Дүүрэг бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын төвтэй болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор тэдэнд зориулсан сургалтын төвийг дүүрэг бүрт нээн ажиллуулахаар болсон байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн “Төгс жаргал” сургалтын төвийн захирал О.Долгорсүрэнгээс тодрууллаа.
-Танай сургалтын төв өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байгаа ч өмнө нь үйл ажиллагаага явуулж байсан гэсэн үү?
-Тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан манай сургалтын төв нь өнгөрсөн оны есдүгээр сараас үйл ажиллагаагаа явуул эхэлсэн. Харин өнөөдөр /өнгөрсөн лхагва гараг/ нийслэл даяар албан ёсоор нээлтээ хийж байгаа юм. Цаашид манай сургалтын төв шиг төвүүдийг дүүрэг бүрт нээнэ гэсэн.
-“Төгс жаргал” сургалтын төвд одоо хэчнээн иргэн сургалтад хамрагдаж байна. Сургалтаа хэдэн чиглэлээр явуулдаг вэ?
-Манай сургалтын төвд одоогоор 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлж байнгын сургалтад хамрагдаж байгаа. Эдгээр иргэдэд гар урлал болон хөдөө аж ахуйн чиглэлээр сургалтуудыг явуулдаг.
Гэхдээ эдгээр чиглэлүүдийг дотор нь хэд хэдэн чиглэл болгон ангилж тухайн иргэний сонирхож байгаа чиглэлээр нь сургалтуудыг явуулдаг. Тухайлбал, гар урлалыг дотор нь зургаан төрөл болгон ангилсан. Тиймээс тухайн иргэн эсгийгээр урлал хийх эсвэл шүрэн эдлэл хийх эсэхээ өөрөө сонгоод сургалтад хамрагдаж болно гэсэн үг.
-Сургалтын төвд суралцаж төгссөн иргэдийг байнгын ажлын байраар хангах асуудал дээр танай төвөөс хэрхэн анхаарлаа хандуулан ажилладаг вэ?
-Манай төвд суралцан төгссөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахыг зорилгоо болгон ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид 12 төгсөгчөө ажлын байраар хангаж чадсан. Цаашид ч төгсөн гарсан хүмүүсийг аль болох ажлын байраар хангах, зуучилж өгөх болно.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэхүү сургалтын төвд сурч төгсөөд, хувиараа бизнес эрхлэх тал дээр ямар нэгэн тусламж дэмжлэг байгаа болов уу?
-Манай улсад 188 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэсэн өнгөрсөн онд гарсан судалгаа гарсан. Эдгээр хүмүүсийн 80 орчим хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн. Тиймээс тэдгээр иргэдийг нийгэмшүүлэх, тогтмол орлоготой болгох манай сургалтын төв маш том хувь нэмэр оруулах учиртай.
Энэ жил Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрийг боловсруулж үйл ажиллагаандаа тусгаад байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бичил аж ахуй эрхлэх хүсэлтэй бол тав хүртэл сая төгрөгийг буцалтгүй тусламж өгөхөөр болсон энэ мэтээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон ажил хийгдэж байгаа.
-Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд сургалтын төвдөө сурсан мэдсэн зүйлээ цаашид өргөжүүлж, хувийн бизнес болгох боломж бүрэн нээлттэй байгаа юм байна?
-Сургалтын төв сурч төгссөн иргэдийн маань бүтээлүүд 2013-2014 оны хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт оролцож байсан. Тэдний хийсэн бүтээлүүдийг ч иргэд худалдан авах дуртай байдаг. Тиймээс тухайн иргэд Хөдөлмөрийн яамны дээрх хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл харьяа аймаг, сум, дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст хандах боломжтой юм билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
