"Би уг нь хотод, бүр Амгаланд төрсөн, 1969 онд. Намайг дөнгөж мэндэлсний дараа манайх Завхан аймгийн Шилүүстэй сум руу нүүсэн юм билээ.
Ээж минь Шилүүстэйнх бол аав Архангайнх" хэмээн МЗЭ-ийн болон "Болор цом"-ын шагналт, яруу найрагч Цогдоржийн БАВУУДОРЖ өгүүлсэн.
"Ээжтэй орчлон", "Дөрвөн улирлын өнгө" гээд олон сайхан дууны үгийг зохиож, "Бүгээн анир", "Дорно аялгуу", "Монголын их амар амгалан" зэрэг яруу найргийн номоо хэвлүүлсэн тэрбээр бага насаа ийн дурсах.
"МААЖИГ, МААЖИГ ГЭЭД ЯВЖ БАЙГААГ НЬ"
-Би их өтгөн даахьтай, мяраалаг хүүхэд байсан гэнэ лээ. Ээжийг нэг удаа гарчихаад ирэхэд нь орны урд руу унаад түрүүлгээ хараад тогтчихсон сонгино шиг юм унтаж байсан гэсэн. Бас их эрх. Айлын том нь болохоор. Буурал аавынхаа хаш гаансаар тоглож байгаад хугагалчихсан чинь манайхан юу ч хэлэхгүй л байсан гэж байгаа юм даа. Монгол гутал өмсөх гэж хэрдээ л ажил ургуулдаг байсан гэдэг. "Гутал хийж өг" гэж эмээгээ өдөр болгон л шаналгадаг байж.
Эмээг хувингаа бариад саалиндаа гарахаар явж байхад нь нэг удаа "Хүнд гутал хийж өгнө гэж ярьж, ярьчихаад маажиг, маажиг гээд тэр явж байгааг нь" хэмээн хойноос нь сүрхий загнаж байж билээ гэж Дорждэрэм ах, Буянхишиг эгч хоёр одоо хуучилж бөөн инээдэм болдгийм.
1976 онд би нэгдүгээр ангид орж байлаа. Шилүүстэй сумын төвд хоёр давхар ганцхан байшин байсан нь манай сургууль. Миний хамгийн дуртай хичээл дуу хөгжим. Дуу хөгжмийн багшаа бид "Цэ багш" хэмээн авгайлах. Уг нь Цэдэндамбаа л даа. Багш баянхуур хөгжмөө тоглоод Найгал голын жараахай нь ээ хөө... гээд л самбарын өмнө хадааж өгнө. Бид ч янз, янзын хоолойгоор дагаад туучихна. Ангидаа би хамгийн өндөр нь. Тэгээд ч их томоотой, номын хүүхэд байсан болохоор ангийн дарга болж дэвшдэг юм.
БҮЖИГ СУРАХ ГЭЖ БАГШАА ДУУРАЙН НАВСАГАНААД Л..
-Манай ангийн багш Дагва гэж сонин сэтгэлгээтэй хүн байв. Ухаан нь цээж бичиг хийлгэлээ гэхэд бичүүлэх зүйлээ өөрөө урьдчилаад магнитофонд гурав, гурав хэлээд биччихсэн байх.
Хичээл үймүүлдэг хүүхдийн нэрийг дунд нь хэлж анхааруулахаа бас мартахгүй. Тэгээд бичлэг явж эхлэнгүүт өөрөө сэмхэн алхалсаар гараад явчихна.
Гэрийн даалгаврын тоог шалгахдаа гэрэлт дэлгэц ашиглана. Самбарын өмнө гэрэлт дэлгэцээ байрлуулаад гурван хариу биччихнэ. Зөв хариун дээр дарвал улаан, харин бурууг нь дарчихвал ногоон гэрэл асах жишээтэй. Бас бидэнд нийтийн бүжиг зааж өгнө.
Гэхдээ хичээлийн бус цагаар шүү дээ. Бид ч охид, хөвгүүдээрээ дагаад навсаганаж өгнө дөө. Уншиж байгаа зохиолоороо ангидаа хэсэгчилсэн тоглолт хийнэ. Биднийг гуравдугаар ангид байхад "Алиа Тогмид"-ыг тоглуулж, сумынхны дунд бөөн шуугиан дэгдээж орхисон сон.
ДАРЬ ТЭСЭЛЖ, НЭГИЙГЭЭ ЗОЛТОЙЛ "ТӨХӨӨРЧИХӨӨГҮЙ"
-Гуравдугаар ангиа төгссөн зун миний хэрэгцээ ихэсч билээ. Учир нь би цагаан майкан дээрээ "Ну погоди" киноны чонын толгой зурж гангарав. Тэгтэл тэр маань газар авч, олон бацаан цагаан майкны эрэлд мордож, надаар чонын том, том толгой зуруулаад л. Тэр зуны моод чонын толгойтой майк л байсан даа. Тэр үеийн хөдөөгийн сургуулийн хүүхдүүд пуужин хийх гэж нэг их ажил болдогсон. Нөгөөхөө хийх гэж, хийсэн хойноо хөөргөх гэж элдэв дарины эрэлд их хатдаг байж.
Нэг удаа би хатуу цаасаар гоё пуужин урлалаа. Тэгээд хэсэг найзынхаа хамт сумынхаа урдхан байх Ягаан толгойн бэлд очиж хөөргөх юм болов оо. Тэгтэл дарь нь гэнэт тэсрээд бөөн хэрэг манддаг байгаа. Ангийнхаа "унага" Доржсүрэнгийн нүүрийг золтой л түлчихээгүй. Пис, пас хийсэн сүртэй дуу гарч айсандаа бид тал, тал тийшээгээ зугтаачихаж билээ. Их хөгтэй.
Харин үүний дараа багш нарынхаа тусламжтайгаар шинэ пуужин хийж, залуу зохион бүтээгчдийн аймгийн уралдаанд оролцох боллоо. Тэгтэл олигтой гоёл олддоггүй. Эцэст нь аавынхаа хромыг өмсөөд л туучихсан. Тэр уралдаанд миний хийсэн пуужин түрүүлсэн сэн.
УХАСХИЙТЭЛ ҮХРИЙН НОЙТОН БААСАН ДУНД УНАЧИХСАН
-Зуныхаа амралтаар би Отгонтэнгэрийн өврийн Элст нарийний үхрийн ферм дээр байх нагац ахындаа очдог байв. Гомбо ах дэвтэр дүүрэн шүлэгтэй. Их шооч, наргианч хүн. Түүнээс нэр, "хоч аваагүй хүн тэр хавьд байхгүй. Зарим нь бүр "Чи хүнд нэр, хоч өгдөг хүн гэсэн. Тийм л мундаг юм бол надад нэг нэр өгөөтөх" гэж агсам тавиад гайгүй сайн алдартай болоод үг хэлэхгүй мордоод явчихаж байхав. Тэнд надад хийхгүй ажил гэж байхгүй. Тугалчин, зэлний аргал түүгч, тугал оодогноход утаа, май тавигч, ахынхаа хүүхдийг чихэртэй цайгаар угжигч гээд л.
Нэг өдөр нагац ах надад мотоцикль унуулж сургах юм болов. Өглөөний саалийн дараа мотоцикль дээрээ суулгаад айлуудын дундуур давхи гэлээ.
Тэгтэл би өндөр хаазтай ухасхийгээд үхрийн нойтон баасан дунд хальтраад "яваад өгөх" нь тэр. Шанаагаараа газар алгадаад унасныг хэлэх үү, мотоцикль хажуугаараа уначихсан ээрч чарлаад, авгай, хүүхнүүд "Энэ Гомбоо хүүхэд алах нь" гэж хашгиралдаад, ичсэндээ би бушуухан шиг босоод гол руу хар эрчээрээ харайлгачихаж билээ. Тэгэхэд муухай их ичсэн шүү. Түүнээс хойш мотоцикль унах гэж нэг их дурлаагүй.
П.АДАРСҮРЭН БИД ХОЁР НЭГ ӨДРИЙН ГИШҮҮД
-Зургадугаар ангид орсон жилээ сургуулийнхаа уран зохиолын бүлгэмд оров. Бөөрөнхий гэж эрдэм боловсролтой, зөөлөн дуугарсан хүн анхны шүлгүүдийг маань сонсч билээ.
Дараа жил нь манайх Завхан аймгийн төв рүү нүүж Улиастай хотын найман жилийн хоёрдугаар сургуульд орсон юм. Ц.Бадамжунай багш нэг өдөр аймгийн утга зохиолын нэгдэл дээр дагуулж очоод гишүүнээр элсүүлж байв. Тэнд дууны шүлэг уншсан нэг хар нөхөр надтай хамт тус нэгдэлд элсч байсан нь алдарт дуучин П.Адарсүрэн байлаа. Түүнээс хойш ёстой л шүлэг бичих дон туссан.
Ангийнхаа хөвгүүдийн захиалгаар хайрын захиа үйлдвэрлэгч болж хувирсан. Ерөнхийдөө хичээлийн гурван зузаан дэвтэртэй. Эхнээсээ алгебрь, дундаа түүх, газарзүй, хойноосоо шүлэг, таталбар зураг, яг голдоо нэрийг нь тавих л дутуу гэгэлгэн үгтэй хайрын захидал.
Хичээлийн дэвтэр маань нэг иймэрхүү. Сургуулийн багш нар ханын сонин гаргах, элдэв зурах чимэх ажилдаа намайг гол дайчнаа болгоно. Тэгсэн хэрнээ шугам зургийн хичээл дээр "эх орны алтан гурав"-аас өөр дүн авч чадалгүй явсаар наймдугаар ангиа төгссөн юм даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!