С.Хүрэлбаатар: Японы тал биднийг сайн төсөл санал болго, санхүүжүүлэхэд бэлэн гэж байгаа
Арлын Японд эх орноо төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.Хүрэлбаатарыг “Монгол элч”-ийн зочноор урьж ярилцсан юм.
Эрхэм зочин маань энэ сарын дундуур нутагтаа ирж хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой хийгээд япончууд манайд ямар боломж санал болгож буй тухай дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өгсөн. Бидний яриа ч энэ сэдвийг тойрон өрнөлөө.
-Гадаад улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайдыг парламентад дуудаж мэдээлэл авдаг тухай сонсч байгаагүй санагдана. Тухайлан Японд суугаа элчээсээ хоёр орны эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны талаар мэдээлэл авсан нь өнөө нүүрлээд буй эдийн засгийн хямралыг хохирол багатай давахын тулд санаа оноо сонсохыг илүүд үзсэн хэрэг болов уу гэж санагдсан.
-Энэ бол Байнгын хороогоор Элчин сайдыг дуудаж мэдээлэл авсан анхны тохиолдол. Ялангуяа Японд сууж байгаа Элчин сайдыг дуудаж мэдээлэл авсан нь учиртай, агуулгатай. Монгол, Японы харилцаа сайн хөгжиж байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид улам эрчимтэй хөгжих төлөв байгаа. Тиймээс Эдийн засгийн байнгын хороо гол нь Япон улстай эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх ямар ямар боломж байна вэ, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдсан ямар асуудал байна гэдгийг сонсохыг хүссэн.
-Манай хоёр улсын харилцааны хамгийн оргил үеийг хэдийд гэж үздэг вэ?
-Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 42 жил болж байгаа юм. Энэ хооронд хоёр орны харилцаа эхний хагастаа төдийлөн өргөн хөгжих боломж хомс байсан ч аажим боловч тогтвортой хөгжиж суурь нь тун сайн тавигдсан. Өөрчлөлт шинэчлэл өрнөж эхэлснээс хойш харилцаа үсрэнгүй хөгжиж эхэлсэн түүхтэй.
Одоо бол харилцааны хамгийн сайн үе. Шинэ үеийн харилцааны 24 жилийн эхний 14-15 жилд иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж ирсэн бөгөөд 2010 оны арваннэгдүгээр сард манай Ерөнхийлөгч Японд айлчлахдаа иж бүрэн түншлэлийн харилцааг дараагийн шинэ шатанд гаргая гэдэг саналаа тавьчихаад ирсэн.
Тэр дагууд одоо стратегийн түншлэлийг хэрэгжүүлэхийн төлөө явж байна. Энд өнгөрсөн онд хоёр орны Засгийн газрын тэргүүнүүдийн харилцан айлчлалын үед яригдсан хэлэлцээ, гарын үсэг зурсан баримт бичгүүд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Тодорхой хэлбэл, 2013 оны гуравдугаар сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд, хагасхан жилийн дараа буюу есдүгээр сард нь манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японд айлчилсан.
Эдгээр айлчлалын үед Монгол, Японы харилцааны стратегийн түншлэлийн шатанд хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр гэдэг баримт бичгийг байгуулсан. Хөтөлбөрийг 2018 он хүний таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
-Стратегийн түншлэл нь иж бүрэн түншлэлээсээ юугаараа ялгаатай юм бэ?
-Стратегийн түншлэл таван баганаас бүрдэж байгаа. Нэгдүгээрт, улс төрийн хувьд маш сайн ойлголцсон, итгэмжилсэн харилцаа. Хоёрдугаарт, бие биеэ нөхсөн харилцан ашигтай хамтын ажиллагаа. Гуравдугаарт, соёл боловсрол, шинжлэх ухаан, спорт, олон нийтийн байгууллага, орон нутгийн шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Дөрөвдүгээрт, бүс нутгийн хамтын ажиллагаа, тавдугаарт, олон улсын тавцанд глобал түвшинд бие биеэ дэмжсэн хамтын ажиллагаатай байх ёстой юм.
-Мэдээж манайх Японтой улс төрийн хувьд ойлголцохгүй зүйл гардаггүй байх. Энэ харилцааг улам гүнзгийрүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Харилцааг гүнзгийрүүлж, илүү сайн хамтарч ажиллахын тулд улс төрийн салбарт дээд түвшний айлчлалуудыг ойр ойрхон хийж байна.
Өмнө нь төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын хооронд тав зургаан жил болдог байсан бол одоо давтамжийг ойртуулахад анхаарч байгаа. Гадаад харилцааны сайд нарыг жилд дор хаяж нэгээс хоёр удаа уулзуулж байх, ГХЯ-дын хооронд дэд сайдын түвшинд бодлогын зөвлөлдөх уулзалтыг хийж байна.
Зундаа багтаад РМ2+2 хөтөлбөрийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулна.
Мөн РМ2+2 хөтөлбөр буюу улс төр, цэргийнхний оролцсон зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн жилээс хойш ГХЯ, БХЯ-ны газрын дарга нарын түвшинд хийж эхэлсэн. Энэ жилийн тухайд Японы парламентын дарга айлчлах гэж байна.
Гадаад хэргийн сайд нь ирнэ. Токиод зургадугаар сард Гадаад хэргийн дэд сайд нарын бодлогын зөвлөлдөх уулзалтыг хийх гэж байна. Зундаа багтаад РМ2+2 хөтөлбөрийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулна гээд энэ чиглэлд хийж буй ажил олон.
-Монгол Улс хоёр Солонгосын харилцааны тал дээр гүүр болох талаар нэлээд ярьдаг. Бүс нутгийн хамтын ажиллагаа гэдэгт энэ асуудал орно биз?
-Бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, тулгамдсан асуудлаар нэгнээ дэмжсэн бодлого явуулах чиглэлээр манай хувьд Зүүн хойд Азийн буюу Солонгосын хойгийн асуудлаар хамтарч ажиллахаар тохирсон. Энэ ажил их сайхан явж байгаа.
Умард Солонгост хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд, хоорондоо энэ асуудлаа ярихад нь Монгол Улс дэмжлэг үзүүлж байгаа.
Өнгөрсөн оны яг өдийд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг санаачилсныг санаж байгаа байх. Энэ санаачилгын хүрээнд Япон, Умард Солонгосын уулзалтыг хийлгэхэд Монгол Улс хүчин чармайлт гаргаж дэмжлэг үзүүлж ирлээ. Тэдний уулзалтыг Улаанбаатарт хийх чиглэлээр ярьж байгаа.
Умард Солонгост хулгайлагдсан япон иргэний охин саяхан Улаанбаатарт ирж өвөө эмээтэйгээ уулзсаныг манайхан мэдэж байгаа. Цаашид ч бид энэ чиглэлээр уулзалтууд хийхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ бүхэн Улаанбаатарын яриа хэлэлцээний нэг хэсэг юм шүү дээ.
-Японы талаас манайхтай эдийн засгийн хамтын ажиллагааг ижил түвшинд хөгжүүлэх боломжийн талаар ямар байр суурьтай байдаг бол?
-Хоёр орны харилцаа улс төр, аюулгүй байдал бүс нутгийн чиглэлд сайн хөгжиж буйн зэрэгцээ нэлээд хүч, анхаарал тавьж буй чиглэл бол эдийн засгийн хамтын ажиллагаа. Хэдийгээр хоёр орны хооронд 1957 оноос худалдаа хийж байсан уламжлалтай ч эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд 1970-аад оноос эхэлж, 1990-ээд оноос идэвхижсэн түүхтэй.
Гэхдээ энэ нь зөвхөн нэг талаас буюу манайхан Японоос санхүүгийн буцалтгүй, яаралтай гэхчилэн тусламж дэмжлэгийг авдаг, нэг үгээр өгөөч өгөөч гэсэн хамтын ажиллагаатай байсан бол одоо харилцан ашигтай бие биеэ нөхсөн хамтын ажиллагаанд оръё гэж тохирсон.
Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхол Японы Засгийн газрын түвшинд ч, хувийн хэвшлийнхэнд ч нэлээд өндөр байдаг.
-Ялангуяа хувийнхан нь манай аль салбарт хамтрах сонирхолтой байдаг вэ?
-Японы хувийн хэвшлийнхэн Монголд дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой. Зам барих, мал аж ахуй, газар тариалангийн түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, уул уурхайн түүхий эдийг олборлох, боловсруулах гээд олон төсөлд оролцох сонирхол хувийнханд нь байна. Ганцхан манайханд бизнесийн болон эрх зүйн орчноо сайжруул гэсэн шаардлагыг тавьдаг.
Энэ орчныг бий болгох, сайжруулах тал дээр Японы Засгийн газар нь хөрөнгө гаргаж, манай талтай хамтарч ажиллаж байгаа.
Өнгөрсөн онд экспортын зээлийн шугам нээх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Энд манай жижиг, дунд үйлдвэр, дэд бүтэц хөгжүүлэх төслүүдийг Японы компаниудын тоног төхөөрөмж, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай яригдаж байгаа юм.
Яг одоогийн байдлаар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэдэг баримт бичгийг байгуулахаар ажиллаж байна. Зургаан удаагийн шат дараалсан хэлэлцээр явагдсан. Гэрээгээ байгуулахад тун ойртсон. Ажил сайн явж байна.
-Энэ гэрээг байгуулсны үр дүн нь юу юм бэ?
-Үүнийг байгуулчихвал Японы хувийн хэвшлийнхэн оруулсан хөрөнгөө үр дүнгүй хаячих вий гэсэн болгоомжлолгүйгээр манайд орж ирэх эрх зүйн үндэс тавигдах юм. Мөн манайх гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа шинэчилж сайжруулж баталлаа.
Хамтын ажиллагаа хөгжүүлэхэд япончууд юу гэж ярьж байгаа вэ гэхээр Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжлэг үзүүлнэ, Монголд хамгийн хэрэгтэй байгаа мега төслүүдийг санхүүжүүлэх, цаашилбал түүнийхээ дагуу тэргүүний технологи нийлүүлэхэд бэлэн байна. Сайн төсөл санал болго, бид санхүүжүүлье гэж байгаа.
Түүнээс гадна манай Өрийн удирдлагын хуульд гадаадаас авч байгаа зээл ДНБ-ий 50 хувиас дээш гарч болохгүй гэсэн нь саад болдог. Засгийн газар зээл авахад учирч байгаа нэг жаахан саад нь энэ юм. Хоёрдугаарт, Японы хувийн компаниуд Монголд хөрөнгө оруулахдаа Засгийн газрын баталгаа шаарддаг.
Манай хууль тогтоомжоор тэр болгонд баталгаа гаргаж өгөөд байх эрх зүйн үндэс байхгүй. Энэ бүгдийг шийдэх гарц олчихвол Японы Засгийн газраас долоо найман төрлийн хөнгөлөлттэй зээлийг олгоход бэлэн байна.
Тухайлбал, 1,3 хувийн хүүтэй 40 жилийн хугацаатай, эхний арван жилд хүү төлөхгүй байх, 0,75-1,0 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай эхний долоон жилд хүү төлөхгүй гэсэн нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлүүдийг авч болно.
Тэр ч бүү хэл, эдийн засгийн түншлэлийн тусгай зээл гэж 0,10 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний арван жилд хүү төлөхгүй зээл ч бий. Ийм зээлээр манайх Хөшигийн хөндийд Олон улсын шинэ нисэх буудал барьж байна.
Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өгч байсан зээлээ үргэлжлүүлэх, экспортын болон импортын зээл ч өгье гэж байна. Хөрөнгө оруулалтын зээл ч өгөх боломжтой.Энэ бүгдийг авахын тулд бидэнд хууль эрх зүйн орчноо сайжруулах гэдэг асуудал л байгаа.
-Тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд мега төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн байна гэсэн. Чухам яг ямар төсөл дээр оролцох сонирхолтойгоо ил тод илэрхийлж байгаа юу, япончууд?
-Тэр бодлогоо илүү нарийвчлаагүй байна. Гэхдээ өнгөрсөн жил байгуулсан дунд хугацааны хөтөлбөрт нефтийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, гангийн болон төмөрлөгийн үйлдвэр байгуулах гэсэн том төслүүд орсон.
Дулааны цахилгаан станцуудыг байгуулах, газрын ховор элемент, зэс, нүүрс, уран гээд эрдэс баялгийн олборлолт, тэдгээрийг боловсруулах чиглэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэсэн. Гэвч хуулийн зохицуулалтаас болоод энэ асуудлууд хаагдчихаад байна л даа.
-Гишүүд хуулийг тэдний хүссэнээр өөрчлөх боломжтой гэж байна уу?
-Их хурал дээрээ л ярина шүү дээ. Цаашдаа хөгжье, хөгжилд хэрэгтэй санхүүжилтийг олъё гэж байгаа бол хуулийн зохицуулалт хийх ёстой гэдгийг ойлгож байгаа.
-Уран япончуудын сонирхдог баялаг. Тэдний компаниуд Монголд уран олборлоход оролцох хүсэлтээ илэрхийлж байгаа хэвээрээ юу?
-Японууд уран сонирхдог. Атомын 57 реактортай. Гэхдээ Фүкүшимагийн ослоос хойш бүх реактороо унтраасан. Шинээр сэргээх гэхээр ард олны эсэргүүцэлтэй тулгарах болсон тул уран гэдэг сэдвээс аль болохоор зайлсхийж байгаа. Зайлсхийж байгаа учраас Монголтой ураны салбарт хамтарч ажиллах асуудал автоматаар хойшилсон.
-Тэгвэл ураныг нүүрсээр солино гэж ойлгож болох уу?
-Нүүрсний асуудал яг үүнтэй холбоотой. 57 реактороо унтраасан, тэд. Тиймээс атомын цахилгаан станцаар эрчим хүчнийхээ хэрэглээний 30 хувийг хангадаг байсан орон зайгаа нөхөхийн тулд нефть, хийгээр ажилладаг дулааны цахилгаан станцуудаас гадна нүүрснээс эрчим хүч гаргах байгальд сөрөг нөлөөгүй шинэ технологийг бий болгоё гэж байгаа. Тэр зорилгоор манай Тавантолгой зэрэг уурхайгаас дээж авч судалсан.
Дээд зэргийн чанартай гэдгийг тогтоосон. Коксжих нь ч тэр, эрчим хүчний хүрэн нүүрсний хувьд ч тэр. Тиймээс Монголоос нүүрс авах сонирхол бий. Бүр урт хугацаанд, тогтвортой, их хэмжээгээр авъя гэж байгаа. Гэтэл бас л биднээс шалтгаалсан асуудал гардаг.
-Ямар?
-Тавантолгойнхоо тендерийг зарлаагүй байна, дэд бүтцийн асуудлаа шийдээгүй учраас одоохондоо бид Японд нийлүүлэхээр нүүрстэй болж чадаагүй байна. Гэхдээ хэзээ нэг цагт энэ бүх асуудлаа шийдэж Японы сонирхож байгаа нүүрсийг өгнө.
Өгөхдөө тэр нүүрсээ яаж хүргэх вэ. Дотоодын тээврээс гадна Хятад, Оросоор дамжсан тээврийн асуудлаа шийдэх ёстой. Оростой, Хятадтай яриа хэлэлцээгээ одооноос эрчимтэй хийх хэрэгтэй байгаа. Энэ тухай би Байнгын хороонд хийсэн сонсголдоо нэлээд сайн оруулсан.
-Уул уурхай, эдийн засгаас гадна соёл боловсролын чиглэлд бид Японоос ямар дэмжлэг авч болохоор байна?
-Одоогоор жил бүр 20 оюутан, 20 аспирант Японы Засгийн газрын тэтгэлгээр сургаж байна. Хувийн зардлаараа сурч байгааг оруулаад 1300 оюутан байгаа. Тэрийг үргэлжлүүлэхийн хажуугаар сая Японы Засгийн газраас боловсролын зээл авах хэлэлцээр байгуулж 7,5 тэрбум иенийн зээлээр таван жилийн хугацаанд 1000 гаруй залуусыг инженер техникийн мэргэжлээр сургахаар болсон.
Манайд хэрэгцээтэй барилга, барилгын материал, зам гүүр, сантехник, уул уурхайн мэргэжлээр мэргэжилтэй ажилчдыг Японд дадлагажуулах боломжтой.
Энэ нь манайд хэрэгжүүлэх гэж байгаа том төслүүдтэй холбоотой юм. Давын өмнө гэхэд одоо баригдаж байгаа Олон улсын нисэх буудлыг хөдөлгөх, тэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч байна.
Нефтийн үйлдвэр байгууллаа гэхэд тэнд ажиллах хүмүүсийг урьдчилаад бэлтгэх бодлого барьж байгаа юм.
Мөн энэ чиглэлд манайд нэг боломж гарч ирж байгаа юм. Япон улс 2020 оны олимпийг зохион байгуулах эрхийг авсан. Тиймээс олимпийн цогцолборуудыг иж бүрнээр нь барьж байгуулах ажил эхлэх гэж байна.
Тэнд барилгын мэргэжилтэй ажилчдыг гадаадаас авах шийдвэрийг Засгийн газар нь гаргасан. Үүнийг бид ашиглаж. залуучуудаа явуулж улам сайн сургаад авах ёстой юм.
-Элчин сайдын яамны байшингийн асуудал ч таны ирсэн зорилгын нэг байсан гэж ойлгосон?
-ЭСЯ-ны байрны асуудал бий. 40 жил болсон. хуучирч муудсан нь үнэн. Газар хөдлөх эрсдэлд байдаг газар учраас амархан мууддаг. Нэг үгээр эрсдэлтэй болсон гэдгийг УИХ-д танилцуулсан. Гэхдээ өнөө маргаашгүй бариад өгөөч гэсэн шаардлага тавиагүй.
Би ямар нүүрээрээ Элчин сайдын яамны байшин нурах гэж байна, мөнгө өг гэж шаардах билээ.
Улсын эдийн засаг хүнд байна, төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа энэ үед би ямар нүүрээрээ Элчин сайдын яамны байшин нурах гэж байна, мөнгө өг гэж шаардах билээ. Гэхдээ байдал ийм байна шүү гэдгийг шийдвэр гаргагчдын сонорт хүргэсэн төдий.
-Арай актлаад ч юм уу, цаашид ашиглаж болохгүй гээд шийдвэр гаргачихаагүй биз дээ?
-Энэ байшин арван жилийн өмнө актлагдчихсан. Саяхан энэ хавар танайх байшингаа хурдан шинээр бариач ээ гэсэн шаардлага ирсэн. Ганцхан манайд эдийн засгийн бололцоо алга.
-Хэчнээн хэмжээний мөнгө хэрэгтэй вэ, шинийг барихад?
-25-30 сая доллар хэрэгтэй.
-Их мөнгө хэрэгтэй болох нь.
-Том төслүүдээ хэрэгжүүлээд боломжтой мөнгөтэй болсон хойно болох байлгүй дээ.
-Та Японд сууж байгаа Монголын хэд дэх Элчин сайд бэ?
-Одоо бол арав дахь нь. Долоо дахь Элчин сайдаар 1997-2001 онд ажилласан. Хоёр дахь удаагаа томилогдож оччихоод байна.
-ЭСЯ хэр олон хүнтэй вэ?
-Долоон дипломат, техникийн хоёр ажилтантай. Нэг япон ажилтантай нийлээд арвуулаа.
-Жил ирэх тусам Японыг зорих хүний TOO нэмэгдэж байна учраас ажлын ачаалал ч тэр хэрээр өсч байж таарна. Одоогийн бүтцээрээ энэ бүгдийг нугалаад байх боломжтой юу?
-Хэцүү. Цаашид орон тоо нэмэх асуудлыг ярих л ёстой.
-Энэ улсад эх орноо төлөөлөн хоёр удаа ажиллахдаа дээд хэмжээний уулзалт айлчлал хэр олныг зохион байгуулж чадсан бэ. Элчин сайдын ажлын нэг үзүүлэлт энэ байдаг гэж ойлгодог?
-Долоо дахь Элчин сайдаар 1997-2001 онд ажиллахад хоёр орон иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжих үе таарсан бөгөөд Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд П.Жасрай. Н.Энхбаяр, Р.Амаржаргал гээд төрийн өндөрлөгүүдийн айлчлалыг зохион байгуулж байлаа.
Парламентын түвшинд ч айлчлалууд болж, Гадаад хэргийн сайд нар ч харилцан айлчилсан. Нэг үгээр шинэ мянганы харилцааны суурийг тавих өндөр дээд хэмжээний айлчлал олон болсон.
Арав дахь Элчин сайдаар томилолт аваад очиход иж бүрэн түншлэлийг стратегийн түншлэлд шилжүүлэх шинэ цаг үетэй таарсан. Намайг очсоноос хойш Монголын хоёр Ерөнхий сайд, Японы нэг Ерөнхий сайд айлчилчихаад байна.
Гадаад хэргийн сайд Л.Болд албан болоод ажлын айлчлал тав зургаан удаа хийсэн. Энэ бол их сайшаалтан. Ямар чухал ажил гарна, юуг шийдэх хэрэгтэй байна тэр бүгдийг айлчлал хүлээхгүйгээр шийдээд явж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
