Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр эхэлж байна. Энэ талаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-ийн ерөнхий менежер Г.Ганбаатараас тодрууллаа.
-Нийслэлд хэчнээн жижиг, дунд үйлдвэр байна вэ?
-Манай улсын хэмжээнд нийт 93000 орчим газар бүртгэлтэй байдаг. Үүний 50 гаруй хувь нь нийслэлд ажилладаг. Идэвхитэй ажилладаг 29000 аж ахуйн нэгж байна. Тэнэнд тулгамдаж буй асуудлыг анхдугаар зөвлөгөөнөөр тодруулна. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөтөлбөрт тусгуулан эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх юм.
-Эдийн засгийн хямрал аж ахуйн нэгжүүдэд хүнд тусч байна гэх юм. Энэ нөхцөл байдал жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Бидний хувьд төрийн зөв зохистой бодлого, дэмжлэг хэрэгтэй байна. Бэрхшээл саад мэдээж гарна. Тэр бүгдийг тоочоод зүгээр суухыг үйлдвэрлэгчид хүсээгүй. Гэвч эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан хаалгаа барьж байгаа газрууд бий. Анзаарч байхад бичил, өрхийн үйлдвэрүүдэд төдийлөн нөлөөлөөгүй. Харин том үйлдвэрүүдэд хүнд тусч байна.
-Та бүхэнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам юу вэ?
-Бидэнд тулгарч буй асуудлын талаар зөвлөгөөн дээр хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрнэ. Харин түүний дараа судалгааны дүнгээ нэгтгэн хөтөлбөрт тусгах юм. Энэ хөтөлбөрөө дээд шатны байгууллагуудад өргөн барина. Манайх төрийн өмчит үйлдвэрийн газар учраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний асуудлыг хотын удирдлагуудад танилцуулан шийдвэрлүүлэхийг зорьдог.
-Та бүхэнд төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна?
-Нийслэлээс таван тэрбум төгрөгийн жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх зээлийн журам батлагдсан. Энэ нь санхүүгийн эх үүсвэр болох юм. Мөн мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцөд чиглэсэн сургалтыг гурван үе шаттай зохион байгуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!