- Байгаль орны үнэлгээний талаарх асуулт хариулт -
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн харилцааг хангуулах асуудлыг тусгай зохицуулсан эрх зүйн акт байдаг уу?
- Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-03 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам”-аар зохицуулсан байдаг болно. Журмыг БОНХЯ-ны www.mne.mn сайтаас татаж авч болно.
- Төсөл хэрэгжүүлэгч Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэдэн жилээр батлуулдаг вэ?
-Төслийн үйл ажиллагаанд хийсэн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 5 жилийн хугацаатайгаар баталж, цаашид 5 жил тутамд нэмэлт тодотгол хийлгэнэ.
Харин БОННҮ-ний тайлан, БОМТ-нд заасан шаардлага, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгч жил бүр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, үйл ажиллагаа явуулна.
- Төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ямар байгууллага батлах вэ?
- Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг төслийн үйл ажиллагаанд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага батална. Ерөнхий үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хийдэг.
- Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой юу?
- Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, холбогдох баталгааны хөрөнгийг байршуулалгүйгээр төслийн үйл ажиллагааг эхлэх, үргэлжлүүлэх эрхгүй болно.
-Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах, хянан батлахтай холбоотой харилцааг ямар журмаар зохицуулдаг вэ?
- Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-аар зохицуулж байна. Журмыг БОНХЯ-ны www.mne.mn сайтаас татаж авч болно.
- Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын эрх хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад ямар шаардлага тавьдаг вэ?
- Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх авахыг хүссэн аж ахуйн нэгжийн удирдлага нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн, тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна.
-Байгаль орчны нөлөөлийн нарийвчилсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын эрхийг хэн олгодог вэ?
- Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар 4 чиглэлээр, 3 жилийн хугацаатай олгодог.
- Төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардлын 50%-ийг тусгай дансанд баршуулдаг. Энэ асуудлыг ямар журмаар зохицуулдаг вэ?
- Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-04 дүгээр тушаалаар батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-аар зохицуулдаг. Журмыг БОНХЯ-ны www.mne.mn сайтаас татаж авч болно.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг
БОНХЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсээс
авч болно. Утас: 263235, 310942
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|