Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ныг "Эх дэлхийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхыг НҮБ 2009 онд уриалж, түүнээс хойш дэлхий нийтээрээ /192 орон/ тэмдэглэдэг болсон билээ. Энэ өдөр дэлхий даяар байгаль орчныг хамгаалахад анхаарлаа хандуулдаг.
Эдгээр орнуудын тоонд ч манай улс багтдаг юм.
Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан JCI Монгол байгууллага нэгэн өвөрмөц арга хэмжээг өнөөдөр зохион байгуулсан нь "Эзэнтэй мод" эко төслийн нээлт байлаа.
Энэхүү төлсийг JCI Монгол байгууллагын Эко салбар хэрэгжүүлж байгаа аж.
Энэ тухай бид тус байгууллагын Эко салбарын ажилтан Д.Содчимэгээс тодрууллаа.
-“Эзэнтэй мод” төслийн гол зорилго юу вэ?
-Мэдээж "Эх дэлхийн өдөр" арга хэмжээний хүрээнд явуулж байгаа ажил гэдгээрээ онцог. Бид нийслэлийн мод бүр эзэнтэй юм шүү гэдгийг сануулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, мод бүрийн доод хэсэгт зураг зурж өгснөөр хүн байгаль хоёрын хоорондын харилцаа холбоог ойртуулах гэсэн оролдлого юм.
-Модон дээр зурж байгаа зургийн тухайд ямар нэгэн өгүүлэмж, санаа бий юу?
-Голчлон амьтан зурж байгаа. Ингэснээр хүмүүсийн анхаарлыг татаж, ногоон байгууламжаа хайрлах сэтгэлийг төрүүлж чадна гэж итгэж байна.
Бидэнд тусалж, модон дээр зураг зурах ажлыг МУБИС болон СУИС-ын оюутнууд гүйцэтгэж байгаа.
-Өнөөдрийн тухайд яг хэчнээн модон дээр зураг зурах вэ. Цаашлаад нийслэлийн бүх модон дээр зураг зурах нь гэж ойлгож болох уу?
-Өнөөдрийн хувьд 35 мод зурагтай болно. Цаашлаад Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлэх бөгөөд Анкарагийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Их сургууль, Нэгдсэн үндэстний гудамж зэрэг газруудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн бид Дархан-Уул аймагт энэхүү төслөө хэрэгжүүлэхээр болсон.
-Модонд дээр зурж байгаа будгийн хувьд ямар нэгэн хор нөлөө бий юү?
-Огтхон ч муу нөлөө байхгүй. Учир нь ургаа модыг хортон шавьжаас хамгаалах зорилгоор шохойдсоных нь дараа зурж байгаа. Будаг маань өөрөө акрилк.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|