Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор хотын захиргаанаас бүх нийтийн цэвэрлэгээний төлөвлөгөөг гаргасан байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодрууллаа.
-Хаврын тохижилтын ажлын хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Энэ жил бид хотыг цэвэр, цэмцгэр байлгах урилга дэвшүүлэн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг тогтоон ажиллаж байгаа. Бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь гарсан. Эхний цэвэрлэгээ маргааш /өнөөдөр/ эхэлнэ. Энэ удаагийн их цэвэрлэгээ энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Бидний төлөвлөж байгаагаар энэ жил нийтдээ таван удаа их цэвэрлэгээг зохион байгуулна.
-Хийхээр төлөвлөөд байгаа их цэвэрлэгээний хуваарийг тодруулаач?
-Ард иргэдийн оролцоотойгоор хотоо цэвэрлэх ажлыг энэ сарын 4-19-ний хооронд, зургадугаар сарын 28, аравдугаар сарын 18, арванхоёрдугаар сарын 13-нд дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Харин тавдугаар сарын 24-нд зуслан ногоон бүсийн чиглэлд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулна.
-Цэвэрлэгээг иргэдээс гадна ямар байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа вэ?
-Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн ЗДТГ, хороод, хог тэвээвэрлэгч байгууллагууд, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын оюутны холбоо, Монголын хог хаягдлын үндэсний холбоо, “Улаанбаатар такси” компани зэрэг байгууллагууд хамтран оролцоно. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх худалдаа үйлчилгээний газрууд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцох болно. Тиймээс их цэвэрлэгээний ажил маань нэлээд өргөн хүрээг хамрахаар төлөвлөөд байна.
-Хамтран ажиллах дээрх байгууллагууд ямар оролцоотой ажиллах вэ?
-Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан эдгээр байгууллагууд дор бүрнээ өөр өөрийн гэсэн оролцоотойгоор ажиллаж байгаа. Тухайлбал, МОХ нь манайхтай бүтэн жил хамтран ажиллах гэрээнд санам бичигт гарын үсэг зурсан. Уг ажлын хүрээнд хэд хэдэн томоохон ажлыг нийт 170 гаруй мянган оюутнуудтай хамт хийхээр төлөвлөөд байгаагийн нэг нь уг цэвэрлэгээ байгаа. Тиймээс бүх оюутан залуус маргааш /өнөөдөр/ болох бүх нийтийн цэвэрлэгээнд гар бие оролцох юм.
-Нийслэлд худалдаа үйлчилгээ явуулж байгаа газрууд цэвэрлэгээнд хэрхэн оролцох ёстой вэ?
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх газар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 61, 63 дугаар тогтоолын дагуу нийтийн эзэмшлийн зам, талбай болох тухайн байгууллагынхаа 50 метр орчмын угаалга цэвэрлэгээг хийнэ. Үүнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 300 гаруй байцаагч хяналт тавьж ажиллах юм. Улмаар цэвэрлэгээний эцсийн дүн мэдээг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулна.
-Цэвэрлэгээний үеэр тухайн аж ахуйн нэгж, иргэн цэвэрлэгээ хийж буй эсэхийг зөвхөн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар тавих юм уу?
-Энэ тал дээр бид нэгэн томоохон тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тодруулбал, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх юм. Тиймээс бүх нийтийн цэвэрлэгээний өдрүүдэд иргэдийн төлөөлөл байнгын хяналт тавьж, аль гудамж, талбай хогтой байгааг тогтооно. Тухайн хогтой хэсгийг хариуцдаг байгууллага, хувь хүнд тухайн хяналтын хэсгийн хүмүүс шаардлага тавих болно.
-Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй аж ахуйн нэгж, байгууллагад ямар хариуцлага тооцох вэ?
-Хог хаягдлын тухай хуульд ойр орчноо бохирдуулсан, ил задгай хог хаясан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор заасан байдаг. Тиймээс бид энэхүү хуулийг барин ажиллана.
-Иргэд, аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэсэн хогийг ачиж, тээвэрлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Их цэвэрлэгээгээр цэвэрлэсэн хогийг хог тээвэрлэх машинаар уртасгасан цагаар зөөвөрлөнө. Дашрамд хэлэхэд, их цэвэрлэгээний үеэр төрийн болон төрийн бус байгууллагуудыг бид аль болох цэвэрлэгээнд гаргах тал дээр ажилладаг. Тиймээс ихэнх нь гарч цэвэрлэгээнд оролцдог.
Гэтэл иргэд өөрийнхөө орон сууцны ойр орчим, гудамжныхаа хогийг цэвэрлэх тал дээр хойрго хандаад байдаг. Тиймээс бид бүгдийн гэр болсон Улаанбаатар хотыг өөр хүмүүс цэвэрлэх биш бид өөрсдөө гэр орноо цэвэрлэх хэрэгтэй гэж уриалмаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!