
Украйнд үүссэн нөхцөл байдал дэлхий нийтийг түгшээсээр байна. Тус улсын зүүн өмнөд хэсгийн Донецк, Луганскийн хоёр мужид зэвсэглэсэн салан тусгаарлагчид хяналтаа тогтоож, бие даасан бүгд найрамдах улсуудыг дур мэдэн зарлан тунхагласан билээ. Тэд байлдааны ажиллагаа өдөөж, олон зуун мянган энгийн иргэд гэр орноо орхин дүрвэхэд хүрээд байгаа билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун зэвсэглэсэн салан тусгаарлагчдын үйл ажиллагааг хууль бус гэдгийг мэдэгдээд, Украйны Засгийн газарт хандан дээрхи мужуудын иргэдийн аюулгүй байдлыг хангахад боломжтой бүхнийг цаг алдалгүй хийхийг уриалжээ.
Түүнчлэн хүчирхийллийг нэн даруй зогсоож зөрчлийг энхийн аргаар шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны мэдэгдлийн дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Францын тэргүүн Ф.Олландтай Украйны асуудлаар утсаар санал бодлоо солилцжээ. Цагаан ордны мэдээллийн албанаас хоёр улсын төрийн тэргүүний ярианы талаар хэвлэлийн бага хурал хийж, “АНУ, Франц улсын хамт ОХУ-д хандан Украйны нөхцөл байдлыг хурцатгах үйлдлээ зогсоож, салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлэх, хилийнхээ ойролцоо цэргийн хүчээ бөөгнөрүүлэхээс татгалзахыг уриаллаа” гэжээ.
Хоёр улсын төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэлдээ “АНУ, Европын холбоо цаашдын алхмуудаа зөвшилцөн байдлыг хурцатгахаа зогсоотол ОХУ-д шахалт үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээсэн байна. Энэ бүхнээс үзэхэд НҮБ, АНУ, Европын холбоо Украйнд болж буй үйл явдалд нэг байр сууриас хандаж буй нь илт. Нэн ялангуяа АНУ, Франц улс Украйны хямралыг ОХУ өдөөж байгааг шууд хэллээ.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки ОХУ-д ихээхэн шүүмжлэлтэй хандаж, “ОХУ-аас дэмжлэг авсан салан тусгаарлагчид хүчирхийлэл өдөөн байшин барилга эзлэн энгийн иргэд рүү дайрч давшилсаар байна.
Тэд тусгаар тогтносон Украйнд ийм зүйл хийх ямар ч эрхгүй. Украйны удирдлага улс орноо хамгаалахын тулд салан тусгаарлагчдын эсрэг зэвсэг хэрэглэхээс өөр яах билээ. Хямралыг чухам салан тусгаарлагчид анх өдөөснийг мартаж болохгүй” гэсэн юм.
Украйнаас Крымыг салган өөртөө нэгтгэж дөнгөсөн Кремль тус улсыг цаашид ч хэсэглэн “идэх”-ийг өрнөдийн ертөнц зүгээр хараад суухгүйгээ ийнхүү чанга дуугаар илэрхийлж эхэллээ. Зарим шинжээчийн үзэж буйгаар энэ нь шинэ хүйтэн дайны эхлэл байж болзошгүй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!