-Хувьчлагдсан үйлдвэрүүд сөнөсөн үү, сэхсэн үү-
Энэ удаагийн сурвалжлагаараа хонины арьс боловсруулдаг байсан Шевретийн үйлдвэрийг онцоллоо.
Хан-Уул дүүрэгт байрлах арьс ширний нэгдлийн хашааг зорив. Улаанбаатар хотын анхны цахилгаан станцын бууринаас баруун тийш холгүйхэн орших, өгөршиж элэгдсэн дөрвөн давхар шаргал байшин бол Шевретийн үйлдвэр.
Эл байшинд нэгэн үе залуусын дуу цангинаж, ажил буцалж байсан бол өдгөө нам жимхэн болжээ. Давхар бүрийг нь жижиг аж ахуйн нэгжүүд түрээслэж үйл ажиллагаа явуулдаг байна.
Түүнчлэн “Ваz Schооl” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дөрөвдүгээр давхарт нь байрлаад удаж буй аж. Харин биднийг очиход хөл хөдөлгөөн нам жим байсан юм. Оёдлын үйлдвэр, гар урлалын цех гээд өрөө бүр л эзэнтэй юм. Хятадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэр ч энд бууриа засан тухалжээ.
Том шир, Шеврет, шевро, савхин эдлэл, гутал гээд арьс ширний үйлдвэрийн нэгдэлд багтдаг 10 орчим үйлдвэрийн хаалга 1990 оны ардчиллын үед нэг мөсөн хаагдсан гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Тус үйлдвэрийг хувьчлалын үеэр Батж. Батбаярыг гутлын үйлдвэртэй хамт худалдаж авсныг зарим хүн хэлж байсан. Монголын хоёр ч том үйлдвэрийн хувь заяа Батж.Батбаярын гараар ороод дууссан бололтой.
Нэг нь нөгөөгөө түүхий эдээр хангадаг байсан үйлдвэрүүд зах зээлийн шуурганд өртөж нэг мөсөн дампуурсан. Манай улс арьс шир боловсруулах түүхий эдээ хуучны социалист системийн орнуудаас авдаг байсан бөгөөд зах зээлд шилжихэд ханган нийлүүлэлт зогсч, үйлдвэрүүд хаалгаа барьсан талаар тус үйлдвэрт ажиллаж явсан ахмадууд дурсч байлаа.
Харин хаяа дэрлэн баруун талд нь байрлах шэврогийн үйлдвэрийн ажил ид буцалж байсан юм. Бид дараагийн удаа тус үйлдвэрээс хийсэн сурвалжлагыг хүргэх болно.
ЧЕХҮҮДИЙН ӨГСӨН БЭЛЭГ ХИЙГЭЭД ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХ
1958 онд Чехословакийн тусламжаар Шевретийн үйлдвэрийг барьж байжээ. Гутал болон савхин эдлэлийн үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилгоор уг үйлдвэрийг байгуулсан бөгөөд 1960-аад онд туршилтаар ажиллуулж эхэлжээ.
Жилд 1300 мянган хонины арьс боловсруулах хүчин чадалтай, бүх дамжлагыг нарийн зураг төслийн дагуу хийсэн үйлдвэрийн суурийг тавьсан ажилчид хөнгөн үйлдвэрийн салбарын 80 жилийн ойгоор дурсч суусан.
Анх үйлдвэрийг байгуулахдаа нойтон боловсруулалт хийх цех, 760 тонн жинтэй ган хоолой суурилуулж, 800 гаруй тоног төхөөрөмжтэйгээр үйлдвэрийн ажлыг эхлүүлж байжээ.
Тэр үед 300 гаруй залууг сургаж ажилчнаар авч байсан тухай үйлдвэрийн түүхийн бичээст тэмдэглэсэн байх юм. Шеврет боловсруулахад чехүүдийн туршлага их тус болсон талаар тус үйлдвэрээс төрсөн хөдөлмөрийн баатар Х.Балжинням нэгэнтээ дурсан ярьжээ.
Ч.ПҮРЭВДОРЖ: БУРУУ ЗӨВӨӨ МЭДЭХГҮЙ ХУВЬЧИЛСНААС БОЛЖ БҮХ ҮЙЛДВЭР ЗОГССОН
Бид Шевретийн уйлдвэрийн анхны ажилчны нэг Ч.Пүрэвдоржтой уулзаж ярилцлаа.
-Таныг Шевретийн үйлдвэрийн анхны ажилчны нэг гэж сонссон. Нягтлан бодогч нь байсан гэл үү?
-Анх Аж үйлдвэрийн комбинатын захиргаанд данс хөтлөгчөөр ажилд орж байлаа. Ингээд ажиллаж байтал 1961 онд Шевретийн үйлдвэр ашиглалтад орсон юм. Тэр үед намайг нягтлан бодогчоор томилж явуулсан. Их л залуу байж дээ. 21 настайдаа энэ үйлдвэрт ажилд орж байлаа.
Тус үйлдвэрт нэг жил ажилласан. Туршилтын жил байсан болохоор олон тооны арьс боловсруулаагүй шиг санаж байна. Чехүүдийн туршлагыг нэвтрүүлэх гэж их ажил болдог байсан юм. Тухайн үед 30-аад хүнийг Чехословак руу явуулж сургасан. Олон залуу бужигналдаад л шөнөжин ажилладаг байлаа. Ажилчдын байр байдаггүй болохоор голдуу л ажил дээрээ хонодог байсан санагдана.
-Хүчин чадлын хувьд ямар үйлдвэр байсан бол?
-Эхний жилүүдэд туршилтаар ажилласан болохоор тийм ч их хэмжээний арьс боловсруулаагүй. 1962 оноос төлөвлөгөөгөө биелүүлж эхэлсэн. Жилд сая гаруй хонины арьс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байлаа. Анхны дарга нь Жадамбаа гэж хүн байсан юм. Энэ хүн нэг жил ажиллаад солигдсон.
-Боловсруулсан арьсаа гадагшаа экспортолдог байв уу. Эсвэл дотоодынхоо хэрэгцээг л хангаж байсан юм болов уу?
-Намайг нягтлан бодогч байхад гутлын үйлдвэрт л нийлүүлдэг байсан. Харин дараа нь үйлдвэр хөл дээрээ боссоны дараа социалист системийн орнууд руу бага хэмжээгээр нийлүүлсэн байх. Тэр талаар би нарийн хэлж мэдэхгүй байна.
Түүхий эд буюу хонины арьс боловсруулах химийн бодисоо БНАГУ, Чехословак зэрэг орноос авдаг байлаа. Улсын тэргүүний үйлдвэр болтлоо мандсан шүү дээ.
Харин зах зээл эхлэхэд савхин эдлэлийн үйлдвэртэй нэгтгээд Хүнийхүүг даргаар нь томилсон. Ингээд аажимдаа үйл ажиллагаа нь доголдсоор байгаад эцэстээ үйлдвэрлэл нь зогссон юм билээ. Зарим нэг хүнтэй уулзаж хууч хөөрч байхад Хүнийхүүг даргаар нь тавьснаас болоод үйлдвэр дампуурсан гэж хэлдэг юм. Гэхдээ тийм зүйлээс болоогүй байх. Ер нь бүх үйлдвэрийн түүхий эдийн ханган нийлүүлэлт зогссон учраас үйлдвэрлэл явуулах боломж олдоогүй биз.
-Таныг сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон. Хаана сургууль төгсч байв?
-Нягтлан бодогчийг мэргэжлийг дадлагаар л эзэмшиж байлаа. Хожим оройгоор дээд сургууль дүүргэж сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн. Гэхдээ нягтлан бодогчоор 50 жил ажиллалаа. Хүнд сурсан зүйл илүүддэгүй гэж үнэн юм билээ.
Дадлагаар сурсан мэргэжлээрээ л хоолоо залгуулсан даа. Аж үйлдвэрийн салбар гэдгийг жинхэнэ мандаж байхад ажиллаж байсан болохоор бахархдаг. Зарим нь ажил дээрээ нас барж байсан түүх ч бий. Гутлын үйлдвэрийн баатар Шарав гэж хүн ажил дээрээ өнгөрч байсныг би мартдаггүй юм. Учир нь би энэ хүний тухай дурсамжийг бичиж байлаа.
-Таныг Том ширний үйлдвэрт ажиллаж байсан гэсэн байх аа. Бүх зүйлийг нарийн төрөлжүүлсэн байжээ. Хонь, ямаа, үхэр, адуу гээд л тус тусад нь боловсруулах үйлдвэр байгуулаад манай улсын үйлдвэрийн салбар жинхэнэ хөгжиж байж дээ?
-Бүгдийнх нь боловсруулах технологи өөр болохоор тус тусад нь үйлдвэр байгуулсан хэрэг. Аж үйлдвэрийн комбинатын найман үйлдвэрийг аж ахуйн тооцоонд оруулна гэж 1960-аад оны үед шийдвэрлээд намайг том ширний үйлдвэрт хуваарилсан. Том ширний үйлдвэр бол 1934 онд байгуулсан анхны үйлдвэрүүдийн нэг. Энэ үйлдвэрт 1960 онд өргөтгөл хийж шинэчилж байсан. Бод богийн арьсыг технологийн дагуу нарийн боловсруулж гутал, савхины үйлдвэрт нийлүүлнэ.
Том ширний үйлдвэрт 200 гаруй бодын арьс л боловсруулдаг байлаа. Хүчин чадал нь л тийм байсан байх. Бид чинь заримдаа ажил дээрээ л хононо. Тэгж их ажиллачихаад ядардаггүй л байж.
-Ер нь таныг аж үйлдвэр комбинатад ажилладаг байхад дээд мэргэжлийн нягтлан бодогч гэж байсан уу?
-Хуруу дарам цөөн байсан даа. Голдуу л дадлагын нягтлан бодогч нар ажилладаг байлаа. Гэхдээ жил жилээр мэргэжил дээшлүүлэх курс суулгана. Тэгж л боловсон хүчнээ бэлтгэдэг байсан.
-Та зах зээлд шилжих үед аль үйлдвэрт нь ажиллаж байв?
-Тэр үед би хром, муптын үйлдвэрт ажиллаж байсан. Бүх үйлдвэр хувьчлагдсан ч дарга нь хэвээрээ л байлаа шүү дээ. Яг тэр хүн хувьчлаад авчихлаа гэсэн нарийн мэдээлэл сонсогдож байгаагүй. Дарга нь үлдэж яам 200 төгрөгөөр тэтгэдэг байсан. Би нэг зүйлийг сайн санадаг юм. Үйлдвэрүүдийг хувьчилж байхад Хром, муптын үйлдвэр дээр Э.Бат-Үүл ирээд ажилчидтай уулзалт хийсэн. Их ч залуу байж. Тэр “Хувьчилж аваад ажиллуулна гэж байхгүй та нар хараарай. Орост яг ийм үйл явдал болсон. Тэгээд үйлдвэрүүдийг дарга нар нь хаяад зугтсан” гэж хэлж байсан.
Гэтэл тухайн үед Арьс ширний нэгдлийн дарга байсан Цэрэнбалжид их уцаарлаж билээ. “Яагаад тийм зүйл болно” гэж гээд л. Дараа нь үнэхээр Э.Бат-Үүлийн хэлснээр аль ч үйлдвэр сайн ажиллаж чадаагүй. Үйл ажиллагаа нь доголдсоор байгаад л бүх үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон. Бид ч яахав дээ, зөв бурууг нь мэдэхгүй хувьчлал явуулаад л бүх үйлдвэрээ “нураасан” шүү дээ.
ШЕВРЕТИЙН ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГА СОНИНЫ ХУУДСЫГ ЧИМЖЭЭ
Тус үйлдвэрийн талаар 1975 оны нэгдүгээр сард “Хөдөлмөр” сонины “Үйлдвэрлэлийн тэргүүн туршлага” буланд “Шевретийн үйлдвэрийн амжилт юунд байна” нийтлэл гарч тус үйлдвэрийн амжилт бүтээлийн талаар бичжээ.
Тухайн үед үйлдвэрийн дарга Н.Авирмэд байсан бөгөөд таван жилийн төлөвлөгөөг хүн бүр биелүүлж бусад үйлдвэрүүдээс шалгарч байсныг магтжээ. Уг нийтлэлд “Шевретийн үйлдвэр 1969 онд ихээхэн алдагдалтай ажиллаж байсан. Харин хүн бүр хичээл зүтгэл гаргаж ажилласнаар 1975 он гэхэд дээд зэргийн Шеврет үйлдвэрлэлийг 2.6 хувиар нэмэгдүүлж бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилт тавьснаа үйлдвэрийн инженер Д.Ганболд хэллээ.
Эдүгээ тус үйлдвэрийн О.Нацагдорж, Ө.Доржпүрэв, Ц.Доржпалам ахлагчтай чанарын бригадынхан ажлынхаа төлөвлөгөөг 98-100 хувь биелүүлдэг. Хөдөлмөрийн өндөр бүтээмж, бүтээгдэхүүний сайн чанар хоёрыг хослуулж байгаа” гэх зэргээр тус үйлдвэрийн амжилтын талаар бичсэн нь нүдэнд содон туссан юм.
Нэгэн үеийн хамт олноороо таван жилийн төлөвлөгөөт уралдаанд манлайлж алдраа дуурсгаж явсан үйлдвэрийн түүхийг өгүүлэх сонины шарласан хуудас, будаг нь хуурч хэзээ мөдгүй нурж унах дөхсөн шар байшин хоёроос өөр Шевретийн үйлдвэрийг гэрчлэх зүйл үлдээгүй нь харамсалтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!