УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдсэнгүй. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Ерөнхийлөгч “Том төрөөс Ухаалаг төр лүү” санаачлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэтэл өнөөдрийн \ өчигдрийн \ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл уналаа. Үндсэн хуулийн дордуулсан долоон заалтад Монгол Улсын УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно хэмээн заасан байгаа.
Засгийн газрын гишүүн гадна талаас томилогдоод засгийн ажлаа хийдэг, УИХ-ын гишүүн нь өөрийн үүрэгт ажлаа хийдэг тийм л байх ёстой. Тиймээс бие биенээ хянах тогтолцоонд шилжүүлэх ёстой. Ингэснээр сөрөг хүчин хаана байна вэ гэсэн асуудал үүсэх байх.
Нэг нам олонхи болсноор сөрөг хүчингүй байна хэмээн үзэж магадгүй. Гэхдээ Засгийн газар ажиллаж байхад УИХ нь өөрөө сөрөг хүчин болох ёстой. Харин хугацааны асуудал байгаа.
Миний хувьд 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байсан. Учир нь Ардчилсан намын байгуулсан Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад жигдэрсэн.
Гэтэл түүнийг солих нь төрийн үйл ажиллагаанд садаа болохоос биш дэм болохгүй. Тэдний үйл ажиллагааны хурд л саарах болно. Мөн төрийн залгамж чанар алдагдах болно.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Үүнийгээ цаашид хэрэгжүүлээд явах ёстой. Тийм учраас энэ засгийг огцруулах шаардлага байхгүй.
-Хуулийн төсөл унасаар УИХ нь Засгийн газарт хяналт тавих үүргээ дахин биелүүлэхгүй хэмжээнд хүрч байгаа юм биш үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө эргүүлэн татаагүй. Энэ нь цаашид уг асуудлыг хэлэлцэхэд нээлттэй гэж ойлгож болно. Ганц хоёр гишүүний саналаар л уналаа. Энэ нь огт хэрэгжүүлж болохгүй гэсэн зүйл биш. Зөвхөн энэхүү хуулийн төслийн хэрэгжилт 2014 оны долдугаар сарын 1-ний өдрөөс гэдэг заалт нь унаж байгаа гэж ойлгож болно.
-Засгийн газрыг УИХ-ын хяналтаас гарсан гэж үзэж энэхүү хуулийн төслийг санаачиллаа хэмээн үзэх хүмүүс бий?
-Монгол Улсын Засгийн газар хяналтаас гарсан гэж тодорхойлж болохгүй. Засгийн газрыг ажиллуулах эрх зүйн чадамж, нөхцөл байдлыг УИХ бүрдүүлж өгөх ёстой. Бие биендээ найр тавих бус хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулах нь Шинэчлэлийн Засгийн газрын нэг асуудал болоод байгаа. Хэдийгээр манай намын Засгийн газар ч миний хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа.
Чингис бондын зарцуулалтад авлига хээл хахуулийн асуудал орсон байгаа бол түүнийг шалгуулах ёстой.
Авлига хээл хахууль, ёс зүйн асуудал тулгарч байгаа Засгийн газрын гишүүд байна. Хэрвээ энэ удаагийн Засгийн газрыг гишүүдийг гаднаас томилсон бол шууд огцруулах асуудлыг ярих байсан.
-Үүнтэй холбогдуулан энэ засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх хүмүүс олон байна. Таны хувьд ямар үнэлэлт өгч байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар сайн, муу ажиллаж байгаа гэж би туйлшрахгүй. Хамгийн гол нь ажиллаж байна. Тухайлбал, олон жилийн туршид улстөрчдийн томоохон маргаан болоод байсан төмөр замын цагирийн асуудлыг шийдлээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хуулийн төсөл санаачлан өргөн барьсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэн найруулаад оруулж ирлээ.
Ингэснээр эдийн засагт ахиц дэвшил гарах байх. Дэлхийн түүхий эдийн үнийн савалгааны хүнд цаг үед шинэчлэлиин Засгийн газар ажиллаж таарлаа. Өмнөх засгийн халамжийн хавтгайруулсан бодлогын үр дүн буюу баасыг нь Н.Алтанхуягийн тэргүүлж байгаа Засгийн газар цэвэрлэж байна. Мөн сонгуульд ялахын тулд “Чалко”-гоос 350 сая ам.доллар зээлсэн. Үүний үйл лайг ард түмэн үүрч байна.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шинэчлэлийн Засгийн газрын ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарыг огцруулах асуудлыг хөндөх ёстой хэмээн мэдэгдсэн. Тэрхүү сайд нарын тоонд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн нэр байгаа гэсэн бор шувуу нисч байна. Таны хувьд дээрх сайд нарт ямар үнэлэлт өгч байна вэ?
-Д.Ганхуяг сайдын хувьд сайн ажиллаж байгаа. Хүнд үед энэхүү салбарыг удирдсан. Салбарын бодлогоо боловсруулан батлуулсан байгаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн бариад байна. Ингэснээр хайгуулын ажил эхлэх бөгөөд түүнийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
Мөн гадаад руу чиглэгдсэн алтыг эх орондоо төвлөрүүлэх ажлыг эхлүүлсэн. Алтны 10 хувийн татварыг 2.5 хувь болгож бууруулсан. Монголын төр уул уурхайн салбараас хэт хамааралтай байлаа. Түүнийг багахан хэмжээнд ч гэсэн бууруулж чадлаа.
-Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Баярбаярын хувьд?
-Н.Батбаяр сайд мөн л ажиллаж байна. Гэхдээ Чингис бондын зарцуулалтад авлига хээл хахуулийн асуудал орсон байгаа бол түүнийг шалгуулах ёстой. Ёс зүйгүй сайд нарт хариуцлага тооцох ёстой.
-Ёс зүйгүй сайд нар гэж хэнийг хэлж байна вэ?
-Хэвлэлээр бичигдээд байгаа сайд нар олон байна шүү дээ. Өөрсдөө ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэж бодож байгаа бол шалгуулчих хэрэгтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа улсын нууц задруулсан хэрэгт холбогдуулан гишүүний дархан эрхээсээ гарч, шалгуулан буруугүй гэдгээ тогтоолгож байсан. Тэгж л нэр төрөө цэвэр авч гарах ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!