Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Норовсамбуу: Монгол бичгээ мэдэхгүйгээр би Монгол хүн гэж гадныханд хэлэх аргагүй

Н.Лхагвасүрэн, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 2
Өдрийн шуудан
Зураг зураг

Монгол Улсын Үндэсний төө архивын даргаар он удаан ажилласан, соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор Г.Норовсамбуутай ярилцлаа.

-Таныг Үндэсний төв архивын дарга байсан гэхээр Монголын түүхийг нэвтэрхий мэдэх хүн гэж бодлоо?

-Монголын эзэнт их гүрний түүхээс өчүүхэн хэсгийг нь халбагадах төдий судалжээ. Түүх судлаач болоход багаасаа төвд, монгол бичиг сурсан минь нөлөөлсөн болов уу гэж боддог.

-Төвд бичиг хаана хэнээр заалгаа вэ?

-Би Өвөрхангай аймгийн Баруунбаян улаан сумын уугуул. Нутгаас гараад уджээ. Хорин нас хүртлээ хөдөө мал маллаж байгаад цэрэгт ирсэн. Ном сурах их сонирхолтой байж дээ.

Эцэг маань надад төвд бичиг зааж, дараа нь нутгийн залуу бичигтэн Цэрэнгээр монгол бичиг, 1945 онд гэрээрээ шинэ үсэг заалгаж билээ. Аль алиныг нь овоо сурсан юм байлгүй дээ түүх судлахад их дөхөм байсан.

-Таныг манай улсын архивын мэргэжлийн цөөн хүний нэг гэдэг. Энэ мэргэжлийг эзэмшсэн нь түүх сонирхсонтой тань холбоотой юу?

-Анхны мэргэжлийн хүн гэж хэлж болно. 1968 онд Москвагийн Түүх, архивын дээд сургуулийг төгссөн анхны гурван хүний нэг л дээ. Миний төгссөн сургууль одоо ч хэвээрээ байгаа. Тэр сургууль бидэнд их юм сургажээ. Өчүүхэн сурснаасаа одоо Тэнгэр” дээд сургуулийн оюутнуудад хичээл зааж байна даа. Манайд архивч мэргэжилтэй олон сайн боловсон хүчин бий болжээ.

-Монгол Улсын архив анх хэдийд үүссэн бэ?

-Анх 1927 онд Улсын төв архивын хадгаламжийн санг эхлүүлж анхны эрхлэгчээр нь 33 настай Лувсан гэдэг хүнийг томилсон байдаг. Би сургууль төгсч ирснийхээ дараа Манж, Богд хаант Монгол Улс, Ардын засгийн эхний үеийн баримт бичгийг цэгцлэх ажлыг түүх, монгол бичгийн өндөр мэдлэгтэй 20 шахам архивч ажилтныг удирдан гүйцэтгэсэн дээ. Манай улсын архив гэдэг их сонин байв. Аргагүй л цуглуулаад хураачихсан. Манай улс архивтай болсон нь В.И.Лениний ач гавьяа гэж боддог юм.

-Юу гэсэн үг вэ?

-Орост ялсан хувьсгалын дараа Ленин “Аливаа улс орон өөрийн түүх болоод олон зууны өмнөх хаадынхаа баримт бичгийг устгаж болохгүй хайрлан хамгаалах ёстой” гэж сургасан байдаг. Энэ нь манай улсад нөлөөлсөн юм. Анх бүх аймаг хошуудаас бичиг баримтыг цуглуулан тэмээн хөсөг, үхэр тэргээр нийслэл хүрээнд тээж авч ирж төвлөрүүлсэн юм билээ.

Заримыг нь шуудайд хийгээд амыг нь боочихсон, бүдүүн олсоор багласан байх жишээтэй. Ихэвчлэн муутуу цаасан дээр бичсэн, голдуу зураг зүйн баримт бичиг байдаг. Хэрвээ тухайн цагт анхаарахгүй хаячихсан бол өнөөдөр нүүдэлчид соёлоо хадгалж авч явж чадаагүй гэж ярих байсан байх.

-Монголын Үндэсний түүхийн архивт хадгалагдаж буй баримт бичгийн эртнийх нь хэдий үед хамаарагдах вэ?

-Өнөөдөр Монгол Улсын үндэсний түүхийн архивт XVI зуунаас өнөө үеийг хүртлэх албан хэргийн баримт бичиг, зураг төслийн баримт бичиг хадгалагдаж байна. Үүнээс эрт үеийн түүхийн баримтууд ёстой л нүүдлийн замд үрэгдээ биз дээ. Гэхдээ түүхийн ховор дурсгалууд гадаадын олон оронд хадгалагдаж байгаа. Одоо Итали улсын архивт 1246 оны Монголын их хаадын тамгын бичиг хадгалагдаж байна.

1305 онд Монголын ил хаан Өлзийтөөс Францын хаан Филипт монгол бичгээр бичсэн 42 мөр захидал бий. Франц улсад хадгалагдаж байгаа. Манай архивт Орос, Хятадын тухай материал бий. Манжаар бичсэн баримт их байдаг. Эдгээр нь ихэнхдээ гадаад дотоод бодлого, монголын тухай асуудал бичигдсэн байх жишээтэй. Нарийн тогтож унших л чухал.

-Тэр захидлын утга нь юу гэсэн байдаг бол?

-1305 он гэдэг дэлхий дахинд их ээдрээтэй байсан цаг. Монгол Улс гэхэд олон улс орныг эзлэн түрэмгийлсэн үе. Ил хаан Өлзийт Францын хаанд хоёр орон хоорондоо эв найрамдалтай байя гэсэн утгатай захидлыг муутуу цаасан дээр бичсэн байдаг. Ил хаан гэдэг нь их учиртай үг юм шүү дээ. Зарим хүмүүс ойлгохгүй байж мэднэ. Ил гэдэг нь өөрийн орноос гадаад улс орныг эзлэн авч, захиран суугаа хаадыг монголчууд “Ил хаан” гэж бичиж ирсэн түүхтэй юм.

-Үндэсний архивт нууц баримт бичиг гэж байх уу?

-Одоо манай улсад Тагнуул, Батлан хамгаалах, Нийслэл гээд тус тусдаа төрөлжсөн архивуудтай болсон. Тэдэнд нууц баримт бичиг гэж байгаа. Үндэсний архивт Ардын засгийн үеийн баримт бичигт нууц баримт гэж бий. Энэ нь тагнуулын баримт гэх мэт. Нууцлахаас арга байхгүй. Манж Богд хаант Монгол Улсын үе буюу Ардын засгийн үеийн нэн чухал баримт бичиг их хэмжээтэй бий. Жишээ нь, аймаг, хошууд, хилийн холбогдолтой бичмэл буюу зурмал баримт бичгүүд байдаг. Монгол Улсын газрын зураг, хил хязгаарыг Орос, Хятадтай яаж тогтоосон нь бий.

Манж, Богд хаант Монгол Улсын газрын зургийг маш нарийн зурсан байдаг. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын хилийг энэ зургаар тулгуурлан тогтоосон шүү дээ. Ер нь бидний өвгөд дээдэс газар нутгаа сайн мэддэг, хамгаалдаг байсан нь тодорхой харагддаг. Хошуу бүр тус тусдаа зургаан аймагтай, бүгд тус тусдаа газрын зурагтай. Өөрийн хошууны нутагт хэн нүүдэллэн орж ирэв, хэн гарав гэдгийг сайн мэддэг байжээ.

-Үндэсний төв архиваас 1800-аад оны баримтыг үзье гэвэл болох уу?

-Болно. Тухайн хошуугаа мэдэж байгаа бол ураг төрлийн чинь хүмүүс гарч ирнэ. Ихэвчлэн өрхийн бүртгэл байгаа даа. Архиваас их юм үзэж болно. Харин бидэнд бичиг үсгийн өргөн мэдлэг хэрэгтэй байна. Өнөөдөр манж, монгол бичиг сайн мэддэг хүн хуруу дарам цөөхөн байна шүү дээ. Бичгийн хэлтэй хүн бол их юм үзэж болно. Манай архивт олон хэлээр бичсэн материал бий.

Сайхан гаргагдахаар бичсэн монгол бичиг уншихад урамтай л байдаг. Бид эхлээд бичгийнхээ түүхийг мэддэг байх хэрэгтэй юм. Монгол бичиг нь согод гаралтай уйгар бичиг биш. Түүхэн цаг үед монгол, уйгарууд уг бичгийг дундын бичиг болгон хэрэглэж байжээ гэж үзэж болно. Босоо монгол бичиг гэж хэлж ирсэн бөгөөд монголчууд уг бичгийг зохиохдоо үсгийн хэв зурлагын нэрд малынхаа бие эрхтэн, дүрсийг хэрэглэсэн байдаг.

-Эртний түүхийн баримт муутуу цаасан дээр бичигдсэн байдаг гэх. Энэ муутуу гээд байгаа цаас хаанаас гарсан эд вэ?

-Цаасыг Хятадаас гаралтай гэж үздэг. Дараа нь олон газар тархсан. Чингис хаан 1206 онд монгол бичгийг төрийн бичиг болгосон зарлиг буулгахдаа “Бичгийг цагаан цаасан дээр хөх бэхээр бичиж бай, дэвтэрлэн хадгалж бай, үүнийг ургийн урагт бүү егүүтгэ” гэж зарлиг болгосон түүхтэй. Тэгэхээр монголчууд цаасыг эртнээс хэрэглэж ирсний баримт төдийгүй Монголын төр Чингис хааныхаа сургаалиар албан хэргээ хөтөлж хадгалж ирж шүү дээ.

-Монгол бичгийг төрийн бичиг болгох тухай ярьдаг. Та энэ тухай ямар бодолтой байдаг вэ?

-Үндсэн язгуур хэл соёлоосоо холуур явна гэж яаж байж болох вэ. Монгол бичгээ мэдэхгүйгээр би монгол хүн гэж гадныханд хэлэх аргагүй. Төр бодлогоо түрүүчээс нь хэрэгжүүлээд эхэллээ.

Би 1970 оноос төрийн албан хэрэг, дүрэм зааврыг боловсруулах ажилд оролцож ажилласан. Жишээ нь, хүүхдийн төрсний гэрчилгээ, их, дээд сургууль төгсөгчдийн диплом зэргийг монгол бичгээр хавсарган бичдэг болсон. Цаашид хэрэгжүүлэх ажил олон байгаа. Үүнд олзуурхдаг хүн олон байдаг юм. Харин ч бид оройтоод байна.

Монгол төрийн дээд гурван өндөрлөгийн гадаадтай харилцах албан бичиг, захидлаа монгол бичгээр бичих стандарт, журам 2013 онд батлагдсан одоо мөрдөж байна.

Би гадаад нэрийг монгол бичгээр зөв бичих толь бичиж гаргах гээд ажиллаж байна. 1000 гаруй үгтэй болж байна билээ. Үүнд таван тивийн улс орныг нийслэлтэй нь багтааж байгаа.

-Та Оросын архивт хэр олон очиж байв?

-Үзсэн. Оросын түүхийн архивт Монголын түүхийн холбоотой олон зууны материал бий. Гол төлөв түүхэн баримт. Гэрээ хэлцэл хийсэн, хил хязгаарын тухай, хоёр оронд хэн, ямар хүн ирж очиж байсан утга агуулгатай баримт голдуу байдаг. Газар орны зураг, Буриад монгол, Өвөр монголын тухай сонирхолтой материал байдаг юм билээ.

Харин манайхны хэлмэгдүүлсэн тухай баримт бол тусдаа. Үүнийг зүгээр нэг өдөр ороод гарахын зуурт судлах аргагүй. Манай эрдэмтэд судалж байдаг байх аа.

-Зөвхөн нийслэл хотоор жишээ авахад бидний нүдэн дээр үйлчилгээний байгууллагууд хаягаа гадаад хэлээр бичих болсныг та юу гэж бодож байна вэ?

-Наадах чинь сүүлийн жилүүдэд эрээ цээрээ алдлаа. Одоо нэг хууль батлагдах гээд байх шиг байна. Түүнийг л хүлээж сууна даа. Сүүлдээ байгаад хүүхдийнхээ нэрийг ч дуудаж чадахаа байлаа. Олны нүдэн дээр гудамжинд бичсэн нь утга агуулга, үг үсгийн алдаатай байгааг бодоход албан байгууллагуудын бичиж явуулж байгаа бичиг, тэмдэглэл нь ямар байдаг бол гэж санагддаг. Ер нь гадны хүнд Улаанбаатар Монголын хот гэж харагдахааргүй боллоо. Үүнд хууль үйлчлэх ёстой. Яагаад үндэснийхээ бичгээр “Хүнсний дэлгүүр” гээд биччихэж болохгүй байна вэ.

Энэ бол үндэснийхээ хэл соёлыг алдаж байгаагийн эмгэнэл. Орчин үеийн бичгийн болоод хууль зүйн албан бичгийн найруулгад ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Үүнд төрийн түшээд, төрийн албан хаагчдын мэдлэг, ирээдүйгээ харах чадвар чухал юм. Нэгэн жишээ хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр заалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамга арслан бариултай байна гээд заасан байдаг. Тэгвэл түүхэнд манай хаад ноёдын тамга баран бариултай байсан. Сударт баран бариултай тамгатай, барсын арьсан хэвнэгтэй гэж байгаа.

Төрийн ордны арын цэцэрлэгт байгаа тамгын хөшөөг бүтээгч нь бидэнтэй ярилцаж байгаад баран бариултай бүтээсэн. Арсланг эртний домгоос үндэслэн манаачийн үүрэг гүйцэтгэх тангарагтай амьтан гэж үздэг юм. Дэлхий дахинд арсланг орд харшийн үүдэнд манаачийн үүрэг гүйцэтгүүлж ирсэн хэвээр байна. Хойч үеийнхэн түүх уламжлалаа сайн мэдэх хэрэгтэй дээ. Бидний хамгийн гол зорилго бол монгол гэдэг нэрээ бичиг үсгээсээ эхлээд зөв авч явах хэрэгтэй байна.

Зураг