ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Махны үнэ өсөх хандлагатай байна

Н.Мичидмаа, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 24
Өдрийн шуудан
Зураг зураг

Монголчуудыг наадамлаж байх хойгуур ам.долларын ханш өсч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн талаар хэрэглэгчид ярьж байна.

Долдугаар сарын 1-нээс эхлэн талх, гурилан бүтээгдэхүүний үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн.

Цаашдаа махны үнэ өсөх хандлагатай байгаа аж. Бид иргэдийн мэдээллийн мөрөөр “Барс”, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж дараах тодруулгыг бэлтгэлээ. Бөөний үнэ нь бусдаасаа арай хямд байдаг “Барс” зах эл хуль болжээ. Харин “Бөмбөгөр” хөл хөдөлгөөнтэй байсан юм.

Б.ЭРДЭМЧИМЭГ: ДОЛЛАРЫН ҮНЭЭС БИШ МАЛЧДААС ШУУД ХАМААРАЛТАЙ

“Барс” захын махны худалдаа эрхлэгч Б.Эрдэмчимэгтэй уулзаж махны үнэ сонирхлоо.

-Махны үнэ өмнөх саруудаас нэмэгдсэн үү?

-Дорвитой өсөөгүй. Хонины мах 8000 төгрөг, үхрийн мах 8500-10000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Махны үнэ тогтворжих байх гэсэн горьдлого тээж сууна.

-Доллар, юанийн үнэ өссөн сургаар зарим газар үнээ нэмж байна. Гэхдээ махны үнэ доллараас хамаарахгүй биз дээ?

-Max ямар ч хамааралгүй. Хамгийн гол нь малчид үнээ өсгөж зардаг. Ер нь сүүлийн үед малчид ченжүүдэд бус шууд худалдааны байгууллагуудтай хамтран ажиллах болсон. Яагаад гэвэл үнийн худал хөөрөгдөл гарах магадлалтай гээд иргэдээ бодож шууд харьцаж байгаа.

-Малчдын гар дээрээс шууд нийлүүлж байгаа болохоор үнэ нь боломжийн байна уу?

-Махыг тогтсон үнээр зарвал сайн л байна. Гэтэл тийм биш. Байнга л үнэ нь хэлбэлзэж байдаг. Малчдыг үнээ нэмбэл бид махны үнийг өсгөхөөс өөр аргагүй. Сайн ойлголцож чадахгүй бол тэнгэрт тултал нэмнэ шүү дээ.

Д.АРИУН: "БӨМБӨГӨР" ХУДАЛДААНЫ ТӨВИЙН БАРАА ИЛҮҮ ЧАНАРТАЙ

Үүний дараа бид “Бөмбөгөр” худалдааны төвөөр орсон юм. Махны худалдаа эрхлэгч Д.Ариунаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Барс” захын махны ханш “Бөмбөгөр” худалдааны төвийнхөөс ялгаатай юу?

-Манайх зөвхөн тогтсон хүмүүсээс л авдаг. Мэдээж илүү чанартай. Яагаад гэвэл зарим худалдаачин хямд үнийг нь харгалзаж ашгаа бодоод сарлагийн мах авч борлуулдаг.

-Махны үнэ өсөөгүй биз дээ?

-Ирэх долоо хоногоос 100-200 төгрөгөөр нэмэгдэх хандлагатай байна. Иргэдийн хөл ихсэх тусам бид үнээ буулгахыг хичээдэг. Өглөө үнээр нь зардаг бол үдээс хойш үнээ буулгадаг. Ид хөдөлгөөнтэй үед 500 төгрөгөөр буулгах ч тохиолдол бий.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Талх гурилан бүтээгдэхүүний үнэ өсч 1300 болсон ч мах болон ногоо, нарийн ногооны үнэ хэлбэлзээгүй гэж худалдаачид ярьж байлаа. 

Зураг