Х.Хатанбаатар: Цээж бодолт тархины чухал дасгал
Зуны амралт эхэлсэн ч хүүхдийн хөлд дарагдан буй газрын нэг бол Монголын оюун ухааны академи. Тус академи ой тогтоолтын, цээж бодолтын, рубик шооны гэхчлэн хүүхдийн оюун ухааныг сайжруулах олон төрлийн богино хугацааны сургалт явуулдаг.
Үр дүн сайтай байдгаас нь ч болдог уу хүүхдээ сургах гэсэн эцэг эхчүүд олон ханддаг байна. Энэ зун явуулах сургалтуудынх нь талаар сонирхож тус академийн захирал Х.Хатанбаатартай ярилцлаа.
-Зуны амралт эхлэхээр танайхыг бас амардаг болов уу гэж бодож байгал харин ч эсрэгээрээ хүүхэд бужигнаад хөл ихтэй угтлаа.
-Жилийн турш л ачаалалтай ажилладаг. Зун хүүхдүүд амрахаар бүр ч илүү болдог юм. Оюун ухааны академийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь сургалт болон ном бүтээл гаргах. Оюуны спортоор хичээллэж улс, дэлхийн аварга болсон монгол хүүхдүүд олон бий.
Дөрвөн жилд нэг удаа болдог “Оюуны олимп”-ийн алтан медалийг манай хүүхдүүд хүртсэн. Эдгээр хүүхэд залуус оюутан, сурагч байх хугацаандаа өөртөө суурь чадваруудыг төлөвшүүлж байгаа юм. Тэд янз бүрийн салбарт ажиллах хүмүүс болно.
Тухайн үед мэдээллээ хурдтай хүлээж аван, тогтоон боловсруулж, хэрэгтэй үедээ санаж ашиглан цагийг ихээр хэмнэх юм гэдгийг эцэг эхчүүд ойлгодог болсон учраас хүүхдүүдээ сургах гэж их ханддаг болсон.
-Анги танхимын хувьд хэр хүрэлцээтэй вэ?
-Манай академийн хувьд хичээлийн гурван танхимтай, олон хүнд хүрэх боломж хомс. Гэвч академийн анхны салбар нээгдсэн, “Гоц жаалууд” цэцэрлэг өнгөрсөн намар нээгдсэн. Энэ нь маш үр дүнтэй байсан.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжилд багаас нь анхаарч, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхтэй холбоотой арга техникт суралцуулвал үр дүнтэй гэдгийг ойлгодог болсон байна билээ.
-Танайх хүүхдүүдийн оюуныг тэлэх хэчнээн төрлийн ямар ямар сургалт явуулдаг юм бэ. Бас үнэ ханш нь ямар байдаг бол гэдэг хүмүүст сонирхолтой санагдах байх?
-Ой тогтоолтын сургалт хичээлийн жилийн хугацаанд гурван сар үргэлжилдэг. Ингэхдээ долоо хоногт хоёр удаа ордог. Энэ нь хүүхдэд ачаалал өгөхгүй байх зорилготой. Үзсэн зүйлээ өдөрт 10 удаа 30 минут давтаад байвал аргачлалаа өөрийн болгодог. Гурван сар үргэлжилдэг энэ сургалтаа бид зуны улиралд таван долоо хоног нийт 24 удаа оруулдаг.
Төлбөр нь 285 мянган төгрөг. Мөн сарын хугацаанд ой тогтоолтын сургалт явуулдаг бөгөөд энэ нь одоогоор хоёр долоо хоног орж байгаа. Төлбөр нь 150 мянга. Цээж бодолтын сургалт мөн бий. Гурваас долдугаар ангийнхан соробан сампин буюу япон сампингийн хичээлд хамрагдана.
Энэ нь онлайн системээр дэмжигдсэн, хүүхдүүд щифр кодоороо орж өдөрт хүссэн хэмжээгээр дасгал ажилладаг. Энэ нь гурван шаттай үргэлжилдэг, зун таван долоо хоног, бусад улиралд гурван сар хичээллэдэг. Сургуулийн өмнөх наснаас гуравдугаар анги хүртэлх ангийн хүүхдүүд цээж бодолтын паритметик гэсэн тоонууд анивчихад хариуг нь гаргадаг чадвартай болдог.
Сургуулийн өмнөх наснаас гуравдугаар анги хүртэлх ангийн хүүхдүүд цээж бодолтын паритметик гэсэн тоонууд анивчихад хариуг нь гаргадаг чадвартай болдог.
Нэг шат нь мөн таван долоо хоног үргэлжилдэг. Ой тогтоолт, цээж бодолтын үндсэн сургалтууд нь эдгээр юм. Харин VIII-XII ангийн сурагчдын цээж бодолтын сургалт нь тамирчдыг түлхүү бэлтгэх зорилготой.
Цээж бодолт тархины чухал дасгал учраас сургалтаар тухайлбал, найман оронтой тоог найман оронтой тоогоор үржүүлж бүх бодолтыг шууд цээжээр бодож, хариуг нь бичих. Зургаан оронтой тооноос квадрат язгуур гаргах, таслалаас хойш тав хүртэл хуваарь өгөх гэх мэтчилэн цээж бодолтын маш чухал чадваруудыг эзэмшдэг.
Үүнээс гадна спорт өрөлтийн сургалт нь долоо хоногийн хугацаатай, ажлын таван өдөр орж байгаа. Нэг ээлжиндээ зургаан хүүхэд л авдаг. Төлбөр нь 60 мянган төгрөгт нь хэрэглэгдэх сургалтын материалын үнэ багтдаг.
Шооны сургалтад нэг ээлжинд цөөхөн, ердөө таван хүүхэд сургана. Хүүхэд нэг бүртэй тулж хичээлээ заан, чадваржуулдаг. Төлбөр нь 100 мянган төгрөг. Гэхдээ заавал сурч байж төгсдөг. Долоо хоногтоо сураагүй бол дараа долоо хоногтоо үргэлжлүүлнэ гэсэн үг юм.
-Богино хугацаанд хүүхдэд маш өндөр чадвар эзэмшүүлдэг гэсэн. Ямар аргачлалаар хичээлээ заадаг вэ?
-Манай сургалт хүний тархи яаж ажиллаж байгаад тохирох арга барил ашигладаг. Өөрөөр хэлбэл, хоёр тархины оролцоотойгоор энэ аргачлалуудыг хүүхдүүдэд хүргэдэг. Ингэснээр илүү хурдтай суралцаж байна. Жишээлбэл, хүрдний сургалт гэж бий. Хоёр, гуравдугаар ангийн хүрдээ мэдэхгүй, тоо бодож чаддаггүй хүүхдүүд олон ирдэг.
Гэтэл өдөрт нэг цаг, таван өдөр буюу таван цагт л бүх хүрдээ цээжлээд гарч байна. Өөрөөр хэлбэл, бүх сургалт төсөөлөл дээр тулгуурлаж явагддаг. Тиймээс хүүхдүүдэд маш хөгжилтэй, сонирхолтой байдаг гэсэн үг юм. Манай сургалт аливаа зүйлийг тотьчилон давтдаггүй, нэг зүйлийг нэг л харж цээжлэх арга барилыг эзэмшүүлдэг, ингэхдээ бүх зүйл төсөөлөл, хошин мэдрэмж дээр тулгуурлаж явах ёстой.
-Тухайлбал спорт өрөлт гэсэн сургалтын талаар мэдээлэл өгнө үү. Хүүхдүүд ямар чадвар эзэмших вэ?
-Спорт өрөлт нь хүн харахад энгийн, хэдэн аяга өрөөд хураагаад байгаа мэт боловч ач холбогдлын үүднээс харвал хүүхдэд олон суурь чадварыг хөгжүүлж өгдөг. Хамгийн гол нь хүүхдэд хоёр гараа зэрэг ажиллуулах чадварыг бий болгодог. Бага насны хүүхдүүд ихэвчлэн нэг гараараа юм хийдэг бөгөөд нөгөө гар нь идэвхгүй байдаг.
Харин спорт өрөлтөөр хичээллэснээр хоёр гараа тэнцвэртэй ажиллуулж сурна. Мөн ямар ч хүүхдэд хурд бий болдог. Энэ нь аливаа зүйлийг хүлээж авах, хийж хэрэгжүүлэх хурд юм. Хоёр гар ажиллаж байна гэдэг нь гарыг хянаж байдаг хоёр тархи хөгжиж байна гэсэн үг. Хүүхдэд хурдтай сэтгэх боломжийг ийн бий болгож байгаа юм. Бүх насныхан энэ төрлөөр хичээллэх боломжтой.
Мөн анхаарал төвлөрөлт, рефлекс зэрэг олон суурь чадвар хөгжинө. Гол нь хүүхэд зугаатайгаар цагийг өнгөрүүлэх боломж бүрддэг. Өөртөө итгэх итгэл, бусадтай өрсөлдөх, айдсаа даван туулах чадвартай болно.
Багаасаа олны дунд орж төлөвших юм. Үүнтэй холбоотой хоёр долоо хоног тутам тэмцээн уралдаан зохион байгуулж байна. Хоёр настай хүүхэд хүртэл тэмцээнд орох гэж эцэг эхтэйгээ ирдэг. Энэ бүхэн өрсөлдөөнийг маш сонирхолтой болгодог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
