Иракт болж буй зэвсэгт мөргөлдөөнийг гадаадын хэвлэл мэдээллээр “Иракийн гуравдугаар дайн” хэмээн нэрлэж байна.
Өөрөөр хэлбэл, энэ орон, энэ ард түмэн 1980 оноос хойшхи 30 гаруйхан жилийн хугацаанд гурав дахь дайнаа үзэж байна. Хэрэв ийм өнцгөөс нь харвал эртний түүхт энэ орон амар амгалан амьдралаар тун хомсхон байсан мэт. Өнгөрсөн түүхийг эргэж нэг сануулбал 1980 онд Иракийн цэргүүд хөрш Иран руу довтолж Хузестан хотыг эзлэн авснаар энэ хоёр орны хооронд үргэлжилсэн найман жилийн ужиг дайн эхэлсэн билээ
Хоёр талаасаа саяар тоологдох хүний амь насыг бүрэлгэсэн Иран-Иракийн дайн 350 тэрбум ам.долларын материаллаг хохирлыг учруулсан байдаг. Энэ дайн нь үргэлжилсэн хугацаа, үрэгдсэн амь, гарз хохирлын хэмжээ, оролцсон цэрэг зэвсгийн хэмжээгээрээ дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн том зэвсэгт мөргөлдөөн болсон юм.
Гадаадын хэвлэл мэдээллийнхэн үүнийг Иракийн нэгдүгээр дайн хэмээн нэрлэж байгаа бололтой. 2003 онд Саддам Хусейний дэглэмийг унагах зорилгоор АНУ Иракт дайн эхлүүлсэн нь шинэ зууны түүх болон үлдсэн. Энэ дайн үндсэндээ 2009 он хүртэл үргэлжилсэн юм. Газрын тосны эрх ашиг, бүс нутагт байр сууриа хадгалах Америкийн сонирхол энэ дайныг өдөөх гол шалтаг шалтгаан болсон. Харамсалтай нь америкчуудын Иракт экспортолсон “Ардчилал” тэнд нэг л нутагшиж өгөхгүй байгаа бололтой.
Одоо энэ орон иргэний дайн, шашин хоорондын мөргөлдөөний хөлд нухлагдаж байна. Дотоодын энэ хямрал мөргөлдөөн Ирак орныг шашин, үндэстнээр нь хэдэн хэсэг болгон хувааж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал шийтүүд болон суннитууд тусдаа улс болон салж, энэ завшааныг ашиглаж хэдийнээс тусгаар улсын төлөө санаа бодолтой курдуудын хувьд санаснаа гүйцэлдүүлэх алтан боломж тохиох магадлал буй. Хойт нутгийн нефтийн их баялаг, боловсруулах үйлдвэр бүхий Киркук муж үндсэндээ курдуудын хяналтанд орж магадгүй.
Тэгвэл тэд эдийн засгийнхаа хувьд Багдадаас огтхон ч хамааралгүй байх боломжтой. Украины дүр зураг арабын ертөнцөд иймэрхүү янзаар давтагдаж болзошгүй боллоо, 2009 оны зун америкийн цэргүүд Иракийг орхин гарсан билээ. Тэр үед америкууд нэгэн цагт энэ оронд эргэн ирэх нөхцөл байдал үүснэ хэмээн зарим мэдээллийн хэрэгсэл тааварлаж байсан нь эдүгээ биеллээ олж байна. Барак Обама цэргийн 300 зөвлөхөө тийш нь илгээхээр зарласан, түрүүчээсээ Багдадад ирээд байна, Түүнчлэн зэвсэгт босогчдод агаарын цохилт өгөх асуудал ч яригдаж буй.
Одоо энэ оронд нөхцөл байдал маш хүндэрч, Ерөнхий сайд Хасан аль-Маликийн Засгийн газрын хувь заяа дэнжигнэж байна. “Ирак- Левантагийн исламынулс” (ИЛИУ) бүлэглэлийн дайчид энэ орны ихэнх хэсгийг хяналтдаа оруулаад байна. Тэднийг 8000-15000 дайчидтай гэж тооцож байгаа ч хэрэг дээрээ үүнээс хэд дахин олон байх магаддалтай аж. Хамгийн гол нь тэднийг суннитуудаас гадна нутгийн жирийн иргэд ихээхэн дэмжиж байгаа нь ийн хүчирхэгжих нэг шалтгаан болж байна.
Гэхдээ сүүлийн үед Суннитуудын бие даасан бүлэглэлүүд бас хүчирхэгжиж байгаа гэсэн мэдээлэд байгаа төдийгүй тэд Иракийн армийн удирдлагуудтай яриа хэлэлцээр хийж, нефть боловсруулах томоохон үйлдвэр заводыг буун дуу гаргалгүйгээр хяналтдаа авлаа гэх мэдээлэл байгаа юм.
Суннитуудын эгнээнд Садам Хусейний татан буугдсан “БААС” намын идэвхтнүүд, мөн Хусейний үеийн цэргийн зүтгэлтнүүд цөөнгүй байгаа аж. Энэ мэтээс харахад Иракт болж байгаа зэвсэгт тулааныг терророист бүлэглэлийн томоогүйтэл гэхээсээ илүүтэй одоогийн эрх баригчдын эсрэг чиглэсэн шинэ хувьсгалын угтал хэмээн харах хүн олон байх шиг байна.
Эдүгээгийн Ерөнхий сайд, “Дава” намын лидер Хасан аль-Малики 2006 оноос энэ албыг хашиж байгаа нэгэн. Шийт шашинтан тэрбээр Засгийн газраа үндсэндээ шиитүүдээс бүрдүүлсэн нь суннитуудын дургүйцлийг хамгийн ихээр хүргэж байгаа нь тодорхой. Нэгэн цагт буюу тодруулбал, 1980 онд Саддам Хусейн Хасан аль-Маликийг “Дава” намын идэвхтэн хэмээн цаазын ял тулгаж, тэрбээр Иран, Сирид дүрвэн хэсэг хугацаанд цагаачлан амьдарч байсан нэгэн. Тэр эх орондоо эргэн ирж, Ерөнхий сайдын суудалд тухалж, суннитуудаас хариугаа авах боломжоо ийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээрээ илэрхийлсэн хэрэг байж мэдэх юм.
Гэхдээ Ирак бол хэзээнээс олон ястан үндэстэн, янз бүрийн шашин зэрэгцэн оршиж, эв найртай амьдарч, энэ бүхэн эх орны иргэн байхын гол шалгуур нөхцөл биш байсаар иржээ. Саддам Хусейний үед ч гэсэн ингэж л хамтран ажиллаж амьдарч оршин тогтносоор ирсэн байдаг. Харин Хасан аль-Маликийн үед тэдний төрмөл сөргөлдөөнийг дэвэргэчихлээ хэмээн зарим тоймчид онцолж байгаа нь талаар бус байх.
Хэвлэлийнхний “Иракийн гуравдугаар дайн” хэмээн нэрлээд байгаа эдүгээгийн сөргөлдөөн, иргэний дайныг энэ оронд шинэ хувьсгалын угтал гэх өнцгөөс нь харах хүн нэлээд байх шиг байна. Учир нь энэ үйл явцад жирийн иргэд, олон түмний оролцоо ихээхэн байгаа бөгөөд тэд “Ирак- Левантагийн исламын улс” бүлэглэлийн дайчдыг дэмжиж Засгийнхаа эсрэг хамтран босч байгаа нь ингэж “хувьсгал” хэмээн харах шалтгаан болж байх шиг.
Харин “Ирак-Левантагийн исламын улс” бүлэглалийн хувьд гадаад ертөнцөд террорист байгууллага гэсэн тодотголтойгоор нэрлэгдэж банйа. Айх 2006 оноос үүсч бий болсон “Исламын Ирак улс” байгууллага эдүгээ ийн нэрлэгдээд байгаа хэрэг. Тэд анх байгуулагдахдаа алан хялагч “Аль- Кайда”-гийн дэмжлэг оролцоотой байсан нь үнэн. Энэ бүлэглал анхнаасаа суртал ухуулгын хүчирхэг тогтолдоотой, дайн тулааны багагүй туршлагатай, Шариатын хуулийг гол болгодог суннитуудын бүлэглэл юм.
Тэд Сирийн дайнд бие даасан зэвсэгт бүлэглэлийн хуваарь оролцож, хэд хэдэн хотыг хяналтдаа оруулж байсан байлдааны бэлээхэн туршлага дадлагатай, зэвсэг техникийн хувьд ч боломжтой гэнэ. Гэвч “ИЛИУ’ бүлэглэл Аль Кайда хоёр түнжин хагарсан гэх мэдээлэл байгаа юм. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард Аль Кайдагийн удирлага ИЛИУ-г цаашид дэмжихээ больж, тэднээс салж байгаагаа мэдэгдсэн юм.
Одоогоор ИЛИУ бүлэглэлийн дайчид тус улсын хойт хэсэг болон баруун зүгийн нутгийн ихэнхийг хяналтдаа авснаас гадна 2.0 сая хүн амтай хоёр дахь том хот Мосулийг гартаа оруулсан, Багдад руу хэд хэдэн замаар давшилтаа үргэлжлүүлж байна. Мөн дорно зүг Тикрит хотыг эзлээд улмаар шийтүүдийн ариун мөргөлийн газар Кербале болон Нажеф хот руу давшиж байгаа гэсэн мэдээлал байна.
Тэдний хүчийг тогтоон барьж чадахгүй гэдгээ мэдэрсэн Ерөнхий сайд Хасан аль Малики америкчуудаас агаарын цохилтоор туслаач гэсэн хүсэлт тавиад байна. Хариуд нь Барак Обама “ямар нэгэн зүйл хийх” бүр цэрэг оруулах асуулыг ч хэлэлцэж магадгүй бололтой.
Нэгэн цагт нэгдмэл, амар жимэр амьдарч байсан энэ ард түмний одоогийн бухиамдал сөргөлдөөнийг “Made in Washington” гэсэн хаяг шошготой гэж байгаа нь тийм ч талаар бус үг бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!