АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь–II” (ESEC II) төслөөс Бичил уурхайн өртөг багатай нөхөн сэргээлтийн аргачлал боловсруулах уулзалтыг зохион байгуулсан билээ.
Тэгвэл энэхүү ажлын хүрээнд бичил уурхайн загвар нөхөн сэргээлт хийх нийт зургаан аймгийн найман газрыг хэлэлцэж, эцэслэн баталжээ.
Эдгээр газруудыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн байгаль орчны байцаагч нараас бүрдсэн Нөхөн сэргээлтийн газар сонгох ажлын хэсгийнхэн гар аргаар ашигт малтмал олборлосны улмаас эвдэрч сүйдсэн, эзэнгүй орхигдсон 13 газарт хээрийн судалгаа хийж, нөхөн сэргээлтийн аргачлалыг загвар болгон хэрэгжүүлэх нөөц, боломж, бололцоог тогтоосны үндсэн дээр санал болгосон юм.

Эдгээр нь голчлон алтны үндсэн болон шороон орд, жоншны орд юм.
Загвар нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлснээр гар аргаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдэж, эзэнгүй орхигдсон талбайг эдийн засгийн хувьд хэмнэлттэй, олон нийт хүлээн зөвшөөрөхүйц, экологийн хувьд зохимжтой аргаар хэрхэн нөхөн сэргээж болохыг үлгэрлэн таниулах зорилготой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!