Улс төрд эдийн засгийн гарц хэрэгтэй боллоо. Улс орны эдийн засаг туйлдсан учир яаралтай арга хэмжээ авахаар парламент хэлэлцэж эхлэв.
Сайд, гишүүдийнхээ давхар сандал суудлаар оролдох бус хямралд өртөөд буй эдийн засаг, нийгмээ аврах гарцыг улстөрчид хайцгаах болов. Өнгөрсөн жилийн өдийгөөс сөрөг хүчний зүгээс эдийн засаг ийм байдалд хүрч болзошгүйг зөгнөж, бас эрх баригчдад анхааруулж байв.
Тэдний хэлж, ярьсан ёсоор эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал уналтад хүрчээ. Гэвч учир мэдэх хүмүүсээс хэн нь ч эдийн засаг хямарсан тухай онож цохож хэлэхгүй байгаа ч нэн яаралтай арга хэмжээ авах болсноос үзвэл байдал хүндэрснийг хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Засгийн газар өмнө нь Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан УИХ-д оруулсан ч нам, эвслийн бүлгүүдэд гологдож төслөө дахин боловсруулж өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан юм. Ингэхдээ “нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай” гэсэн тодотголтой өгсөн байна.
Иймд УИХ-ын гишүүд өмнөх ажлаа хойш тавьж эдийн засгаа аврах төслийг шуурхай барьж авлаа. Өчигдрөөс УИХ дахь нам, эвслийн бүлгүүд энэ талаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд маргааш байнгын хороодоор хэлэлцэн, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар батлахаар төлөвлөжээ. Угаас нэн яаралтай асуудлыг цаг алдах шаардлагагүй гэж үзэж байна.
Гэхдээ тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа гэхэд ямар арга хэмжээ авч уналтад орсон эдийн засгийг аврах бол. Тогтоолын төсөлд чухам юу гэж тусгасныг сийрүүлэв.
ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН МӨНГИЙГ ТАТНА
Энэ он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлсөн тул валютын ханшийг тогтворжуулж, инфляцийн төвшинг бууруулан эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хадгалах шаардлагатай болсон гэж сайд нарын танхим үзээд энэ төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөлд Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий 23 арга хэмжээг батлуулан хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд эрх зүйн бодлогын шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь чухал гэж үзжээ.
Ингэхдээ үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, ханшийн эрсдлээс хамгаалах зорилгоор CВОП (SWAP) хэлцлээр бий болсон боломж, нөхцлүүдийг үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж байгаа болон экспортлогч, импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ашиглах талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ.
Мөн гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн хөрөнгийн урсгалыг татах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь мөнгөн хадгаламж эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох санал, шийдвэрийн төсөл боловсруулах юм байна.
Хөрөнгө оруулалтын сангууд болон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүний үр дүнд бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд ашиглах, эдгээр сангууд болон банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн корпорацийн бизнесийн санхүүжилтийн үйл ажиллагааг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бодлогоор дэмжих аж.
ТАВАНТОЛГОЙД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ НЭМНЭ
Түүнчлэн эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд Тавантолгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын оролцоог хангах, нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар эрчимжүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэх чиглэлээр ажиллана гэж Засгийн газар үзсэн байна.
Бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлийн сангуудын үйл ажиллагаанд Монголбанкны оролцоог хангах, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зэрэг арга хэмжээг авна.
Бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх хүрээнд бизнесийн орчны шинэтгэлийн үйл явцад эрс шинэтгэлийн хандлага, арга барилыг голчлон хэрэглэх чиглэлээр УИХ-аас шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж тусгажээ.
Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад орнуудын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн зэрэгцээ хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визний дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох чиглэлээр ажиллана.
Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг 2014-2016 онд хувьчлах хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулна гэж үзжээ.
Ашигт малтмал, тансаг хэрэглээнээс бусад салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид татварын таатай нөхцөл бүрдүүлж, ажиллах талаар тусгасан байна.
Төрийн өмчийн тогтолцоог шинэчилж, засаглал, удирдлага, хараат бус үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, энэ хүрээнд “Монголын Баялаг” Холдинг компанийг байгуулах, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг байх тогтолцоог бүрдүүлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!