-Засгийн газрын хуралдаан боллоо /2014.04.19/-
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох чиглэлээр шинэ хууль, дүрэм, журмууд батлагдаж байгаа боловч, эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарт гадаад, дотоодын шинэ хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй байна.
“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль, Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай” хууль, Засгийн газрын 191 дүгээр тогтоол зэрэг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудын улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй болж хайгуулын ажилд дорвитой шинэ хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байна. Түүнчлэн хайгуулын ажилд оролцдог өрмийн геофизикийн зэрэг мэргэжлийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ.
Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлыг эхлүүлэхээс гадна уул уурхайн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, тус салбарын урт хугацааны хөгжлийн үндсийг бэхжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Уул уурхайн яамнаас боловсруулжээ.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 2006 оны суурь хуулийн үндсэн зарчим болон хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрхийг хөндөхгүй байх гэсэн зарчмуудыг баримталжээ.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг үргэлжүүлэн авах харилцааг зохицуулах Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулсан.
Энэ хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд зарим асуудлуудад анхаарч, тооцоо судалгаа хийсний үндсэн дээр эцэслэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар урьдчилсан тооцоогоор улсын төсөвт жил бүр 200 орчим тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал үүсэхээр байгаа нь тэтгэврийн сангийн зарлагыг 21 орчим хувиар, төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ий 1,0 хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхээр байх тул тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн бодлоготой уялдуулж, хамтын тэтгэврийн даатгалын шинэ төрлийг боловсруулах, түүнд хамрагдах иргэд бусад иргэдээс илүү шимтгэл төлдөг байх чиглэлийг судалж үзэх нь зүйтэй гэж үзжээ.
Товч мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Засгийн газрын үйл ажиллагааны талаарх 3 дугаар сарын хураангуй мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг гишүүдэд танилцууллаа. Энэ сард Засгийн газар 4 удаа хуралдаж, 71 асуудал хэлэлцэн, 21 асуудалтай танилцаж, Засгийн газрын тогтоол 33, тэмдэглэл 58 гарчээ.
Зөрчлийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдэд Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!