад ирсэн нэгэн юм. Ингээд түүний “7 days” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

— Меган,  хоёр дахь хүүхдээ төрүүлсэнд баяр хүргэе. Та 28 настайдаа хоёр хүүхдийн ээж боллоо шүү дээ!

— Баярлалаа! Би бүр бага байхдаа л хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байлаа. Хүүхэлдэйнээс салахгүй, үргэлж түүнийгээ асарч бөөцийлдөг байснаа санаж байна. Ээж болсон шиг ийм сайхан сэтгэл ханамжийг ажлаасаа ч тэр амжилтаасаа ч тэр амсаж байсангүй. Ноа хүүгээ төрүүлснийхээ дараа хүүхэд ямар хурдан өсчихдөг юм бэ гэж ихэд гайхаж байлаа. Дөнгөж хоёр долоо хоногтой болсных нь дараа түүнтэй байх хугацаа бага үлдлээ дээ гэж уйлж байсан шүү /инээв/. Бас хүүхдүүдээ төрсний дараа мэдээ үзэж чадахаа больсон. Мэдээ үзэхээрээ л уйлчихдаг юм. Янз бүрийн эмгэнэлтэй мэдээ гарна, хэн нэгний хүүхэд, эсвэл ээжүүдийн талаар яриад л их хэцүү.

— Бараг л жил дараалан хүүхэд гаргасан хэрнээ та галбираа алдаагүй тун ч сайхан харагдаж байна …

Хөвгүүд маань намайг хамгийн сонгодог, ер бусын  ээж гэж ойлгохын тулд би бүгдийг хийнэ. 

— Анхны төрөлтийн дараа би бага зэрэг жин нэмсэн, гэхдээ ямар ч хүч чармайлт гаргалгүйгээр турчихсан. Харин хоёр дахь хүү Бодигоо төрсний дараа тусгай горимоор хооллохоос аргагүй болсон доо. Өөх тосноос татгалзах хэрэгтэй, гэхдээ уурагнаас биш. Мөн амттан, гурилан бүтээгдэхүүн, талх идэж болохгүй. Ингэж хооллох аймшигтай хэцүү, гэхдээ Брайн бид хоёр зөв хооллохыг хичээж байгаа /Брайн Остин Грин- “Беверли Хиллз” олон ангит киногоороо алдаршсан жүжигчин. Тэрбээр Меганаас 13 насаар ах, тэд Меганыг 18 настай байхаас эхлэн хайр сэтгэлийн холбоотой болж 2010 онд гэрлэсэн/. Эрдэмтэд ийм л хоолны дэглэм хамгийн эрүүл гэж батлаад байна шүү дээ. Би ч иймэрхүү хоол бэлдээд ч сурчихлаа.

— Та хүүхдүүдээ өөрөө асардаг гэж үнэн үү. Та нартай хамт нөхрийн тань хуучин найз бүсгүйн хүү, 12 настай Кассиус бас амьдардаг биз дээ?

— Тийм ээ, Кассиусыг нөхөр бид хоёр гурван настайгаас нь эхлэн өсгөж байна. Зарим сэтгүүлчид хувийн амьдрал руу маань хэт орж, намайг муулахыг хүсдэг. Кассиус дүүтэй болно гэж анх мэдээд нэг их дуртай байгаагүй л дээ. Түүнийг дуртай компьютер тоглоомноос нь салгана гэж айдаг байлаа. Гэхдээ одоо зүгээрээ, ах дүү гурав ирээдүйд жинхэнэ үнэнч найзууд болно гэдэгт би итгэдэг. Хөвгүүд хоорондоо муудалцаж, гар зөрүүлж л байдаг шүү дээ, гэхдээ л тэднийг хайр холбодог юм. Анх Ноаг төрсний дараа би бүгдийг өөрөө чадна гэж бодоод асрагч хөлслөөгүй. Нөхөр маань гайхалтай халамжтай аав, эцэг хүний үүргээ маш сайн гүйцэтгэдэг.

Нөхөр маань хүүхдүүдээ хооллож, живх сольж чаддаг. Өөрөө ч ийм ажил хийх дуртай. Намайг маш их ядарч байгааг хараад нөхөр маань л ихэнх ажлыг амжуулдаг. Хоол хийгээд л намайг ажлаасаа ирэхийг хүлээдэг байлаа. Жинхэнэ эр хүн. Гэхдээ л хэсэг хугацааны дараа хэн нэгэн маань байнга нойр дутуу явж, сэтгэл санаа хямарсны улмаас салж ч мэдэх юм гэж бодоод шөнө ирдэг асрагч хөлсөлж байсан. Гэвч удалгүй нэгэн асрагч асардаг хүүхдээ хөнөөсөн тухай аймшигтай мэдээ сонсоод асрагчаа халчихсан, нэг л эвгүй санагдаад. Тэгээд ээж эгч хоёроо дуудсан, би тэдэнд зуун хувь итгэж болно шүү дээ.

— “Мэлхий нинжа” шинэ төсөлд та хоёр дахь хүүхдээ гэдсэндээ тээж байгаад тоглосон байх аа ?

— Тийм ээ, жирэмсэн болсноо зураг авалт эхлэснээс хойш 14 хоногийн дараа л мэдсэн. Гэхдээ би хэнд ч дараа болоогүй. Эхний гурван сар хэцүү байсан л даа, байнга дотор муухай оргиж, бие сульдаж, унтмаар л санагдаад байдаг байлаа. Зураг авалтын багийнхан бүгдээрээ миний аюулгүй байдлыг хангаж, тайван байлгахыг хичээдэг байсан. Гэлээ ч энэ кинонд action олонтаа гардаг учраас гүйж харайх хэрэг байсхийгээд л гарна. Хоёрдугаар сард хүү Бодигоо төрүүлээд дахиад л зураг авалтын талбайд ирсэн дээ, гэхдээ энэ удаад эрүүл саруул, хүчтэй, ажлаа үргэлжлүүлэхэд бэлэн ирсэн.

Нээрээ, би хүүхэд байхаасаа л мэлхий нинжа хүүхэлдэйн кинонд их дуртай байсан. Миний хамгийн хайртай дүр болон Микеланжело. Мэлхий нинжануудтай хамт баатарлаг үйлс бүтээж явдаг сэтгүүлч Эйприл О Нилтэй адилхан хүчтэй болохыг мөрөөддөг байлаа. Анх найз залуутайгаа уулзаж байхдаа дахин дахин энэ хүүхэлдэйн киног үзэхийг шаардана. Брайнд хэцүү л байсан байх. Харин миний тачаангуй төрхийг харахыг хүсэгчдэд хандаж хэлэхэд та бүхний урмыг хугалах нь дээ, Эйприл үргэлж хувцастай явдаг, ямар ч нүцгэн хэсэг байхгүй. Миний дүр залуу охидын хувьд үлгэр дуурайл болох ёстой шүү дээ. Харин тачаангуй төрхийн тухайд гэвэл зарим найруулагчид надаас ийм зүйл шаарддаг, Холливудын өөр эмэгтэй жүжигчдээс ч тэр. Гэхдээ би нэг их дургүйцдэггүй л дээ, тачаангуй байдлыг ухаан, сэтгэлийн хүчтэй хослуулж болно. Харин тэр янз бүрийн жагсаалт гараад намайг секс бөмбөг гэж тунхаглаад байгааг хараад инээд хүрдэг юм. Хэрэв би 800 саяын орлого олсон кинонд тоглоогүй байсан бол намайг энэ жагсаалтанд оруулахгүй шүү дээ.

— “Мэлхий нинжа” киноны ерөнхий продюсер, өмнө нь “Трансформерс” киног найруулсан Майкл Бэй та хоёрын хооронд томоохон шуугиан гарч байсан даа /2010 онд “Трансформерс” киноны хоёр дахь хэсэг гарсны дараа Меган ярилцлага өгөхдөө Бэй найруулагчийг зураг авалтын үеэр дарангуйлагч шиг харьцдаг хэмээн Гитлер, Наполеонтой зүйрлэж байлаа. Үүний дараа киноны гүйцэтгэх продюсер  Стивен Спилберг жүжигчин бүсгүйг нэн даруй халахыг шаардаж, улмаар шүтэн бишрэгчдийг гонсойлгон Меганы оронд Роза Хантингтон “Трансформерс” киноны гурав дахь хэсэгт тоглож байв

— Тийм ээ,  өмнө нь бид таарамжгүй байсан, гэхдээ би түүний ар хударгаар юу ч яриагүй шүү. Бүхнийг ил тод л хэлсэн. Майкл бид хоёр тэр үедээ ч ойр байсан, бид олон талаараа адилхан. Хүчтэй, гэхдээ бас их эмзэг.

— Гэхдээ «Трансформерс» кинонд хамтран тоглосон Шайа Ла Баф өөр зүйл ярьж байсан даа. “Меган супер эмэгтэйн хүч, эрх мэдэлтэй. Энэ нь ч Майклтай ажиллахад саад болсон. Олон хүн Майклыг эмэгтэй жүжигчдийг кинондоо хэрхэн тоглуулдагаас нь болоод нэг тийм завхай найруулагч гэж боддог л доо. Харин Меган гэнэт гарч ирээд л асар том төслийн тачаангуй хөдөлгөгч хүч болсон. Дэлхийн хамгийн тачаангуй, хүсэмжит бүсгүй гэж энэ дээ гэж бид зарлах шиг л болсон. Тиймдээ ч Меганд найруулагчийн хүслийг биелүүлэхэд хэцүү байсан” гэж ярьж байсан шүү дээ?

— Тийм шүү, эхний кино гарсны дараа л би дэлхийн хамгийн “халуухан юм” болж хувирсан. Цахим хуудсууд ядаж нэг өдөр “Секс бөмбөг Меган Фоксын талаар ярихгүй байя” гэж хүртэл тохиролцож байсан гэнэ лээ. Үнэхээр солиотой юм. Бүхий л жүжигчид тэр дундаа эмэгтэй жүжигчид дотроо өөрсдийгөө голж, итгэлгүй байдаг гэж би боддог. 

Гагцхүү энэ л мэдрэмж биднийг шоу бизнес рүү түлхдэг юм. Харин тэр тачаангуй байдлын тухайд гэвэл хувь тавилан, зорилго чиглэлээ ухамсарлахын тулд хяналттай л байх хэрэгтэй. Эрчүүд хэн нэгэнд татагдаж байгаагаа мэдэх үедээ аймхай болдог. Түүн шиг эмэгтэй хүн гоо сайхан, бусдыг татах чадвараа мэдэж, үүнийгээ хяналтандаа байлгаж чадах хэрэгтэй. Эмэгтэйчүүд хэн нэгэнд таалагдах гэж байдгаараа хичээх хэрэггүй. Хүчтэй, эрхэмсэг, ихэмсэг бай, тэр цагт эрчүүд хөлний чинь өмнө хөглөрөх болно. Дөрвөн хөллөөд л гуйна. Гэхдээ орондоо оруулахын тулд ингэж болохгүй л дээ. Би өөрөө их үнэнч хүн. Миний амьдралд ердөө хоёрхон эр хүн байсан, нэг нь миний дунд сургуулийн анхны хайр, нөгөө нь миний нөхөр Брайн. Тиймээс ч хайргүй хүнтэй нэг оронд орно гэж төсөөлж ч чаддаггүй юм. Бодохоос л дотор муухай оргимоор.

— Та анхны хүүхдээ гаргасныхаа дараа л дүрээ сонгохдоо болгоомжтой хандана гэж хэлж байсан?

—Мэдээж, ээж болсон хүн чинь хариуцлагатай байх ёстой. Хөвгүүд маань сургуульд орсны дараа нэг ангийнхан нь миний загвар өмсөгчөөр ажиллаж байсан үеийн ч юмуу зургийг үзүүлвэл яана гэж би боддог. Хөвгүүд маань айна, тэдний хүмүүжил огт өөр. Би хүүдээ Библийн Ноа гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй юм. Олон хүн намайг шашин шүтдэг гэхээр гайхах байх л даа. Гэхдээ би багадаа гэр бүлийнхэнтэйгээ хамт сүмд очдог, шашин шүтэж ирсэн.

"Кинонд тоглох хугацаа надад бага үлдсэн гэдгийг би ойлгож байгаа."

—Харин «Мэлхий нинжа» киног хүүхдүүддээ үзүүлэх үү ?

— Магадгүй ээ, гэхдээ би одоо хөвгүүддээ хүүхэлдэйн кино үзэхийг ч хориглочихсон байгаа. Хүүхдүүдээ харж байгаа өдрөө том хүүгээ саад болохгүй гэх үүднээс зурагт үз гээд хэзээ ч суулгахгүй. Харин дүү нараа харахад туслахыг гуйна. Би янз бүрийн ухаалаг төхөөрөмж, компьютерийн тоглоомд дургүй. Хүүхдүүд маань том болоод битгий тоглоосой гэж хүсдэг. Ядаж наймдугаар анги хүртлээ утасгүй байлгана гэж бодож байгаа. Би өөрөө ч гэсэн аль болох компьютерт ойртохгүй  байхыг хичээдэг.

— Та ч их хатуу ээж юм аа?

— Үгүй дээ, үгүй. Зүгээр л хүүхдүүд маань өөр зүйлд сатаараад намайг тэдэнд ямар их хайртай гэдгийг ойлгохгүй байвал яах юм бэ, би түүнээс л айдаг. Ер нь бол би галзуу ээж л дээ, үүнийгээ нуухгүй.

— Тэгээд цаашид яах вэ. Та тэднийг гэрээсээ хааш нь ч гаргахгүй юу?

— Тийм ээ, тийм! Яг тийм! Охидтой болзохыг нь ч зөвшөөрөхгүй. Ямар ч үдэшлэг бүжиг гэж байхгүй. Ядаж 25 нас хүртлээ шүү. Тэд үргэлж надтай хамт байж, тэдэнтэй л хамт амьдрахыг хүсч байна. Тэд намайг ингэсний минь төлөө үзэн ядах байх л даа. Тиймээс хөвгүүд маань намайг хамгийн сонгодог, ер бусын  ээж гэж ойлгохын тулд би бүгдийг хийнэ. Тэд намайг ингэж бодвол надтай үргэлж хамт амьдарна шүү дээ.

—  Та алдар нэрэнд дургүй гэдгээ нэг бус удаа илэрхийлж байсан. Харин танай нөхөр та нарыг үргэлж дагаж мөрддөг папарацциудтай үргэлж тулж, шүүхээр ч үзэлцдэг гэдгээрээ алдартай. Одоо хүүхдүүдээ төрснөөс хойш хувийн орон зайгаа хамгаалах шийдэмгий байдал нь улам хүчтэй болсон байх даа?

Хүмүүс юу ч ойлгодоггүй гэж би боддог. Бид том байшинд амьдарч, үнэтэй машин унаж байгаа учраас буланд нуугдаад л , юунд ч гомдоллохгүй, чимээгүйхэн сууж байх ёстой гэж боддог. Энэ нэр алдар яг л сургуульд ангийнхан чинь бөөнөөрөө дагаж явахтай адил гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Намайг сургуульд байхад хүүхдүүд байнга дагаад л, надад тийм таатай байгаагүй. Гэтэл одоо хэдэн мянган хүн дагаад, үйлдэл болгоныг хараад байна гэдэг онцгүй шүү дээ.

— Гэхдээ та үүнээс болоод киногоо орхичихгүй юм байгаа биз дээ?

— Энэ бизнесд эмэгтэйчүүд нас ахих тусам үнэ цэнээ алддаг гэдэг нь аймшигтай. Кинонд тоглох хугацаа надад бага үлдсэн гэдгийг би ойлгож байгаа. Хүүхдүүдтэйгээ хамт байх цаг гаргахын тулд жилд нэг л удаа ажиллая гэж шийдсэн. Гэхдээ хөвгүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийх зэрэг ирээдүйг нь баталгаажуулах шаардлагатай шүү дээ, тэгэхээр ажлаа хаячихаж болохгүй. Азаар миний ажил гэр бүлийн амьдралыг маань хангалттай санхүүжүүлээд байдаг юм. Нөхөр маань миний сайн найз, итгэлтэй хүн. Бид үргэлж нэгнээ хайрлан, хамтдаа өтөлвөл бусад хүмүүст би яаж харагдаж, тэд намайг хэрхэн хүлээн надад огт хамаагүй.