Бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай шимт бодис болох уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис агуулсан хоол хүнсийг нас, хүйс, байгаль, цаг уур, ахуйн нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн байдалдаа зөв тохируулан хэрэглэхийг зохистой хооллолт гэнэ.
Идсэн хоол 2-3 цагийн дараа ходоодноос 12 хуруу гэдэс рүү шилжих үед өлсөх мэдрэмж төрдөг. Энэ үед бага хэмжээгээр хооллох нь тохиромжтой байдаг.
Өглөөний цай шинэ өдрийн эрч хүч өгдөг. Тогтмол ууснаар жингээ хянах, мөн эрүүл мэндэд ач холбогдолтой талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хоол зүйч Э.Гэрэлмаа зөвлөж байна.
Цөөн нэр төрлийн хүнс хэрэглэх нь хүний биед шаардлагатай шимт бодисыг нөхөж чадахгүй учир олон төрлийн хүнс хэрэглэх хэрэгтэй. Үүнд үр тариа, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, өөх тос, сүү, цагаан идээг өдөр бүр зохих хэмжээгээр хэрэглэнэ.
Жимс, хүнсний ногоо нь амин дэм, эрдэс, сүү, сүүн бүтээгдэхүүн кальцийн баялаг эх үүсвэр болдог учир яс сийрэгжилтээс сэргийлдэг. Гурван цагаан хор гэгдэх өөх тос, элсэн чихэр, давс нь даралт ихсэх, таргалалт үүсгэх, цусанд өөх тос ихсэх өвчин үүсэх хүчин зүйл болдог.
Өдөрт 4-6 аяга цэвэр ус уух нь бие махбодид бодисын солилцоо явагдах чухал орчин болдог. Архи, тамхинаас сэргийлж чадсанаар эрүүл амьдрах чухал хүчин зүйл болж чадна. Биеийн жингээ хэвийн хэмжээнд барих нь халдварын бус архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг.
Тайван сууж, удаан зажилж хооллох нь хоолны шингэцийг сайжруулж, амархан цадах мэдрэмж төрөхийн зэрэгцээ жингээ хэвийн хэмжээнд барихад чухал ач холбогдолтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!