Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван хөөрхөн амьтны эх

Зууны мэдээ
2014 оны 4 сарын 1
Зууны мэдээ

-Инээдмийн өдөрт-

Өвгөн хөлөө арай ядан зөөж гэлдэрнэ. Толгойд нь элдэв бодол ээлжлэн эргэлдэнэ.

-“Сэтгэлийн дарамтаа сэгсэрч хаях л хамгийн хэцүү юм даа, үгүй, энэ машинуудыг галзуу юм шиг л давхих юм..” “Хачин юм шүү, жин хасагдах тусам л алхаж гишгэхэд хэцүү болох юм...”

“Өнгө өнгийн, элдэв маркийн яасан ч гоё машинууд вэ дээ!..”, “Би ер нь хэдэн килограмм татах бол. Тавь хүрэх болов уу,ээ, үгүй байх! Сайндаа л дөчин тав биз!..”

Тэгснээ ханиалгаж, “Намайг ийм байдалд тулна гэж хэн бодох вэ дээ... Хэдэн бутархай мөнгөтэй ч болоосой... Хоёр цагираг боов авах юмсан!.. Бас нэг аяга халуун цай...” гэж шүүрс алдан бодов.

Машин тэрэг галзуу юм шиг давхилдана.

Гялалзсан цэнхэр машин гараад ирлээ. Шүлэг зохиолд гардаг шиг үзэсгэлэнтэй бүсгүй жолоог нь мушгиж явна. Үс нь задран хийсчээ. Машин хурдаа жаахан саав. Бүсгүй өвгөнийг ширтээд байх шиг санагджээ.

Хацрынх нь арьс унжсан хорчгор өвгөн инээвхийлж, “Ингэж сээтэгнэх минь л дутаж гэнэ” гэж бодов.

Өнөө гялалзсан цэнхэр машин түрүүлж гараад зогслоо. Өвгөнийг зэрэгцээд ирэхээр бүсгүй цонхоор цухуйв. Өвгөн эндүүрсэнгүй, бүсгүй үнэхээр л өвгөнийг хараад байж гэнэ.

Цэнхэр машин урагшаа жаахан яваад дахин зогсов. Бүсгүй түүнээс нүд салгалгүй ширтсээр байлаа. Буруу таньж, хүнтэй андуурав уу. Эсвэл өрөвдсөн юм болов уу. Би аятайхан харагдсан юм болов уу гэж өвгөн өөрийгөө тохуурхан бодов. Цэнхэр тэрэг нэг хөдлөөд л, нэг зогсоод л байв. Өвгөн замын баруун талд гарлаа. Өнөөх үзэсгэлэнт бүсгүй нөгөө цонхоороо харав “Уг нь ч би залуудаа сайхан л гэгдэж явлаа” гэж өвгөн онгирох маягтай болов.

Өвгөн замын зүүн талд гарлаа. Цэнхэр тэрэг зэрэгцэж ирээд зогсов. Бүсгүй цонхоороо,

-Хаалга онгойлгоод орж суу! гэж хашгирав.

Өвгөн тэвдэж орхилоо. Гэвч бүсгүйн инээмсэглэхийг үзээд зориг орж машинд суув. Машин ч хөдөллөө. Бүсгүй үг дуугарсангүй. Өвгөн ч бас ам нээсэнгүй. Машин давхисаар нэг том байшинд хүрэв. Орох хаалга дээр тэднийг зарц бүсгүй тосож, өвгөнийг гайхан хяламхийв. Дараа нь тэд тохилог тавилгатай өрөөнд opлоо.

-Хувцсаа тайл! гэж бүсгүй өвгөнд тушаав.

-Хатагтай, би жаахан угаал үйлдмээр байна. 

-Хувцсаа тайл! гэж байна шүү!

Ингэж тэсэж ядан яарч байхыг бодоход энэ бүсгүй эрийн бараа хараагүй их л удсан бололтой. Өвгөн хир даг болсон уранхай цамцаа тайлав.

-Наад өмдөө тайл.

Одоо өвгөнд эргэлзэх юм огтхон ч үгүй боллоо. Өвгөн өлссөн, ядарснаа ч мартаж, үзэсгэлэнт бүсгүйн өргөн ташаа, сайхан цээжийг шуналтайяа ширтээд “Болохгүй нь юу байгаа юм бэ? Өөрийнх нь л дур биз. Сэтгэлд нь таарч, чухамхүү намайг л сонгож дээ!” гэж бодлоо.

“Ээ тэнгэр минь, нүдний булай л бүү болгоорой!” гэж дотроо залбираад өвгөн өмдөө тайлж хаячихаад бүсгүй уруу чиглэв.

-Наад дотуур өмдөө тайл! гэж бүсгүй тушаал буулгаад хонхны товчлуур дарсанд эзэгтэй шигээ ялдамхам гоо зарц бүсгүй орж ирлээ.

Өвгөн хулгасхийв. “Энэ ч арай дэндэж байна! Над шиг настай хүн хоёрын хоёрыг яаж дийлэх вэ дээ! гэж бодлоо.

Эзэгтэй зарцдаа хандаж,

-Хүүхдүүдийг дагуулж ир гэж хүмүүжүүлэгчид хэл гэлээ. Зарц гарав. Өвгөн чармай нүцгэн, бөмбөгнөтөл чичрэн зогсож байлаа. Даарсан ч юм уу, догдолсон ч юм уу. Нэг үзэсгэлэнт гоо бүсгүй сэтгэлээ хувиргасан эр нөхрөө чадах гэж гадаа тааралдсан хүнийг авчирсан юм гэсэн яриа дуулсан байжээ.

Тэгээд намайг ийм өшөө хонзонгийн зэвсэг болгох гэж байгаа юмаа даа" гэж бодов. Түүнд нь өвгөн тохирчээ.

Хүмүүжүүлэгч, зарц, гурван хүүхэд орж ирэв. Том нь арав орчим, бага нь зургаа орчим настай хоёр охин, нэг хүү байлаа. Гурван хөөрхөн амьтан ажээ.

“Энэ зарц, хүмүүжүүлэгч хоёр ч хамаа алга! харин хүүхдүүдийн өмнө...” гэж өвгөн бодлоо.

Өвгөний шилбэ нь саваа шиг, хоёр гар нь дээс шиг, хүзүү нь дэрс шиг, холоос хавиргыг нь тоолсон ч болмоор ажээ. Хүн биш хир буртаг болсон шар арьс нөмөргөсөн араг яс гэлтэй...

-Айсел өнөөдөр хоолоо идсэн үү? гэж эзэгтэй хүмүүжүүлэгчээс асуусанд,

-Их жаахан идсэн. Какао уугаагүй гэлээ.

-Гексель?

-Юу ч идээгүй.

-Алтан?

-Жаахан шоколад идсэн.

Үзэсгэлэнт бүсгүй хүүхдүүд уруугаа хараад хир буртагтаа баригдсан хорчгор өвгөнийг зааж,

-Энэ хүнийг харж байна уу? Турж эцээд бүр хэлхээтэй яс болсон байгаа биз. Хоол унд идэж уухгүй бол яг л ийм болно доо! гэв.

Гурван хөөрхөн хүүхэд ээжийнхээ ташаанд зүүгдэв. Шүлэг зохиолд гардаг шиг гоо бүсгүй:

-Шалавхан хувцаслаад бушуу далд ор! гэж хорчгор өвгөнд их л захирангуй тушаав.

Зураг