УИХ-ын гишүүн, Ж.Энхбаярыг “Алтайн хүдэр” компаниас хандив хэмээн 450 сая төгрөг авсан гэх хэргийг АТГ-т шалгахаар болжээ.
Тэрбээр эл 450 сая төгрөгийг өөрийн анх үүсгэн байгуулсан “Алтайн эрин” ТББ-аараа дамжуулан авсан тухай баримт холбогдох албаны хүмүүст байгаа аж.
Өөрөөр хэлбэл тус компани Говь-Алтай аймгийн “Цээл” суманд үйл ажиллагаагаа явууулдаг. Ингэхдээ тэд тус аймгийн эрх мэдэл бүхий хүмүүс болон ТББ-д хандив нэрээр олон зуун сая төгрөгийг жил бүр өгдөг байсан аж.
Тэд өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа нуухын тулд нутаг орныг хөгжүүлэх нэрээр өнгөлөн далдлалт хийсэн байж болзошгүй гэж хуулийнхан үзэж байгаа аж.
Үүнээс УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын үүсгэн байгуулсан “Алтайн эрин” ТББ-д бараг хагас тэрбум орчим төгрөгийг зориулсан аж. Тодруулбал 2010 онд 50 сая төгрөг, 2011 онд 400 сая төгрөг буюу нийт 450 сая төгрөгийг түүний ТББ-д хандивлажээ.
Ямартай ч эрхэм гишүүнийг хандив нэрээр авлига авсан уу гэдгийг нь хуулийн байгууллага тогтоохоор болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!