Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болдбаатар: Хангайн дүр Монгол маягийн Жеймс Бонд, комиссар Катани юм уу даа...

ikon.mn
2014 оны 5 сарын 17
iKon.MN

Авлигын гэмт хэргүүд илрүүлж буй мөрдөгч нарын багийн ажиллагааны талаар үзүүлэх телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүр мөрдөгч Хангайд тоглосон Line action продакшны захирал, жүжигчин Б.Болдбаатартай ярилцлаа. 

-Таны гол дүрд нь тоглосон “Ус дээшээ урсдаг” телевизийн олон ангит уран сайхны кино орой бүр NTV сувгаар гарч байна. Энэ киногоор дамжуулан  авлигын хор уршгийг олон нийтэд ойлгуулах зорилготой гэсэн. Зорилгоо хэр биелүүлсэн бэ?

-Найз Д.Цогт маань “Ус дээшээ урсдаг” киноны Хангайн дүрийг санал болгосон юм. Би ч дуртайяа хүлээн авсан. Зохиолтой танилцах явцад авлига түүний хор уршгийн тухай эргэцүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байлаа. Энэ кино бидний эргэн тойронд болж байдаг жижиг сажиг гэмт хэргүүдийн тухай биш. Өнгөц харахад тааж мэдэхийн аргагүй тийм нарийн төвөгтэй, өөрөөр хэлбэл цагаан захтнуудын гэмт хэргийн тухай өгүүлдэг.

Нэг улсын төдийгүй олон улсын хэмжээнд учир явдал нь өрнөх магадлалтай тийм том хэргүүд. Хангайн баг бол тэр хэргүүдийг мөрдөж илрүүлэх хэмжээний ур чадвар, мэдлэгтэй хүмүүс. Миний хувьд, ийм л мөрдөгчийн дүрийг бүтээх гэж зорьсон. Үүргээ хэрхэн гүйцэтгэснийг үзэгчид маань одоо шүүж байгаа болов уу. 

-Авлига хээл хахуультай холбоотой бодит түүхүүд гардаг гэж үнэн үү?

-Энэ цувралын зохиол дээр бүхэл бүтэн зохиолчдын баг ажилласан. Зохиолч, хуульч, сэтгүүлч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс. Тэд хэрэг нь шийдэгдсэн хийгээд одоо мөрдөгдөж байгаа олон хэргүүдтэй танилцаж маш их судалгаа хийсэн юм билээ. Тэндээс төрсөн санаануудаа уран сайхны хэлбэрт оруулж баяжуулан бүтээсэн зохиол.

Бодит хэрэгт үндэслэгдсэн гэхээсээ бодит хэргүүд болон болзошгүй хэргүүдээс санаа авч уран сайхны хэлбэрт оруулсан гэвэл онох байх. 

Тэгэхээр бодит хэрэгт үндэслэгдсэн гэхээсээ бодит хэргүүд болон болзошгүй хэргүүдээс санаа авч уран сайхны хэлбэрт оруулсан гэвэл онох байх. Үзэгчид анзаарсан бол анги бүрийн эхэнд “Энэ цувралд гарч буй баатрууд, тэдэнд тохиолдсон явдал, хууль сахиулах байгууллагын бүтэц, мэргэжлийн ангилал, эрхэлсэн ажлын хуваарь бүгд зохиомол болно” гэсэн бичиг гарч байгаа.  

-Барууны гэмт хэргийн цувралууд шиг анги бүр нэг шинэ хэргээр эхлэнэ. Тэгээд Хангайн баг хэргийг мөрдөх даалгавар авна, мөн үү?

Нийт 28 ангитай цуврал. Харин 7 өөр хэрэг гарна. Тэгэхээр 4 анги тутам нэг шинэ хэрэг гарна гэсэн үг. Ер нь бол “Ухаантан” ч алддаг, Нигүүлсэл, Гэмшил, Тангараг, Ариун шүтээний харц, Нар шингэхгүй, Урвагч нэртэй нийт долоон зохиол уншсан даа. 

-Зохиолын хувьд аль нь хамгийн сонирхолтой байсан бэ?

Ер нь бүгд л авлига, хээл хахуулийн хэрэгтэй холбогдох сонирхолтой түүхүүд байсан. “Ухаантан” ч алддаг нэртэй эхний түүх гэхэд Югославт сурч байхдаа нөхөрлөсөн хоёр хүний тухай. Югославт иргэний дайн болж оюутнуудыг нутаг буцаахад нэг нь үлдэн зэвсгийн наймаа эрхэлдэг үндэстэн дамнасан гэмт бүлэгт гишүүнээр элсэнэ.  Нөгөөх нь Орост сургуулиа үргэлжлүүлэн төгсч хожмоо цагдаагийн хурандаа болсон байна. Зэвсгийн наймааны хэрэгт орж явсан Золбаяр нутагтаа ирж суурьшсан ч буяны сан байгуулсан нэрээр үндэстэн дамнасан гэмт бүлэглэлийнхээ мөнгийг угаах ажлыг үргэлжлүүлсээр.

Хэрэг бишидсэн үед цагдаагийн хурандаа найзаараа туслуулна. Урлаг судлаачаар сурч байсан ч цагдаагийн хурандаа болох хувь тавилантай Эрдэнэ оюутан цагийнхаа найзын “жижиг сажиг” асуудлыг зохицуулж өгдөгөө нөхөрлөлийн төлөө хэмээн итгэдэг. Харин уран зураг цуглуулах хорхойн дээр нь дөрөөлөн үндэстэн дамнасан гэмт бүлэглэлийн үйл хэрэгт зүтгүүлж байсныг тэр нэг л өдөр ухаарах учиртай байж. Аргалж зохицуулсан тус бүрийнхээ төлөө найзаасаа авдаг байсан уран зургууд нь авлига, хээл хахууль байсныг ойлгоод амиа хорлодог. 

-“Ариун шүтээний харц” гэхээр гэмт хэрэг гэхээсээ уран зохиол санаанд бууж байна?

-Ариун шүтээний харц болохоор Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй Ногоон дарь эх бурхан алдагдаж буй тухай. Мөн л үндэстэн дамнасан соёлын өвийн гэмт хэргийн бүлгийн гар хөл болсон гаалийн ажилтан гардаг. Алдагдсан Ногоон дарь эхийн гарвал түүхийг өөрчлөн Парис хотноо дуудлага худалдаанд оруулах гэж байхад нь Хангайн баг олж авч улмаар буцаан авчрахаар хөөцөлдөж буйгаар үйл явдал өрнөдөг.  

-Мөрдөгч Хангайн дүр танд таалагдсан учраас тоглохоор шийджээ?

-Сайн эрийн тухай өгүүлсэн үлгэр домог, ном зохиолын дүр манай ард түмний дунд эртнээс түгээмэл байж. Эрийн сайн Хан Харангуйгаас эхлээд Юндэн гөөгөө, Цахиур Төмөр ч гэдэг юм уу. Хангай ч ялгаагүй ард түмний хүсэмжит монгол эр хүн, сайн эрийн нэг дүр. Энэ цувралын зохиолчид орчин үеийн монгол комиссарын дүрийг зуржээ гэж би ойлгосон. Харин кино зурагтаар гарч эхэлсэнээс хойш өөрийгөө харлаа. Миний бүтээсэн Хангай нилээн уриалгахан, эелдэг, инээмсэглэсэн Хангай болчихож. Энэ магад зохиолчдын зурах гэсэн Хангайгаас арай өөр болчихоо юу даа гэж бодож байна. 

-Хангай гэж гоё нэр юмаа. Хангай шиг түшигтэй гэдэг байхаа...?

-Нэр бас учиртай юм билээ. Уг нь анх Төмөр гэж нэрлэж байж. Энэ киноны ажлын нэр нь “Төмөр ба түүний нөхөд” гэсэн. Орос түүх санаад орж байгаа биз. Тэгээд зохиолчид өөр өөрсдийн нэрийг дэвшүүлээд үндэслэлээ бусдадаа тайлбарлаж хамгаалсан юм билээ. Эцэст нь санал хураалт явуулахад С.Энхцэцэгийн Хангай гэдэг нэрийг бүгд дэмжсэн гэсэн. Бас Домог гэж хочтой байхаар тохирч байсныг зохиолчид ярьсан. Харин зохиолд энэ хочийг хэрэглээгүй. Хожим Хангайн түүх үргэлжилбэл Домог Хангай болчихсон гарч ирж ч магадгүй л юм.  Ажил үйлс, туулсан замнал нь түүнийг  ийм хочтой болгох нь байна шүү дээ. 

-Монгол маягийн Катани эсвэл Бондийн дүрийг гаргах суурийг тавилаа гэж ойлгож болох уу?

-Магадгүй л юм. Энэ дүр цаашаа улам хөгжих бүрэн магадлалтай. 

Юндэн гөөгөө гэснээс Та ХТүц хамтлагийн Сэргээш цувралд Юндэнгийн дүрийг бүтээсэн. Олон нийтэд ч их таалагдсан шүү дээ. Хангай, Юндэн хоёр тэгэхээр мөн чанарын хувьд ижил төстэй байх нь ээ.

Юндэнг бүтээсэн маань Хангайд тоглохоор сонгогдоход нөлөөлсөн тал бий. Хангай, Юндэн хоёр аль аль нь ард түмний хүсэл сэтгэлийг шингээсэн дүрүүд гэдгээрээ ижил төстэй. Ялгаа нь гэвэл, Хангай бол орчин үеийн хүн. Мэргэжлийн ур чадварын хувьд дэлхийн энд хүрсэн, харин хүнийхээ хувьд дотогшоо. Юндэн бол илүү романтик дүр. Хайр дурлалд зүрх сэтгэлээ зориулсан, шударга, цайлган бас гадаад үзэмж сайтай. 

Хусан ойд гитар барьсан залуу. Киноныхоо дууг өөрөө дуулсан нь үзэгчдийг бас их татсан байна билээ...

Юндэнд тоглохдоо дуулж байсан. Түүнээс хойш арав гаруй жилийн дараа дахин дуулж гарч ирж байгаа нь энэ. Би 53 дугаар сургууль төгссөн юм. Орцонд гитар дардгуудын нэг явлаа. Орцны акустик ямар гайхалтай гээч. 

Та үе үе гарч ирсэнээ нуугдчихдаг жүжигчин шиг санагддаг...

Тэр үнээн. Учир нь гэвэл, би хоёр удаа амьдралын эрхээр жүжигчний ажлаа орхиж байсан хүн. Эхлээд Орост ВГИК-д сурч байгаад наймаа хийх гэж хаяж байлаа. Дараа нь ХТҮЦ-д гэрээт жүжигчин байснаа Солонгост хар ажил хийхээр хаяж байв. Эцэст нь юу ойлгосон гээч...

Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг, урлаг л миний амьдрал юм байна гэдгийг. Төөрч будилж явсаны эцэст үүнийг маш сайн ухаарч авлаа.

Төөрсөөр төрөлдөө гэдэг шиг, урлаг л миний амьдрал юм байна гэдгийг. Төөрч будилж явсаны эцэст үүнийг маш сайн ухаарч авлаа. Урлагийн тэнгэр үнэнч зүтгэсэн хүмүүсээ харж үздэг гэдэгт би одоо бүрэн итгэсэн. Дахин урлагаа орхихгүй. 

Оросын Бүх ард түмний кино урлагийн дээд сургууль ч алдартай сургууль байсан даа...

Тиймээ, тэнд сурсан зүйлс өнөө хэр намайг чиглүүлж яваа. Эхлээд В.Г.Чумак гэж алдартай хүний шавь болж зураглаачийн мэргэжилд суралцсан.  Дараа жил нь Сергей Юсов, Алексей Баталов нараас жүжигчний ур чадварт суралцсан юм. Царцаа Намжилын үлгэрийг санаж байна уу.

Лам багш нь чи одоо харь даа, зам зууртаа харин харсан үзсэнээ сайн тогтоогоод яваарай гэж. ВГИК-д хоёрхон жил суралцсан минь миний жүжигчний мэргэжлийн суурь болсон юм билээ. Тэр мэргэжилдээ л би тууштай байх ёстой байж...

Таны дотор уран бүтээлийн санаа, төслүүд буцалж байх шиг...

-Тийм ээ, өөрийн уран бүтээлийн замыг тодотгон зурах санаатай л гүйж явна. Хэд хэдэн төслийн санаа бий... Удахгүй хэрэгжиж эхэлнэ ээ...

М.Ууган-Эрдэнэ