Сайн ресторанд хоол идэх гэдэг багагүй соёл шаардана. Ингэхэд баримталдаг этик, ёс зүйн дүрэм гэж байдаг байна. Энэ талаар “Хооллох урлаг: бүгд мэдэх ёстой энгийн ёс зүй” (The Art of the Meal: Simple Etiquette for Simply Everyone) номын зохиогч Патрися Напиер-Фицпатрик зөвлөж байна.
Эрчүүд ийм газар хоолонд ирэхдээ хослол, эсвэл ядаж хүрэм (пиджак) өмсөх хэрэгтэй. Хэрвээ гадны зочинтой хоолонд орох бол хүрэм, зангиатай өмсөнө. Харин эмэгтэйчүүд даашинз эсвэл хослол өмсөх хэрэгтэй. Мөн сандаал өмсөж болохгүй.
Энэ бол түгээмэл ойлголт. Ингэснээр хамт хооллогчийнхоо тав тухыг алдагдуулахаас гадна зөөгчид ч үйлчлэхэд хүндрэл учруулна.
Хэрвээ та уригч бол өөрийгөө уригч гэдгээ мэдэгдүүлэх ёстой. Ингэхдээ зөөгчид “миний зочинд … авчирч өгнө үү”, “манай зочноос эхлээд захиалга авна уу” гэх зэргээр хэлж илэрхийлнэ.
Урьсан хүн нь төлбөрийг даадаг уламжлалтай. Зарим туршлагатай хүмүүс хэрвээ хүн урьсан бол төлбөрийн картаа ширээнд суухаас өмнө өгчихдөг. Эсвэл ресторанд очихоосоо өмнө утсаар захиалахдаа тохирчихдог гэнэ.
Үүний оронд өөрийн боломжийн үнэтэй гэж үзсэн дарсыг менюнээс хуруугаараа заахад зөөгч ойлгоод ойролцоо үнэтэй дарснуудаас санал болгодог. Дарсны мэргэжилтэн болж харагдах гээд эвгүй байдалд ороод хэрэггүй. Зүгээр л амталж үзээд таалагдсанаа сонго.
Нэгэнт задалсан дарсыг буцааж болохгүй. Дургүй байсан ч ширээн дээрээ байлгахаас өөр аргагүй. Учир нь түүнийг зөвхөн таньд зориулж задалсан.
Хэрвээ үнэхээр асуудалтай дарс байвал зөөгчид эелдгээр тайлбарлаад буцааж болно.
Таныг урьсан хүн алчуураа өвдгөн дээрээ тавимагц идэж эхлэх ёстой. Хэрвээ ариун цэврийн өрөө орохоор босч явах бол алчуурыг сандал дээрээ орхино. Идэж дуусаад тавагныхаа зүүн гар талд эвхэлгүй, гэхдээ цэвэрхэн цэгцтэй тавина. Ингэхдээ мөн л уригч талын дараа энэ үйлдлийг хийнэ.
Тийм ойр дотно биш хүнтэй хооллож байгаа бол, мөн бизнес хоолонд орж байгаа бол бусадтай хоол хуваалцаж хэрэггүй.
Хэрвээ сайн мэдэх хүнтэй хооллож байгаа бол хоолноос нь амсах гэж талхны тавгаа өгч болно.
Зөөгчийг нүдний харцаар харьцан дуудах хэрэгтэй. Хэрвээ ингэх боломжгүй байвал гараа өргөн долоовор хуруугаа гозойлгож анхаарлыг нь татах хэрэгтэй.
Хэрвээ хоол чинь гүйцэд болоогүй байвал буцааж болно. Ингэхдээ бусад хүмүүстээ өөрийг нь хүлээлгүй хоолоо үргэлжлүүлэн идэж байхыг заавал хэлэх ёстой. Ингэхгүй бол бусад тань зэрэг хооллохоор хүлээх зэргээр тав тухаа алдана.
Өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд хамтран хооллогчтойгоо зэрэг идэж дуусахыг хичээх хэрэгтэй. Нөгөө хүнээсээ түрүүлж дуусвал түүнийг яаруулж эвгүй байдалд оруулна.
Идэж дуусаад хутга, сэрээ зэргийг тавган дээрээ 10:20 цагны зүүний байрлалаар орхино. Сэрээг дээш нь харуулах хэрэгтэй. Үүнийг харсан зөөгч тавгийг хурааж болохыг ойлгоно.
Ажил хэргийн яриаг хоол дуустал яриад хэрэггүй. Мөн хоолны үеэр маргаантай асуудлыг хөндөж ярих нь зохимжгүй.
Алчуураар хуруу болон уруулаа байнга арчиж цэвэрлэнэ.
Тавган дээрх махыг нэг хэрчиж амандаа хийн идэж дууссаны дараа дараачийн хэрчмийг хийнэ. Хэрчих, идэхийг давхцуулж болохгүй.
Талх болон масло үргэлж тавган дээр байх ба зөвхөн хазахдаа авна. Гартаа бариад суугаад байж болохгүй.
Аягатай зүйлийг уухдаа аяга руугаа харж ууна. Ууж байхад харц энд тэнд тэнэх нь зохимжгүй.
Цэх сууж гар болон тохойгоо ширээн дээр тавихгүй байх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!