Зам тээврийн сайд А.Гансүхийг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа.
Харин салбарын яамнаас нь энэ асуудлыг няцааж, мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүхийг сайн дураараа огцрох өргөдлөө өгсөн мэтээр бичиж, илт гүтгэлгийн чанартай мэдээллийг тарааж, олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Зам, тээврийн сайд А.Гансүх нь ажлаас халагдах өргөдлөө өгөөгүй бөгөөд энэхүү мэдээлэл нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийг гутаах, ажилд саад учруулах гүтгэлгийн шинжтэй байна. Иймд олон нийтийн цахим сүлжээ ашиглан өөрийн бодлыг олон нийтэд хүргэхдээ бусдын ажил төрөл, нэр төрд үндэслэлгүйгээр халдахгүй байхыг анхааруулж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ ашиглан цөөн хэдэн хүн худал хуурмаг мэдээлэл, албан бус эх сурвалжийг үндэслэн өөрийн үзэл бодлыг бусдад тулгаж, итгэн үнэмшүүлэхийг оролдож байгааг Зам тээврийн яам эрс эсэргүүцэж байна.
ЗТЯ-ны Хэвлэл, олон нийттэй харилцах алба
Харин А.Гансүх сайд Төмөр замын асуудлаар ҮАБЗ-с 3 сарын 18-нд надад өгсөн удирдамжийг хэрэгжүүлэхийн төлөө эцсээ хүртэл ажиллах болно хэмээн жиргэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!