Залуучуудын Соёлын төв 1987 онд байгуулагдсан цагаасаа хойш нэг ч засвар, үйлчилгээ хийгдээгүй, 1990-ээд оноос хойш зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд оёдлын цех, баар, зоогийн газар, ломбард зэрэгт өрөөнүүдийг нь түрээслүүлж байсныг шинэчлэн, засч тохижуулан зориулалтаар нь ашиглах боломжтой болгожээ.
Орчин үеийн шийдлээр засч тохижуулсан тус газрын нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцохдоо “Ерөнхий сайдын 2013 оны төсвийн багцын 50 тэрбум төгрөгөөс хоёр орчим тэрбумыг Залуучуудын соёлын төвийг шинэчлэн засварлахад зарцуулсан.
Залуучууд өөрсдийгөө хөгжүүлдэг, шинийг сэтгэдэг орчин үеийн шийдэл бүхий ийм газрыг байгуулах засвар, тохижилтийн ажлыг “Хаш ган-Эрдэнэ” компани гүйцэтгэсэн” гэж хэллээ.
Хоёр орчим тэрбумыг Залуучуудын соёлын төвийг шинэчлэн засварлахад зарцуулсан байна.
Мөн эрүүл саруул ухаантай, эрдэм боловсролтой залуучуудыг бэлтгэхэд Засгийн газраас хийж буй ажлуудын нэг нь энэ юм гээд хүүхэд, залуучуудыг тус төвд ирж, чөлөөт цагаа өнгөрүүлж байхыг урилаа.
Дэлхийн олон хотуудын залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудыг судалж, Сөүлийн залуучуудын Соёлын төвийн жишгээр тус төвийг тохижуулжээ.
Энэ төвд залуучууд, залуу гэр бүлийн хөгжил, эрүүл мэнд, танин мэдэхгүй, урлаг соёлын бүхий л төрлийн сургалт, үйлчилгээг цогцоор нь зохион байгуулах боломжтой. Мөн номын сан, дуу бүжиг, хөгжмийн сургалт явуулах, тоглолт хийх дуу шингээгчтэй өрөөнүүд, үзэсгэлэнгийн танхим, 650 хүний суудал бүхий үзэгчдийн танхимтай юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!