Хэдэн жилийн өмнөөс иргэд “Оргил” рашаан сувиллын хувь заяаны талаар сэтгэлээ чилээсээр өдийг хүрсэн. Тэдний сэтгэл чилсэн учир нь тус сувиллын эргэн тойрон дахь газрыг эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс өөрийн болгож авсанд буй юм.
Хамгийн хачирхалтай нь хамгаалалтын бүсэд байрлалтай рашааны эх ундаргатай газруудад нийслэлийн Засаг даргын захирамжаар газар өмчлөх эрх олгосон явдал.
Өөрөөр хэлбэл рашаан сувиллын бүсэд газрын зөвшөөрөл олгосноос болж жилд 13 мянган хүнийг хэвтүүлэн сувилж, олон мянган хэрэглэгчдэд шууд хүрдэг “Оргил” рашааны чанарт эрс өөрчлөлт орж, найрлага муудаж эхэлсэн гэсэн үг. Энэ нь хаа сайгүй барилга барьснаас үүдэлтэй гэдгийг эрдэм шинжилгээний ажилтнуудын дүгнэлтээр нотолж буй юм.
“Оргил” рашааны хамгаалалтын бүс нь хуучин Туул голын эрэг хүртэл байсан ч одоо эргэн тойрон өндөр, өндөр гоёмсог барилгууд бий болсон. Тэгвэл нэгэн цагт төр түшилцэж явсан эрхэм андынхаа хамт тус сувиллын хамгаалалтын гаднах талбайд эмчилгээ сувилгааны зориулалттай барилга барихаар зэхэж байна.
Тодруулбал УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нар өнгөрсөн лхагва гарагт барилгын ажлаа эхлүүлэхээр шаваа тавьж бяцхан зан үйл хийсэн билээ. Өмнө нь “Нөхөн сэргээх клиник сувилал”-ыг хувьчилж авсан эзэн нь гэгдэх Ц.Чанцал тус сувилалын хамгаалалтын бүс гэж нэрлэгдсэн 100 метр дотор барилгын ажлаа эхлүүлэхээр зэхэж байхад нь албаныхан ажлыг нь зогсоож байсан түүхтэй.
Захирамж цуцлах арга хэмжээ аваагүй мөртлөө Хотын дарга Э.Бат-үүл дахин захирамж олгосон
Ингээд “Оргил” рашаан сувиллын хуулийн зөвлөх Л.Баянмонгол “2004 оны тавдугаар сарын 20-ны 226 тоот захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон байдаг. Уг захирамжаар нь “Би Си консалтинг” ХХК-ний нэр дээр эмчилгээ сувилгааны зориулалтаар 2200 м.кв газрыг олгосон.
Өөрөөр хэлбэл МАН-ын дарга М.Энхболдыг Хотын даргаар ажиллаж байх үеэс эхэлж бид хувийн хэвшлийн нөлөө бүхий компаниуд болох “Хурд”, “Би Си консалтинг”, “Өндөр буянт” зэрэг ХХК-д дөрвөн га газраа алдсан. Өмнө нь найм га газарт үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо ердөө дөрвөн га газар л бидэнд үлдээд байна.
Зурган дарж томоор харна уу!




Мэдээж энэ бүх газар олголт бүгд хууль бус. Юу гэсэн үг вэ гэхээр “Оргил” рашааны ундарга дээр дөрвөн газар олголт хийснээс болж Усны тухай хуулиудыг ноцтой зөрчсөн гэсэн үг.
Тодруулбал Усны тухай хуульд зааснаар 200 метр дотроо эрүүл ахуйн бүс байх ёстой. Гэтэл 2004-2008 оны хооронд бүсийн дэглэм алдагдаж энэ тухайгаа бид Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандаж шийдвэрлэж өгөөч гэсэн албан бичиг явуулсан. Уг нь анх “Би Си консалтинг” ХХК газар авч байсан. Гэтэл одоо эл талбайд “Хөрш заанууд” ХХК барилгын ажлыг эхлүүлэхээр болсон юм шиг байна.
Өнгөрсөн пүрэв гарагт тус компанийн захирал Ч.Батзориг гэх хүний гарын үсэгтэй “цахилгаан, цэвэр усаар хангаж өгөөч” гэсэн хүсэлт ирсэн байгаа. Тэдний хүсэлтийг бид хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр дээрх компани Ч.Батзориг захиралтай “Хөрш заанууд” гэдэг компанид газраа зарсан юм болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь дээрх хүний гарын үсэгтэй хүсэлт байгаа учраас бид тэгж бодож байна.
Тэгээд ч рашааныхаа эх ундаргыг хуулийн байгууллагад шийдвэрлүүлэхээр өгсөн байгаа. Хэрвээ хотын дарга бидний өгсөн хүсэлтийг яаралтай шийдвэрлэж өгөхгүй бол дараагийн шатны хуулийн байгууллагад хандах болно. Хэрвээ эрүүл ахуйн бүс дотор барилга бариад эхэлвэл “Оргил” рашаан сувилал устаж үгүй болдоггүй юмаа гэхэд рашаанд ямар нэгэн өөрчлөлт гарна. Нэг үгээр “Оргил” рашаан сувиллын эрүүл ахуйд шууд нөлөөлнө. Хамгийн хачирхалтай нь Э.Бат-Үүл даргад дээрх захирамжуудыг цуцлах хүсэлт илгээсэн байхад дахин энэ онд шинээр захирамж гарган олгосон байна билээ” гэв.
Ямартай ч учир мэдэх хүний ярьж буйгаар анх тус сувилалын 2200 м.кв газрыг авсан “Би Си консалтинг” ХХК Улсын заан Ч.Батзоригийн “Хөрш заанууд” компанид зарсан аж. Тиймээс тэд уг газар эмчилгээ сувилгааны зориулалттай барилгын ажлаа эхлүүлэхээр ийнхүү зэхэж шав тавин баахан лам авч ирж сүржигнэсэн нь энэ юм. Цаг улирах тусам тус газрын тусгай хамгаалалтын бүс болон гаднах бүсүүд мөнгөтэй хүмүүсиийн гарт очиж барилга байгууламж барьсаар байгаад өдгөө дөрвөн га газартай болж үлдсэн байна.
Нийслэлдээ рашаан ундарч байдаг хотууд манайхаас өөр Арабын Дубай зэрэг цөөхөн улс байдаг юм байна. Гэтэл энэ бүхнийг үл харгалзан үе үеийн хотын дарга нар 2008-2011 он хүртэл газрын захирамжийг олгоод зогсохгүй шударга үнэний дуу хоолой болж явна гэж ярьдаг Хотын дарга Э.Бат-Үүл хүртэл газар эзэмших эрх олгоод явж байгаа нь үнэнд хэр нийцэх бол гэдэг сонин.
Түүнчлэн дээрх сувилалын газрын захирамжууд өнөөг хүртэл “Оргил” рашаан сувиллын газрын архивт байдаггүй гэж байгаа юм. Сувиллын удирдлагууд дээрх захирамжуудыг нийслэлийн архиваас олж авах гээд чадахгүй байгаа юм билээ.
Эдгээр захирамжуудыг хууль зөрчиж олгосон гэдэг нь хүн болгонд ойлгомжтой байх гэж тус газрын удирдлагууд хэлж байсан. Хэрвээ манай ихэс дээдсүүд болон нэр төртэй хөрөнгөлөг бизнесменүүд 1968 онд гаргасан Сайд нарын зөвлөлийн “Оргил” рашаан сувилалтай холбоотой тогтоол байдаг. Энэ тогтоолоор бүх зүгийг нь тогтоож, тодорхой гаргаад өгсөн байхад юунд хуулиа зөрчив гэж асуумаар санагдах юм. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарын буянаар өдгөө нийслэлд жирийн иргэдэд олдох алга дарам газар хаана ч байхгүй.
Гэтэл энэхүү “А” зэрэглэлийн газруудыг дээрх эрхмүүд дуртаа цагтаа авч байгаа нь сонирхолтой
Сонирхуулж хэлэхэд тус сувиллын бүсэд “Тэнгэр газар рашаан” ХХК НЗД-ын захирамжаар 2008 онд 2000 метр кв зочид буудал, үйлчилгээ явуулах газрын зөвшөөрөл авсан.
Мөн “Реском” ХХК 2011 онд НЗД-ын захирамжаар амины орон сууц барихаар 15124 м /кв газрыг тус тус авч байжээ.
Дээрх компаниудын авсан газрууд кадастрын зургаар тодорхой заагдсан байдаг байна. Юутай ч ард иргэдийнхээ амьдралд сэтгэлийн тэнхээ хайрлана гэж ярьдаг Кёкүшюзан Д.Батбаяр халаас нэгтэй андынхаа хамт сувилалын хоосон хашааг яагаад сонгосон нь хачирхалтай. Монголын эрх мэдэлтэй хөрөнгөлөг эрхмүүд ядаж жирийн иргэдийн ганц сувилуулж байдаг “Оргил” рашаан сувиллын газраас өөр газар тэдэнд олдоогүй юм болов уу гэж асуумаар байна.
Тэгээд ч тэдний энэхүү газар хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газар гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Тиймээс Хотын дарга Э.Бат-Үүл та юуны учир газар эзэмших эрх дахин олгов оо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!