
-Эрүүл амьдрах эрхээ нэхье-
“Зууны мэдээ” сонин автомашины дуут дохио хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар өнгөрсөн баасан гаригийн дугаартаа “Дураараа жолооч нарын дуут дохиог хураая” нийтлэлээрээ хүргэсэн.
Дэлхийд хүн амын сонсгол бууралт, дүлийрэлт 280 саяд хүрч буурахгүй байгаа. Энэхүү сонсголын бэрхшээлтэй 10 хүн тутмын нэгийг мэс заслаар, есийг нь орчин үеийн аппарат ашиглан сонсголыг нь сайжруулдаг.
Манай оронд нийт хүн амын 12.1 хувьд сонсголын эмгэг илэрч, 240 мянга шахам хүн сонсголын өөрчлөлттэй байгаагаас 1500 гаруй хүн таг дүлий, сонсголын ямар нэгэн тусламж авч чадахгүй. Боловсрол, ажил мэргэжилгүй, тахир дутуугийн группт байдаг ажээ. Энэ бүхэн нь машины болон янз бүрийн дуу чимээнээс болдог байна.
Энэ удаа ЭМЖЖ эмнэлгийн Сонсгол сэргээх төвийн дарга, сонсголын их эмч Д.Өлзийсайхантай ярилцлаа.
-Автомашины дуут дохио хүний сонсголд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Дуу чимээ хүний сонсголын мэдрэлд маш хортойгоор нөлөөлдөг. Гэхдээ огцом чанга чимээ, дохио, тэсрэлт дэлбэрэлт нь хүний дотор чихний сонсголын мэдрэлийг гэмтээж нураачихдаг. Дотор чихэнд байгаа сонсголын мэдрэлүүд нь нурчихаар сонсгол муудаж дуу чимээг хүлээж авдаггүй.
Дуу чимээний хор нөлөө эргэж сэргэхдээ хэцүү байдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Ялангуяа, жолооч нар хажуугаар нь хүмүүс явж байхад дуут дохиогоо хүчтэй дарахад тухайн хүн гэнэт цочсоноос стресст орж, сонсгол муудаж чих нь шуугидаг. Хэчнээн эм, тариа, гармон хэрэглэсэн ч буцаж сэргэхдээ маш удаан. Зарим тохиолдолд сэргэхгүй байх нь ч бий. Үүнээс болж тухайн хүн тахир дутуу болох эсвэл сонсголын аппарат зүүх шаардлага гардаг.
-Сонсгол яагаад нөхөн сэргэдэггүй юм бол. Энэ талаар тайлбарлаж өгөөч?
-Аажим шуугианд орж сонсгол буурсан тохиолдолд нөхөж сэргэхгүй. Хурцаар гэнэт сонсгол муудсан үед өндөр хэмжээгээр гармоны эмчилгээ хийсэн ч сэргэхдээ маш удаан. Эмчилгээний зардал өндөр гардаг учраас хэцүү.
-Сонсголыг нөх өн сэргээх ямар эмчилгээн үүдийг хийж байна вэ?
-Манайд нөхөн сэргээх эмчилгээ төрөлжсөн байдаг. Тухайлбал, лазерын болон чихний шуугианы эсрэг эмчилгээ байна. Хүний чих огцом дуу чимээнд орсноос шуугидаг. Чих шуугих нь бие даасан зовиуртай өвчин.
Энэ өвчин нь сонсгол муудсанаас илүү зовиурладаг. Үүнийг бас анхаарах хэрэгтэй. Машины дуу чимээ, дэлбэрэлтээс болж чих хэд хоног дүлийрч байгаад шуугидаг. Шуугианы эсрэг эмчилгээг хурц үед нь эмийн болон лазер эмчилгээ хийнэ.
Эмийн эмчилгээ хийгээд үр дүнгүй тохиолдолд шуугиан дардаг сонсголын аппаратаар эмчилдэг. Ер нь сонсголын гол эмчилгээ бол эмийн эмчилгээнээс илүү аппарат байдаг. Шуугианы эсрэг эмчилгээ зардал өндөртэй.
-Өнгөрсөн тавдугаар сард автобусны жолооч дуут дохиогоо дуугаргаснаас нярай хүүхдийн тархинд цус харвасан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ялангуяа, нярай хүүхдүүдэд дуу чимээ хүчтэй өгөхөд тухайн хүүхдийн сонсгол гэмтдэг. Тиймээс хүүхдэд аппарат зүүлгэж болохгүй учраас гармоноор эмчилдэг. Машины дуу чимээнээс болж дунд чих гэмтдэггүй харин сонсголын яснууд тасардаг.
Машины дуу чимээ сонсголоос гадна мэдрэл, сэтгэцэд их нөлөөлдөг. Тухайлбал, тархинд нөлөөлж гэнэтийн цочрол, стрессд орно. Энэ нь том хүн дээр элбэг биш. Хүүхдэд их тохиолддог. Ялангуяа, хүүхдийн дунд чих их эмзэг. Хүүхдийн чих гэмтэхдээ ч амархан эргэж сэргэхдээ ч хурдан байдаг.
-Сонсголын ямар тохиолдолд мэс засал хийдэг юм бол?
-Дунд чихний архаг үрэвсэл, мөн төрөлхийн таг дүлий хүүхдүүдэд дотор чихний дунгийн суулгацийн хагалгаа хийдэг. Хүчтэй дуу чимээнээс болоод сонсголын мэдрэл нь нурсан хүүхдүүдэд хийхгүй. Нарийн шинжилгээний дүнг харж байгаад дунгийн суулгацийг хийдэг.
-Танай эмнэлэгт сонсголын аппара т хийлгэж, оношлуулахад хэдэн төгрөг байдаг вэ?
-Тухайн хүн анх үзүүлэхээр ирэхдээ төлбөр төлнө. Манай эмнэлэгт Монголд хийдэгггүй сонсголын иж бүрэн шинжилгээнүүдийг хийж байгаа. Шинжилгээг 10-70 мянган төгрөгийн хооронд хийдэг. Шинжилгээгээ өгчихөөд дараагийн шатны эмчилгээ хийлгэхэд 100 мянга гаруй төгрөг болно. Аппарат зүүхэд 350-иас хэдэн сая төгрөгийн зардал гарах тул эдийн засгийн хувьд ч хохиролтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!