2014 оны чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорват улсын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн барилдаан болж манай дөрвөн бөх зодоглосноос 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг гарамгай сайн барилдаж бүх өрсөлдөгчдөө илүүрхэн ялж залуучуудын дэлхийн аварга гэдэг хүндтэй цолыг хүртлээ.
Тиймээс түүнийг “Монголын мэдээ” сонин өнгөрч буй долоо хоногийн дуулиант нөхрөөр нэрлэж байгаа юм. Тэрбээр манай улсаас дэлхийн залуучуудын аварга гэдэг цолыг хүртсэн Монголын долоо дахь, бүсгүйчүүдийн хувьд гурав дахь бөх болов. Тэрбээр Азийн өсвөрийн болон залуучуудын аварга, дэлхийн залуучуудын аварга цолыг дараалан хүртэж, гайхалтай амжилт гаргаад байгаа юм. А.Батцэцэг нь “Хасу-Мегастарс” клубын тамирчин бөгөөд дасгалжуулагч Ц.Баярсайханы шавь нараас төрсөн хоёр дахь дэлхийн залуучуудын аварга бөх болж байна. Өмнө нь 2007 онд олон улсын хэмжээний мастер Т.Даваахуяг БНХАУ-ын Бээжин хотод дэлхийн залуучуудын аварга болж байсан юм.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 20 бөх барилдсанаас А.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хьюжинг Вангийг, гуравдугаар тойрогт Германы бөх Женни Сенжерийг цэвэр ялсан байна. Улмаар мөнгөн медалийн төлөө барилдаанд Японы бөх Нанами Ириег 8:3-аар ялж, алтан медалийн төлөө Украиний бөх Татьяна Киттэй өрсөлдөж 10:0-ээр илт илүүрхсэнээр аварга болжээ. Залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг 1994 онд Дархан-Уул аймагт төрсөн. Нийслэлийн Баянгол дүүргийн 47 дугаар дунд сургуулийг 2012 онд төгсөөд ҮБТДС-д элсэн одоо гуравдугаар дамжаанд суралцаж байгаа аж.
Тэрбээр 2007 онд “Хасу-Мегаватт” клубт орж дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлжээ. Улмаар 2010 он спортын мастер, 2014 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн аж. А.Батцэцэг хүүхдийн спортын наадмаас алт, өсвөр үеийн УАШТ-нээс хүрэл, залуучуудын УАШТ-нээс хүрэл, хошой алт, мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-нээс алтан медаль хүртээд байгаа шилдэг тамирчин юм.
А.Батцэцэг хүүхдийн спортын наадмаас алт, өсвөр үеийн УАШТ-нээс хүрэл, залуучуудын УАШТ-нээс хүрэл, хошой алт, мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-нээс алтан медаль хүртээд байгаа
Мөн 2009 онд Улаанбаатар хотод болсон Олон улсын хүүхдийн спортын монгол туургатны наадмаас алт, 2011 онд Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс 2011 онд Тайланд улсын Бангкок хотод алт, өсвөрийн ДАШТ-нээс Унгар улсын Зомбаттелли хотод мөнгө, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 2013 онд Тайланд улсын Пукет хотод хүрэл, 2014 онд Улаанбаатар хотод алт, 2014 онд Хорват улсын Загреб хотод болсон залуучуудын ДАШТ-нээс алтан медаль хүртжээ. Түүнээс гадна “Mongolia Open” олон улсын тэмцээнээс 2013-2014 онуудад хошой мөнгө, 2014 онд ОХУ-ын Красноярск хотод болдог Миндиашвилийн нэрэмжит олон улсын тэмцээнээс алт, И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна.
А.Батцэцэг бол сүүлийн жилүүдэд Монголын чөлөөт бөхийн ертөнцөд гарч ирээд байгаа гурав дахь Батцэцэг нэртэй бөх юм. Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг дэлхийн аварга цол хүртэж, Лондоны олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Тэгвэл Налайхын “баавгай” хочит Б.Батцэцэг 2010 онд хүүхдийн анхдугаар олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан түүхтэй. Харин энэ удаад А.Батцэцэг залуучуудын дэлхийн аварга болж, ирээдүйн залгамж халаа ямар хэмжээнд бэлтгэгдэж байгааг баталлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|