ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Социализмын буухиа

Өдрийн шуудан
2014 оны 6 сарын 25
Өдрийн шуудан
Зураг зураг

Соёлын гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ "Манай үеийн баатрууд" номоо хэвлүүлжээ. Монголёуудын амьдралын түүхэн цаг үеийн баримт сэлтээр баталгаажуулан бүтээсэн уг номоос толилуулж байна.

ЦЭДЭНБАЛЫН БАГ

Амьдралыг далай гэвээс Монгол Улс нь тэрхүү хөлгүй далайд хөвж бүхий хөлөг онгоц мөн байлаа. Энэхүү хөлөг "БНМАУ хөрөнгөтний бус хөгжлийн зам дээр баттай зогслоо" гэсэн пайз зүүсэн Монгол Улсыг тээж ирээд одоо цааш хаашаа хэрхэн аялахыг та нар мэдтүгэй хэмээн жолооныхоо залуурыг залуу социалистуудын гарт атгуулснаар 1940 оны үеийг сэтгэлдээ буулгаж байна.

Нэгэнт хөрөнгөтний хөгжлийн замаар явахгүй гэсэн болохоор гарцаагүй замнах ёстой зам нь социализмын зам мөн байлаа. Тэгээд тэр замаар жолоодох үүрэг Ю.Цэдэнбалын багт оногдсон. Социализм гэдэг бол нийгмийн төлөө чадлын хэрээр ажиллаж, ажилласны хэрээр амьдрах ёстой гэсэн дэг жаягтай нийгэм байсан.

Энэхүү социализмын буухиаг удирдсан багт Х.Чойбалсан, Г.Бумцэнд, С.Янжмаа, нарын хамт Ю.Цэдэнбал, Д.Дамба, Ч.Сүрэнжав, Ж.Лхагвасүрэн гэх гучаас доош насны залуус зонхилсон баг байжээ.

Тиймээс тэд эрч хүчтэй байсан. Эцэж цуцахгүй байсан. Оюунлаг байсан. Хүнд сурталгүй байсан. Авилга, хээл хахууль гэдгийг мэддэггүй байсан. Өөрөөр хэлбэл Монголын улс төр тэр үед тунгалаг байсан гэж болох мэт.

Анхны багийн бүрэлдэхүүнд ороогүй боловч арай хожим 1950-1960-аад оноос МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдон он удаан жил ажиллаж ард түмэндээ үнэлэгдсэн улс төрч олон байдгийн заримыг нэрлэвэл:

  • Ж.Самбуу
  • Д.Моломжамц
  • Б.Дамдин
  • Д.Балжинням
  • Б.Ширэндэв
  • С.Балган
  • Ц.Дүгэрсүрэн
  • Н.Жагварал
  • Д.Майдар
  • С.Жалан-Аажав
  • Т.Рагчаа
  • Д.Гомбожав
  • Ж.Батмөнх
  • Д.Содном
  • Б.Алтангэрэл
  • Б.Дэжид
  • П.Дамдин
  • Б.Лхамсүрэн
  • Д.Намсрай
  • Б.Ламжав
  • Н.Лхамсүрэн
  • н.Лувсанравдан
  • П.Жасрай
  • Л.Лантуу
  • н.Лувсангомбо
  • С.Сосорбарам нарыг нэрлэж болно.

Бас Л.Цэнд Д.Төмөр-Очир, Д.Ламчин, Д.Самдан, Д.Доржпүрэв, Ё. Магсар, Б.Жамбалдорж, С.Чойжамц гээд улс төрийн товчооны гишүүн, орлогчоор сонгогдож ажил үүргийг нь биелүүлж явсан хүмүүс байдаг билээ. Миний мэдэхгүй хүмүүс ч өөр бий байх.

Түүнээс гадна Улс төрийн товчоонд байгаагүй ч гэсэн намын удирдлагын ажилд идэвхтэй оролцож, практик ажлыг гардан хийлцэж явсан Ц.Балхаажав, Д.Чимиддрж, Г.Адъяа, Д.Цэвэгмид Л.Түдэв,Б.Дүгэрсүрэн, Ч.Сүрэн, С.Удвал, Ц.Готов, Лувсанчүлтэм, М.Дүгэрсүрэн, Ц.Пунцагноров, М.Пэлжээ, Н.Содном, Ш.Гунгаадорж, Ц.Молом, Б.Хурметбек, Цэн.Намсрай, Миеэгомбо, Б.Лигдэн, М.Лувсанцэрэн нарын зэрэг улс төрийн нэртэй зүтгэлтнүүдийг социализмын түүх мартахгүй ээ.

Энэ жар гаруй улс төрч, нийгмийн зүтгэлтнүүд бол монголын социалист байгуулалтыг удирдсан улс төрийн удирдагчид. Өөрөөр хэлбэл Цэдэнбалын багийнхан.

ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ

1940-1990 оны тавин жилд Монгол Улс хөгжлийн хурдаараа дэлхийн дээд амжилт тогтоосон. Тийм ээ, дэлхийн дээд амжилт. 1940 онд Монгол шиг буурай байгаад 1990 онд Монгол шиг эрчимтэй түргэн хөгжсөн тусгаар улс орон байгаагүй гэсэн үг. Дундат зууны эртний дунд үеийн хэмжээнээс тавьхан жилийн дотор суга үсрэн гарч эрчимтэй түргэн хөгжиж бүхий социалист орон болно гэдэг түүхэнд үзэгдээгүй дээд ололт байлаа.

Үнэндээ 1940-өөд он эхлэхэд бие даасан тусгаар улсын хувьд Монгол Улсад олон зүйл дутуу хүтүү зарим нь ор тас байхгүй байсныг өнөөгийн хүүхэд залуус яаж мэдэх билээ. Энэ бүхнийг маш шахуу түргэн хугацаанд нөхөн гүйцээхийн тулд "Хувьсгалт их үсрэлт" гэж нэрлэхэд үл харшлах арваад тооны чанарын том шинэчлэлт хийсэн.

Тэдгээрийг "Хувьсгал" гэж шууд нэрлэх нь зүйд нийцнэ байх. Тухайлбал, газар тариалангийн хувьсгал, их барилгын хувьсгал, хөнгөн хүнсний аж үйлдвэрийн хувьсгал, зам тээврийн хувьсгал, харилцаа холбооны хувьсгал, бичиг үсгийн хувьсгал, эрүүл мэндийн хувьсгал, урлаг, спорт соёлын хувьсгал, шинжлэх ухаан боловсролын хувьсгал, социалист үзэл бодлын хувьсгалыг тус тус хийсэн болов уу хэмээн бүдүүвчилж байна.

Тэр үед манайд одоогийнх шиг тэрбум тэрбумаар зардаг мөнгө төгрөг гэж байгаагүй. Харин хийе бүтээе, цөмөөрөө сайн сайхан амьдарцгаая гэсэн сэтгэл л цээж дүүрэн байсан.

Ард түмнийг аз жаргалтай амьдруулах гэж булчин шөрмөсөө сунган чөмгөө дундлан байж өнөөгийн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүд зэрэг шинэ хотуудыг, энэ олон эмнэлэг, сургууль, соёл, урлаг, спортын байгууллага газруудыг цогцлоон хөгжүүлж, орон сууцны хорооллуудыг сүндэрлүүлсэн.

Атрыг эзэмшигч газар тариалангийн салбарт мөн л хувьсгалт гэхээр үсрэлт хийж гурилын дотоод хэрэгцээг дотооддоо бүрэн хангадаг болсон. Социализмыг ингэж магтахын гол учир юунд байна вэ гэвэл энэ л тавин жилд Монгол Улс нь нийгэм эдийн засгийн бүрэн гүйцэд бүтэцтэй соёлт улс гүрний эгнээнд жагссанд байгаа юм.

Ингэж л Монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулж НҮБ-ын гишүүн улс болсон. Энэ тавиад жилд л Монгол Улс социалист Монгол Улс болсон. Өндөр соёлтой, ажилтай, орлоготой, нийгмийн баталгаа бүхий эрхтэй, хамтач хүмүүжилтэй социалист монгол хүн төлөвшсөн. Өнөөгийн бид маш их азтай улс.

Амжилт бүтээлийг чамлах байтугай хүний хорвоод мэндлэхгүй өнгөрсөн байж болох их болчимгүй хүнд үеийн дараа хүн болж төрсөн улс. Гэвч манай алтан үеийнхэн бидэнд учирч болох тэр бүх гай зэтгэрийг амь насаараа хаацайлан үүрээд явчихсан юм.

Социализм ямар их амар амгалан, сэтгэл түвшин амьдарч болдог оюунлаг нийгэм байсныг тэр үеийнхэн арай ч ор тас мартаагүй байх.

Дэлхийд нэрлэгдэх амжилт олсон ч гэсэн монголын социализмын тухайд улам чамбайруулах, төгс төгөлдөр болгох, засан сайжруулах зүйл нэлээд байсан нь мэдээж билээ.

Зураг