ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Х.Тэмүүжин буруугаа хүлээвэл би огцруулах тогтоолын төслөө ТАТНА

Ч.Болортуяа
2014 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө татсан гэх яриа гарсныг үгүйсгэлээ. 

О.Баасанхүү ярихдаа "Хууль зүйн сайдыг огцруулах миний өргөн барьсан тогтоолын төслийн үндэслэлүүд нээлттэй байгаа. Би Х.Тэмүүжин сайдыг тэр хар тамхи зэрэгтэй холбож огцруулах тухай яриагүй. Хүмүүс андуураад байх шиг байна. Би үндсэн гурван зүйлээр түүнийг огцрох ёстой гэж үзсэн. Тэгэхээр энэ гурван асуудалд Х.Тэмүүжин сайд буруугаа хүлээн зөвшөөрвөл миний үндэслэл биеллээ оллоо гэж үзээд би тогтоолын төслөө татах боломжтой" гэлээ. 


УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төсөлд дараах гурван зүйлийг үндэслэл болгон өргөн бариад байгаа билээ. 

Үүнд:

Нэг. Хууль зөрчиж, хариуцлага алдсан ...

Сайд Х.Тэмүүжин нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан байна. Уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 6, 10, 16, 16.5, 41, 42.7 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн байна. Төсвийн тухай хуулийн 70.2-т “энэ хуулийн 42.7-д заасныг зөрчсөн нь томилсон эрх бүхий этгээд тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэж “ заасан байдаг.           

Түүнчлэн Засгийн газрын 122 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн барилга Хууль зүйн яаманд шилжсэнтэй холбогдон тухайн барилга болон түүний доторх тоног төхөөрөмжийг Хууль зүйн сайдын зүгээс хариуцан хамгаалж байх үүрэгтэй байсан. Гэтэл Хууль зүйн сайд өөрийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр доод шатны албан тушаалтнууд нь хариуцлага алдаж 3.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий  Имрай /IMR/ аппарат эвдэрч сүйдэн, улсад онц их хэмжээний хохирол учруулсан.

Хоёр. Хариуцсан салбараа удирдах чадваргүй ..

Сайд Х.Тэмүүжин нь Хууль зүйн сайд эрхлэх “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, ... гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх” ажлыг зохион байгуулж чадахгүй байгаа болно. Тухайлбал 2011 онд 19197 хэрэг улсын хэмжээнд бүртгэгдэж байсан бол 2012 онд 22089, 2013 онд энэ тоо 25362 болж нийт 6165-н гэмт хэргээр огцом өссөн дүн байна. 

Энэхүү гэмт хэргийн нөхцөл байдлыг 2013 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын хоорондох 30 хоногийн байдлаар харьцуулан авч үзвэл улсын хэмжээнд гэмт хэрэг 2327 байснаа 4295 болж 84,5% нэмэгдэж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 134-өөс 326 болж 2,4 дахин нэмэгдсэн мөн гэмт хэргийн улмаас иргэд байгууллагад учирсан хохирол 1349.2 тэрбум байснаа 2792.3 тэрбум төгрөг болж 2 дахин, гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1656 байснаа 3047 болж 1,8 дахин тус тус өссөн байна. Эрүүгийн нөхцөл байдал ийнхүү хүндэрч байхад энэ талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь хууль зүйн салбарыг удирдах чадвар мөхөс байгааг нотлон харуулж байна.     

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн комиссын зүгээс шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын үйл ажиллагаатай удаа дараа танилцан зөрчил дутагдлыг нь засах үүрэг даалгавар өгсөн. Мөн Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан дэд ажлын хэсэг ажиллаж цагдаагийн байгууллагын хуулийн хэрэгжилттэй холбоотой зөрчил дутагдлыг илрүүлэн засах үүрэг даалгавар өгч байхад өнөөг хүртэл дорвитой өөрчлөлтийг хийж чадахгүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг томилсон, зарим Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр түр томилон, ажлаас чөлөөлсөн захирамжууд нь үндэслэл муутай болж өөрчлөгдөн залруулж байгаа нь Хууль зүйн сайд Засгийн газарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, “... төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт” –ыг хэрэгжүүлэх чиг үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн нотолгоо юм.

Гурав. Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй ...

Хууль зүйн сайдтай холбоотой  “Үндэсний шуудан” сонины 2014 оны 3 дугаар сарын 24-ний дугаарт гарсан “Хар тамхины хэрэг хааш нь хөтлөв” гэсэн гарчиг бүхий нийтлэлд Хууль зүйн сайдтай холбоотой нэлээд ноцтой үндэслэлүүдийг дурдсан байдаг. Гэтэл сайд Х.Тэмүүжингийн зүгээс 3 дугаар сарын 24-нд өөрийн твиттэр хуудаснаа “цагдаагийн байгууллагын ийм арчаагүй арга барилыг өөрчлөх гэж шинэчлэл хийж байгаа” мөн “хүүхдүүдийн маань цүнхэнд хар тамхи хийж гүтгэж чадах хүмүүс” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн байдлаас үзэхэд өөрийн шууд харъяалах байгууллага болох цагдаагийн байгууллагадаа итгэдэггүй, өөртэй нь холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалт явуулах шаардлага гарвал  сайдын зүгээс албан тушаалаа ашиглан шууд болон шууд бусаар саад учруулахаар харагдаж байна. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг сайдын албан тушаалаас нь нэн даруй огцруулж, нэр төр нь үнэхээр цэвэр байгаа эсэхийг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байна.  

Миний бие УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ийнхүү гомдол гаргах болсон шалтгаан нь Хууль зүйн сайд 15 настай хүүгээ хуурамчаар бусдад үрчлүүлэн, энэ байдлаа ашиглан төрийн тусгай албан хаагчийн давуу байдлыг өөрт ашигтайгаар ашиглах гэсэн увайгүй үйлдэл байсан хэмээн Улсын Их Хурлын гишүүний хувьд би үзэж байгаа юм. 


Дээрх ҮНДСЭН гурван үндэслэлээр Хууль зүйн сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байгаа билээ. Харин О.Баасанхүү гишүүн өнөөдөр хийсэн хурлаараа дээрх асуудалд Х.Тэмүүжин өөрийнхөө бурууг хүлээж хохирлыг барагдуулвал огцруулах үндэслэл биелэл олсон гэж үзнэ гэлээ.

Харин түүнээс хэвлэлийнхэн "Та Х.Тэмүүжин сайдыг огцортол тэмцэх болно гэж байсан. Ингээд буугаад өгч байгаа юм уу" гэж асуухад "Би энэ асуудалд харин ч тууштай байгаа гэж бодож байна. Миний огцруулах үндэслэлүүд биеллээ олсон тохиолдолд тогтоолын төслөө татна шүү дээ" гэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг