Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Орон гэргүй, орц хонгилоор амьдардаг тэнэмэл хүүхдүүд хаачив

Б.Төрбат
2014 оны 7 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

Гудамжинд гарч байгаа 100 хүүхдийн 50 нь интернэт тоглоомоос болж гэрээсээ дайжжээ

Ээзгий ааруул ёроолд нь дэвтээсэн
Ээжийн бор аяга харагдаад байна аа... гэж сөөнгө дуутай бяцхан жаа­лын дуулахыг сонсолгүй уджээ. Шил лаазхан түүж голоо зогоодог хүүхдүүд хотын төв болон захаар үзэг­дэхээ больсныг гэнэт анзаарлаа. Гудамжинд ганц нэгээрээ яваа охид, бүс­­гүй­чүүдийг айлгаж, ичээ­дэг тэр танхай гэмээр хүүхдүүд нэг л мэдэхэд алга болчихож. Тэднийг байхгүй болохоор хаачсан юм бол гэх бодол өөрийн эрхгүй төрнө.

Энэ удаа манай сонин бидний хамгийн сайн мэддэг атлаа мэддэггүй “тэнэмэл” гэх тодотголтой хүүхдүүдийн амьдралын талаар хөндөж байна. Бид “Тэнэмэл хүүх­дүүд... Монголын ирээдүй гудам­жинд амьдарч байна. Тэд цөөрчээ” гэж ярьж, бичсээр сүүлдээ ор тас мартаж.

Тэр ч битгий хэл энэ талаар хөндсөн нэгнээ эвэртэй туулай үзсэн мэт хэлэх болсон. Ёстой л их ярь­вал улиг, ганц хэлбэл билэг гэдэг шиг. Гэхдээ улиг бол­лоо гээд орхих зүйл биш юм.

Тиймээс энэ талаар үргэлж хөндөж, мартсан нэгэнд нь сануулж байх хэрэг­тэй гэж бодлоо. Учир нь өнөөдрийн тэнэмэл гэж адлагдсан тэдгээр хүүхдүүд хүссэн, хүсээгүй монголчууд бидний маргаашийн залгамжлагчид юм. Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал эргүүлээд чам руу их буугаар буудна гэх үг бий. Тэгвэл энэ үг өнөөдөр монгол­чуудад тул­гараад байх шиг.

Манай улсад 1990-ээд оны эхээр ард­чилалын хөх сал­хитай зэрэг­цэн “тран­шейныхан” гэх бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болсон. Их хотын төвд, их хөлийн газар ганцаардаж, орох оронгүйдэж гудамж, орц хонгил, траншейгээр гэр хийж явсан тэд өнөөдөр хаачив.

Зарим нэг нь “Багаасаа танхай өссөн хүүхдүүд нас бие гүйцээд хулгай, дээрэм хийж хэцүү нэртэд очоо байлгүй” гэж байхад нөгөө хэсэг нь “Гудамжинд өсч том болоод амьдрал ахуйгаа дээшлүүлээ байлгүй дээ” гэж ярьж байна.

Тэр ч битгий хэл өөр нэг хэсэг нь “Хүний наймааны золиос болсон” гэж үзэж байх юм. Ёстой л хүн хүний бодол санаа өөр өөр юм.

Өнөөдөр гудамжны амьд­ралыг сонгосон 6-17 насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь ар гэрийн ядуу, зүдүү байдлаас болж энэ амьдралыг сонгосон байдаг. Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төв дээр хүргэгдэж ирсэн хүүхдүүдийн ихэнх нь хөвгүүд. Тэд хүйтэн сэрүүний улиралд байрны орц, траншейнд орогнодог бол урин дулаан цагт цэцэрлэгт хүрээлэн, автобусны буудал, авто машины граж зэрэг дуртай газраа хонодог. Нэг үгээр хэлбэл малгай тавибал манайх, маргааш болвол танайх гээд явж байдаг гэхэд болно.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт шилжих шөнө Нийс­лэлийн цагдааг­ийн газ­р­аас Хүүх­эд гэр бүл, хөгж­л­ийн төв­тэй хамтран “Хүүхэд” нэгдсэн арга хэмжээ­ний хүрээнд тэнэмэл хүүхдүүд­ийг цуглуулах ажлыг зохион байгуулав. Улмаар хараа хяналтгүй байгаа зорилтот бүлгийн буюу “тэнэмэл” 41 хүүхдийг олж эцэг эх болон Хүүхдийн хаяг тогтоох төвд хүлээлгэн өгчээ.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газ­рын Гэр бүл­ийн хүчир­хий­лэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтс­ийн Мэдээлэл суртал­чилгаа хариуцсан мэргэ­жилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхтуяагаас зарим зүйлийг тодруулахад “Гудамжинд тэнэдэг 41 хүүхдийг олсон. Улмаар хаягийг нь тогтоож хүлээлгэж өгсөн. Үүний зургаа нь эмэгтэй, 35 нь эрэгтэй. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хөгжлийн төвд зургаа, Чингэлтэйн Гэр бүл, хөгжлийн төвд хоёр, Баянзүрхийн Гэр бүл, хөгжлийн төвд гурав, Сүхбаатар болон Баянгол дүүрэгт тус бүр нэг хүүхэд хүлээлгэж өгсөн. Бусдыг нь эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн байгаа. Тэд бүгд 11-17 насны хүүхдүүд” гэв.

Түүнчлэн “Дээрх хүүхдүүд гудамж талбайгаар л хоног төөрүүлж байсан. Урин дулаан цаг болохоор голын эрэг хавиар их байна. Харин “Өнөр бүл” төвөөс оргосон 10 хүүхдийн зургааг нь олж өгсөн. Хоёр нь өөрсдөө буцаад оччихсон байсан” гэсэн юм.

Өнөөдөр хүүхдүүд гэр­ээсээ дайжихад архидалт, хүчирхийлэл, амьжиргааны түвшин, гэр бүл салалттай холбон албаныхан тайл­барлаж байна. Эдгээр шалт­гаан дээр интернэт, тоглоо­ монд донтох явдал ч цөөнгүй байдаг аж. Гудамжинд гарч байгаа 100 хүүхдийн 50 нь интернэт тоглоомоос болж гэрээсээ дайжсан гэх судалгаа гарчээ.

Судалгаанаас үзэхэд жил­ээс жилд гудамжинд гарах хүүхдийн тоо багасч байгаа нь сайхан сонсогдож байгаа боловч үнэндээ тэд яагаад багассан бэ гэдгийг яг таг хэлчих баримт, судалгаа алга. Харин ч эсрэгээрээ гэр бүл салалт, хүчирхийлэл зэрэг хар бараан баримт даанч их. Тэд хаачив...

Зураг