"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал бараг жил тойрлоо. Тэгвэл эцсийн шатны шүүх хурал буюу Дээд шүүхийн хурал энэ сарын 27-нд болж, Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг шүүнэ.
Үүнтэй холбогдуулан "Ган үндэстэн" холбооны дэд тэргүүн Я.Хундаганаа тэргүүтэй төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд хэлэхдээ “Ц.Мөнхбаяр нарт бологдох таван хүний хэргийг энэ сарын 27-нд Дээд шүүхээр шүүнэ. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Тиймээс энэ хурлыг олон нийтэд нээлттэй явуулах ёстой. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжлэг үзүүлэх нь зүйтэй юм.
Учир нь “Гал үндэстэн” холбооны гишүүд өөрсдийнхөө төлөө тэмцээгүй. Тэд Монголоо гэсэн зүрх бүхний төлөө, эх орныхоо онгон дагшин байгалийн төлөө тэмцсэн. Мөн энэхүү тэмцлээс хэн ч хохироогүй. Ямар ч хохирогчгүй хэрэг.
Түүнчлэн Ц.Мөнхбаярын хэрэгжүүлэхийг шаардаж, тэмцсэн урт нэртэй хуулийг биелүүлэх шийдвэрийг улсын Дээд шүүх өөрөө гурван жилийн өмнө гаргаж байсан.
Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг биелүүлэхийг шаардсан, түүний төлөө тэмцсэн хүнээ өнөөдөр Дээд шүүх өөрөө шүүх гэж байна. Тиймээс 27-нд болох шүүх хурлын шийдвэр Монгол Улсын хууль хэр шударга вэ гэдгийг харуулах болно” гэсэн юм.

Дашрамд дурдахад, урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхэлбэл, манай орны нийт нутаг дэвсгэрийн 40 хувь нь онгон зэлүүдээрээ үлдэж чадах юм.
Харамсалтай энэхүү хууль батлагдаад таван жилийн нүүр үзэж буй ч өнөөдрийг хүртэл хуулийн хэрэгжилт эхлээгүй байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!