Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмаар таван өдөр амрах хуулийн төсөл дэмжлэг авав

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмаар ажлын 5 өдөр амрах хуулийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж Төрийн байгуулалтын байнгын хороо руу анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 


 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. 

Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгажээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах асуудлаар байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж ажиллуулах гэж байгаа учраас энэ хуулийн төслийг буцааж бүхлээр нь харж өөрчлөн зохицуулах хэрэгтэй, Хөдөлмөрийн хуульд байгаа амралтын хоногийн тоог багасгах, нийтээр тэмдэглэх баярын өдөр нь амралтын өдөр таарсан нөхцөлд шилжүүлж тооцдог байх үүднээс хуулийн төслийг цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм гэсэн саналууд гаргасан байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Сарангэрэл, Д.Ганбат, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Баярцогт, Я.Содбаатар нар саналаа хэлсэн юм.

Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслийг дэмжих санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжлээ.