Дуу цахилгаантай борооны улмаас айлын гэр дээр аянга буусан, аянгад цохиулж нас барсан тохиолдол жил бүр гардаг.
Харин аянга буухаас сэргийлдэг газардуулагчийн талаар иргэд тэр бүр мэддэггүй. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Уръдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г. Сэдэдсүрэнгээс тодрууллаа.
-Дуу цахилгаантай борооны улмаас аянга буух тохиолдол гарч байна. Үүнээс хэрхэн сэргийлэх ёстой вэ?
-Түр зуурын дуу цахилгаантай борооны улмаас ч аянга буух магадлал өндөр байдаг. Тиймээс бүх байшин барилга, амины орон сууц аянга зайлуулагчтай байх ёстой.
Газардуулагч нь аянгыг обьектоос холдуулж газарт буулгах үүрэгтэй. Орон сууцнаас гадна улсын онц чухал обьект болох нефтийн агуулах, шатахуун түгээх станц зайлшгүй газардуулагчтай байх ёстой учраас амьдарч байгаа орчинд чинь дээврээсээ хана дагаж газар руу орсон төмөр байгаа эсэхийг шалгаарай.
-Манай барилга, байшингуудад газардуулагч байдаг уу?
-Огт газардуулагчгүй гэж бүртгэгдсэн барилга байхгүй. Харин хуучны 40, 50 мянгатын байрнуудын газардуулагч ашиглалтын явцад элэгдсэн, хүний буруутай үйл ажиллагаанаас болж тасарсан тохиолдол бий.
Тиймээс дуу цахилгаантай бороотой үед гэрийнхээ янданг буулгаж, өрхөө бүтээх хэрэгтэй. Мөн аль болох өндөрлөг газар явахгүй байж биед байгаа төмөр эдлэл, мориноос холдох, гар утсаа салгах, машин мотоциклио унтраах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!