
-Би 33 настай. Юмыг амархан мартдаг болчихсон. Гэтэл нэг эмч тархины судасны нарийсалттай байна гэсэн. Тархины нарийсалт юунаас болж үүсдэг юм бэ. Ямар эмчилгээ хийлгэх вэ?
/Баянзүрх дүүргийн иргэн Б.Наранцэцэг/
-Тархины судасны нарийсал наснаасаа хамаараад олон шалтгаантай. Тархины судас нарийсахад хүргэж буй нэг гол шалтгаан бол тархины судасны хатуурал юм. Мөн судаснууд дарагдсаны улмаас агшиж, үүнээс болж нарийсалт үүсдэг.
Тиймээс нарийсалд хүргэж байгаа гол шалтгааныг олж нэн даруй эмчлэх хэрэгтэй. Энэ нь удаан үргэлжилбэл тархины шигдээс үүсч, үүнтэй холбоотойгоор тархины судас бүрэн бөглөрч, бөглөрснөөсөө болж тархины тодорхой хэсэгт үхжилт үүсч харвалт өгч, амь насанд аюултай.
Оношийг тодруулахдаа цусны биохимийн болон тархины судасны шинжилгээ хийлгэж, цусны ерөнхий бүлэгнэх чанар, тархины судасны ангиографийн зураг авахуулах хэрэгтэй. Нарийсалд хүргэж буй бас нэг шалтгаан нь үрэвсэл юм.
Тархины судас үрэвсэхээр хана нь үрэвсэж доторх нүх нь нарийсна. Юмыг амархан мартаж, анхаарал сулрах, юм тогтоохгүй болох нь судасны нарийсалтай тэр болгон хамааралтай биш. Энэ нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны сульдалт, хэт ачаалалтай холбоотой. Тархины зуурамтгай байдлыг багасгаж, уусамтгай чанарыг сайжруулдаг эмүүдийг урьдчилан сэргийлэх үүднээс аспирин ууж болно. Мөн цусан дахь өөх тос, холестирины хэмжээг багасгах эмэн эмчилгээнүүдийг хийж болно.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын клиникийн их эмч Л.Энхсайхан
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!