
Зуны амралт эхлээд удаагүй ч зарим сургууль ирэх хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлжээ. Цэцэрлэгийн танхимаас сургуулийн босго алхах гэж буй бяцхан үрсээ чанартай, сайн сургуульд сургахыг эцэг, эх бүр хүсэх нь мэдээж.
Сүүлийн үед хүмүүс сургалтын төлбөрийг үл харгалзан хувийн сургуульд хүүхдээ сургахыг эрмэлзэх болсон. Энэ нь их мөнгөтэй, элбэг бийлэгжүү болсондоо биш. Чанартай боловсрол олгохыг илүүд үзэх болсонтой нь холбоотой. Тиймээс аав ээжүүдэд тус болох үүднээс Монголын шилдэг гэх тодотголтой хувийн сургуулиудаар орж төлбөрийг нь сонирхлоо.
Сүхбаатар дүүрэгт байрлах “Улаанбаатар-Элит” сургуульд ахлах болон бага ангийн сурагчид нь тусдаа сурдаг бололтой. Баруун талын хаалгаар орвол бага насны хүүхдүүд шуугилдан, энд тэнд англиар үсэг хэлж, дуу дуулж байв. Анги нь жижиг боловч хүүхдийн биед тохирсон сандал, ширээтэй, ханын цаас нь хүртэл зураг чимэглэлтэй бөгөөд монголоор, крилл үсгээр бичсэн нэг ч зүйл харагдсангүй.
Энэ сургуульд сурахад жилд 8.9 сая төгрөг төлөх аж. Үүнд өдрийн хоол, дүрэмт хувцасны үнэ багтсан гэсэн. Төгөлдөр хуур, шатар зэрэг дамжаанд сургахаар бол жилд 300 мянган төгрөг нэмж төлнө.
Бага ангийн хүүхдүүд өглөө 08:30-15:30 цаг хүртэл хичээллэдэг нь нийт хувийн сургуулийн жишиг гэж эндхийн багш хэлсэн. Бүх хичээл нь англи хэл дээр ордог бөгөөд туршлагатай гадаад багш нартай гэнэ. Гэсэн ч энэ жилийн нэгдүгээр ангидаа 40 хүүхэд аваад элсэлт дууссан байна.
Монголын хамгийн анхны англи, монгол хэлний хосолмол сургалттай сургууль болох “Хобби” сургууль.
1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Монголын топ арван бүрэн дунд сургуульд зүй ёсоор ордог. Төгсөх ангийн сурагчиддаа ТОЕFL-ын бэлтгэл хичээл заадаг. Эдний жилийн төлбөр 6-9 сая төгрөг.
Дараагийн өндөр төлбөртөй сургууль бол “Орчлон”.
Мөн л сурагчдынхаа гаргасан амжилтаар тэргүүн эгнээнд бичигддэг томоохон сургууль. Кембрижийн хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог уг сургууль жилийн 12 сая төгрөгийн төлбөртэй бөгөөд автобус үйлчилгээ, өдрийн хоолны үнэ үүнд багтаагүй юм. Сайн сурсан сурагчдаа гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сургадаг аж. Нэгдүгээр ангидаа элсэлт авч дууссан гэж ханын самбартаа томоор бичсэн харагдсан.
Математикийн чиглэлээр Монголын номер нэг сургуульд тооцогддог “Сант”-ын жилийн төлбөр таван сая 400 мянган төгрөг байна. Энэ нь зөвхөн сургалтын төлбөр юм.
Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн зүүн талд байрлах “Олонлог” сургууль математикаар дагнан, олон “тоочдыг” төрүүлээд буй. Энэ сургуульд хүүхдээ сургахыг хүсвэл жилд 4.5 сая төгрөг төлөх нь.
“Монгол Туркийн хамтарсан сургууль” долоо, найм, есдүгээр ангидаа л элсэлт авдаг юм байна. Ингэхдээ математик, англи хэл, IQ-н шалгалт авдаг бөгөөд жилийн 5.8 сая төгрөгийн төлбөртэй аж. Дээр нь дотуур байрны төлбөр 2,7 сая төгрөг нэмэгдэнэ. Ер нь бүх сургуулийн төлбөр өнгөрсөн жилээс нэмэгдсэн байна.
Зайсангийн аманд байрлах “American school” мөн л төлбөрөө нэмж жилийн 9.5 сая болгожээ. Өглөө 08:30-15:30 цаг хүртэл хичээллэдэг ба өдрийн цайны 45 минутын завсарлагатай ажээ.
“Гурван тамир” бүрэн дунд сургууль жилийн 1,8 сая төгрөг, “Арвис” бүрэн дунд сургуулийн нэгдүгээр ангийн төлбөр 1.9 сая төгрөг. Хоёр, гурав, дөрөв дүгээр ангийнх нь 1.7 сая төгрөг болж буурдаг гэнэ.
“Оюунлаг” бүрэн дунд сургууль 2.5 сая төгрөгийн төлбөртэй. “Гёте” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 2.5 сая төгрөг бол “Ү-Цай” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр хоёр сая төгрөг. Тус сургуулийн хувьд хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. “Русская гимназия” сургуулийн жилийн төлбөр хоёр сая төгрөг.
Эдгээр сургуулиас хол тасархай төлбөртэй нэгэн сургууль бол “International school of Ulaanbaatar” буюу “Олон улсын дунд сургууль”. Энэ сургуулийн төлбөрийг хоёр аргаар төлж болно. Албан байгууллагынхаа тусламжтай төлөх бол ахлах анги нь 32329 ам.доллар, дунд анги нь 30347 ам.доллар, бага анги нь 24897 төлбөртэй.
Харин өөрөө төлөх бол ахлах ангид 21984 ам.доллар, дунд ангид 20636 ам.доллар, ангид 16930 ам.долларын төлөх юм. Хэрвээ нэг гэрийн хоёр хүүхэд сурвал нэгнийх нь төлбөрөөс таван хувь хөнгөлдөг аж. Энэ сургуулийг Монгол дахь цорын ганц олон улсын сургууль гэж АНУ тодорхойлсон учраас ийм төлбөртэй байдаг гэж эднийхэн тайлбарладаг. Нийт сурагчийн 60-аад хувь нь гадаад хүүхдүүд гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!