Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг зургаадугаар сарын 14-өөс арилжааны банкууд олгож эхэлсэн. Харин өмнө нь орон сууцны зээлтэй байсан иргэд энэхүү найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болж зээлээ шилжүүлээд байгаа.
Банкууд одоогоор иргэдэд нийт 900 тэрбум орчим төгрөгийн зээлийг амжилттай олгосон байна. Иймээс цаашид зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Монголын ипотекийн корпораци зээлийн багц худалдан авах, орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргахаар төсөл боловсруулан ажиллаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар МИК-н гүйцэтгэх захирал Д.Гантөгс “Бид санхүүжилтийн нийт хэмжээ нь 100-150 сая ам.доллар байхаар төлөвлөж байгаа. Арилжааны банкуудтай ярилцаж тохиролцон гэрээ хэлэлцээр байгуулна. Үүний дараагаар тодорхой тоо гарах байх” хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!