Япон улсад Агаарын бохирдлын чиглэлээр суралцаж байсан Beatbox Ray буюу Б.Нарандэлгэр сургуулиа төгсөөд эх орондоо иржээ. Ирээд удаагүй ч уран бүтээл болон мэргэжлийн ажилдаа орсон гэнэ. Түүнтэй холбогдож сонин сайхнаас нь хуваалцсан юм.
-Монголдоо ирсэн чинь ямар сэтгэгдэл төрж байна вэ. Одоо суурин байх уу?
-Мэдээж төрж өссөн газар гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан зүйл. Эх орондоо ирээд сайхан байна. Сургуулиа төгсөх гээд унтах ч завгүй хэсэг хугацааг өнгөрөөлөө. Харин ирээд сайхан амарч байгаад уран бүтээлийн ажилдаа орсон. Одоо нэг хэсэгтээ суурин байна. Энэ жилдээ л лав ийш тийшээ явахгүй. Гэхдээ өөрөө явахгүй ч шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор Японы “Sky music” продакшнтай гэрээ байгуулж, залуусыг тэнд суралцахад “гүүр” болно.
-Японд beatbox хэр хөгжсөн байдаг юм бэ?
-Өндөр хөгжсөн. Миний хувьд beatbox-той үндэсний хөгжмөө хослуулдгаараа тэдэнд тоогдож, өндрөөр үнэлэгддэг байсан.
-Саяхан рок попынхны хамтарсан хандивын тоглолтод та оролцсон гэсэн. Монголчуудтайгаа эх орныхоо тайзан дээрээс эргэн уулзахад ямархуу сэтгэгдэл төрж байна вэ?
-Тийм ээ. Тавдугаар сарын 11-нд “UB palace’’-т болсон тоглолтод оролцсон. Тэр өдөр их сэрүүхэн байсан. Би их даарсан. Гэхдээ тайзан дээр гараад монголчуудтай мэндлэхэд намайг маш сайхан хүлээн авсан. Тэр дороо л халууцаж, халуун дулаан энергиэр цэнэглэгдэх шиг болсон.
Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө Монголдоо тайзан дээр гарч байсан юм билээ. Түүнээс хойш таг байсан болохоор үзэгч, сонсогчид намайг хэрхэн хүлээн авах бол хэмээн тайзан дээр гарахаасаа өмнө их бодсон. Гэвч миний уран бүтээлийг их санасан нь мэдрэгдсэн.
-Эх орондоо ирээд ямар ажил амжуулав. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Рояал мюзик” продакшнтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Нэг үгээр бол тус продакшны уран бүтээлч болсон гэсэн үг. Тиймээс энэ хамт олны нэг бүрэлдэхүүн болон уран бүтээлээ туурвиж байна. Уран бүтээлдээ илүү их анхаарал хандуулахаар өдрийн дийлэнх цагийг студи дээрээ өнгөрөөж байгаа.
-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Таныг хэв маягаа эвдсэн уран бүтээл туурвиж байгаа гэж дууллаа?
-Тийм ээ. Уран бүтээлч хүн байнга шинийг эрэлхийлж байх ёстой гэж боддог. Тиймээс шинэ зүйлүүдийг туршиж байна даа. Одоо хип хоп стилиэр дуулахаар бэлтгэж байна.
-Хип хоп стилиэр дуулна гэхээр “үглэх”-ийг хэлж баына уу, эсвэл beatbox-oo хип хоп маягт оруулах юм уу?
-Үглэж дуулна. Түүнийгээ beatbох-тойгоо хослуулна. Өмнөх уран бүтээлүүдээс минь шал өөр өнгө төрх, ахиц дэвшил мэдрэгдэнэ гэж найдаж байна. Шинэ уран бүтээлүүдээ ирэх зургадугаар сараас эхлэн дүрсжүүлэн цацна. Одоогоор дуу, бүжгийн бэлтгэлээ базаагаад завгүй байна. Мөн ирэх наймдугаар сард Германд болох олон улсын Төмөр хуурчдын уралдаанд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Дэлхийн олон орны чадварлаг уран бүтээлчид цугладаг маш том наадам юм.
-Тоглолт төлөвлөж байгаа юу?
-Одоогоор үгүй л болов уу. Энэ зунжин уран бүтээлээ туурвина. Тэгээд намраас олон шинэ уран бүтээлтэй фэнүүдтэйгээ уулзах бодолтой байгаа Түүнээс өмнө тайзнаа гарах бодолгүй байна.
Bеаtbох-ыг нэг өвөрмөц хэлбэрээс тоглож, түүнийгээ гиннест бүртгүүлэхээр ярьж байгаа. Ер нь их амжилттай, дэмжигдэх талдаа байгаа.
-Та Японд агаарын бохирдлын чиглэлээр сурсан Эзэмшсэн мэргэжлийнхээ үр шимийг эх орондоо гаргана биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Агаарын бохирдлыг бууруулах талаар бодсон зүйл бий. Түүгээрээ төсөл бичиж байгаа. Энэ жилдээ уран бүтээлээ туурвиж байгаад, ирэх жилээс мэргэжлийн ажлаа хослуулан хийнэ.
-Та уран бүтээлээ гиннест бүртгүүлэх гэж байгаа гэсэн. Тэр ажил тань хэр амжилттай явж байгаа вэ?
-Ямар төрлөөр вэ гэдэг нь одоохондоо нууц үлдэг. Юутай ч bеаtbох-ыг нэг өвөрмөц хэлбэрээс тоглож, түүнийгээ гиннест бүртгүүлэхээр ярьж байгаа. Ер нь их амжилттай, дэмжигдэх талдаа байгаа. Бүртгэгдсэн хойно нь албан ёсоор мэдээлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!